ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Баатарсүх: Эцэг, эхчүүдийн буруу дадал, хэвшлээс болж хүүхдийн ханиад хүндэрдэг

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-04

Улсын  хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан НЭМГ-ын Халдварт өвчний тандалт, урьдчилан сэргийлэх албаны дарга Б.Баатарсүхээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 1169 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. 

-ЭМЯ-аас мэдээлж буйгаар өндөр халууралт өгдөг энэ вирус  А хүрээний  вирусийн  дэгдэлттэй холбоотой гэж тайлбарлаж байгаа. Ер нь өнөөдрийн байдлаар манай улсад томуу, томуу төст өвчний ямар вирус ихээр дэгдэж байгаа вэ?  

-Энэ жилийн  томуугийн өвчлөлд хэд хэдэн төрлийн вирус дэгдсэн. Ялангуяа А хүрээний H3N2, B хүрээний зарим вирусүүд  томуу , томуу төст өвчнийг үүсгэж байна. Амьсгалын замын өвчлөл үүсгэж байгаа эдгээр вирусийн гол онцлог нь тухайн өвчтөн өндөр халуурах,  хордлогын  шинж өгөх, толгой өвдөх, цэртэй ханиалгах, үе мөч булчингаар нь янгинаж өвдөх гэх мэтчилэн ерөнхий шинж тэмдэг илэрдэг. Ийм  шинж тэмдгүүд илэрвэл нэн даруй харьяа дүүргийн эрүүл мэндийн төв, бусад эмнэлэгт хандан зөвлөгөө авах ёстой.  Нөгөө талаас эцэг,  эхчүүд  ч эмчилгээнд анхаарах ёстой юм. Дураараа эм, эмийн бэлдмэл хэрэглэхгүй байх, ялангуяа антибиотикоос татгалзах ёстой. Дур мэдэн эмчилснээр хугацаа алдаж, уушгины хатгалгаа, ларингит, амьсгалын дутагдал болж хүндрэх эрсдэлд хүргэдэг.  

-Уушгины хатгалгаагаар өвч­лөгсдийн тоо нэмэгд­жээ. Өнгөрсөн жил л гэхэд 400 гаруй хүн уушгины хат­гал­гаагаар нас барсан харам­салтай тоо байна. Олноор өвчилж, нас барж байгаа нь юутай хол­боотой вэ?

-Уушгины хатгалгаа гэдэг нь маш олон зүйлээс шалт­гаалж байгаа. Зөвхөн амьс­га­лын замын вирус, нян бактерийн гаралтай уушгины хат­гал­гаагаар хүндрэх, нас барах тохиолд­лууд бий. Нян бактераас гадна хүний өөрийнх нь дарх­лаа суларсан байж болно. Химийн бодис болон тухайн ор­чин­той холбоотой өвчлөх тохиол­дол ч бий. Манай улсын  хувьд хатгааны эмчилгээг эртнээс анхаарах нь хамгийн зүйтэй. Өөрөөр хэлбэл,  өвчнөө хүндрүүлсэн үед, тусламж авахгүй оройтсон үед хатгалгаа болох өндөр эрсдэлтэй байдаг. Өнөөгийн нөхцөлд  амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байгаа. 

-Улсын хэмжээнд урьд­чилан сэргийлэх арга хэм­жээг хэрхэн авч байна. Нө­гөө талаас эмнэлгийн ор­ны хүртээмжийг  хэрхэн нэмэг­дүүлсэн бол?

-Урьдчилан сэргийлэхийн тулд финигокийн вакциныг бага насны хүүхдүүдэд хийж бай­­гаа.  Мөн  хүндрэл үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх зорил­­гоор томуугийн вакциныг  жил бүр  хийж,  хам­раг­даж буй хүмүүсийн тоо ч нэмэгдэж бай­гаа.  Үүнээс гадна Дүүргийн эрүүл мэндийн төв, хүүхдийн кабинет уртасгасан ца­гаар ажил­лаж байна. Дүүр­гийн  нэгд­сэн эмнэлэг, Эрүүл мэн­дийн төвүүдэд орны хүрэл­цээг нэмж, хүүхдийн 1033 ор байс­ныг дахин 1001 ороор нэмэх төлөвлөгөөтэй бай­гаа. Төлөв­­лө­гөө­ний дагуу зохи­цуу­­лалт хийгдэж, өнөөд­рийн  байд­­лаар орны ачаалал хэвийн болсон

-2019 оны намар урьд­чилан сэргийлэх вакцинд нэлээн өргөн хүрээтэй хам­руул­сан. Өнгөрсөн удаад  вакцин хийлгэсэн болон  хийл­гээгүйн ялгаа, үр дүн хэр мэдрэгдэж байна вэ?

-2019 оны аравдугаар сард нийслэлийн хэмжээнд 109 орчим мянган хүн вакцин­жуулалтад хамрагдсан байдаг.  Үүнд эрсдэлт бүлгийн хүн  ихэвчлэн байгаа бөгөөд 0-5  насны хүүхдүүд, уушгины архаг өвчтэй хүмүүс,  эмнэлэг, цагдаагийн ажилчид гэх мэтчилэн хүмүүсийг хамрууллаа. Энэ жилийн хувьд манай оронд ч гэлтгүй,  дэлхий дахинд  ханиад  томуугийн дэгдэлт их байна. Мөн манай улсад арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт томуугийн B хүрээний вирус эргэлтэд орж өвчлөлийг даамжруулсан. 2020 оны нэгдүгээр сард А хүрээний вирус орж ирсэн гэх мэт олон  халдвар давхцаж, өмнөх жилийнхээс ихэслээ. Ихэссэн учраас төлөвлөгөө гаргаж, хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. 

-Олон хоног дарааллан өн­дөр халуурсан хүүхдэд ан­хан шатны ямар тусламж үзүү­лэх шаардлагатай вэ. Ханиад,  томуугаар өвчилсөн хүүх­дүүд огцом өндөр халуурч байгаа нь эцэг,  эх­чүү­дийн санааг зовоож байна?

-Хүүхэд олон хоног халуурах нь байж боломгүй асуудал шүү дээ. Хүүхэд халуураад, амьсгалын замын цочмог өвчин илэрвэл хамгийн түрүүнд эрүүл мэндийн байгууллагад хандах ёстой. Хэрвээ тусламж үйлчилгээ хол газар байгаа, эсвэл ямар нэгэн шалтгаантай бол эхний ээлжинд халуун бууруулах эмийг тухайн хүүхдийн насанд тааруулж өгөх, хүйтэн жин тавьж, шингэн зүйл уулгах шаардлагатай. Ер нь бол эрүүл мэндийн байгууллагаас анхны тусламжийг авах ёстой. Эцэг, эхчүүд анхаараарай гэдгийг  дахин хэлье.   

-Хэрхэн урьдчилан сэргий­лэх ёстой вэ?

-Жил бүр томуу, томуу төст өвчин  улирлын чанартай маш ихээр дэгддэг. Ялангуяа, арван­хоёр­дугаар болон нэгдүгээр сард уг өвчний хамгийн оргил үе таардаг бөгөөд бага насны хүүхдүүд илүү өртдөг.  Одоо­гоор нийт өвдсөн хүүх­дүү­дийн 80 гаруй хувь нь 0-9 нас­ныхан байгаа юм. Өвчилж буй гол шалтгаан нь бага насны хүүхдийн дархлаа муу байхаас гадна тухайн халдвараас сэргийлэхэд эцэг, эхчүүд нь зөв дадал, арга барилыг хэвшүүлээгүйтэй холбоотой. Тэгэхээр хамгийн эхэнд тухайн хүүхдийн  дархлааг сэргээж, тогтмол өндөр байлгах ёстой.  Хүүхдэд амин дэмээр баялаг хоол, ундаар таслахгүй байх ёстой. Ялангуяа аньс, чацарганы ханд, аарц гэх мэтчилэн шин­гэн зүйлийг  сайн  уулгах хэрэг­тэй юм. Мөн  хүүхдийн дарх­лааг  сайжруулахад чухал нө­лөөл­дөг зүйл нь тэднийг ун­туулж, амраах ёстой. Үүнээс гад­на эцэг эхчүүд нь гэрийнхээ орч­ны ариун цэвэр, дотоод  агаа­рыг сайтар анхаарах ёстой.  Хүүх­дийн  байгаа  орчин  эрүүл,  цэвэр байж  тэд эрүүл бай­на. Томчууд  ч эрүүл  байна. Өдөрт дор хаяж 2-3  удаа 10-15 минут цонхоо онгойлгож агаар сэлгэлт хийх хэрэгтэй.  Амьс­галын  замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үнд­сэн гол арга нь амны хаал­тыг тогтмол хэрэглэж хэв­ших байдаг. Эмнэлгийн энгийн амны хаалтыг 2-3 цаг хэрэг­лээд  солих шаардлагатай.  Нэг амны хаалттай удаан  явбал  халдвар дамжих өндөр магад­лалтай байдаг. Мөн халуун бүлээн,  савантай усаар гараа угаах  дадлыг хэвшүүлж, ариутгах нь  өөрсдийгөө болон  хүүхдээ аливаа халдварт өвчнөөс сэр­гийлэх нэг хүчин зүйл болдог.