ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сэтгэл үү, Сонгууль уу

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-04

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа шинэ коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотод сайн дураар очиж ажиллана хэмээн мэдэгдсэн нь оноо авах бус эсрэгээрээ олны шүүмжлэлд өртөж орхив. Өөрийнхөө амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан байж шийдсэн түүний шийдвэрийг сайхан сэтгэл гэхээс илүүтэй сонгуульд чиглэсэн улс төр гэж харах хүн олон байна. Арга ч үгүй юм.

Эх оронд нь жилд уушгины хатгалгаагаар зуун, зуун иргэн нас барж, түүнээс ч олон хүүхэд хорвоог орхиж байхад хилийн чанадад 200 хүн нас барлаа хэмээн санаа зовниж, эрүүл мэндээ хүртэл хоёрдугаарт тавьсан шийдвэрийг нь хэн ч сайхан сэтгэл гэж ойлгохгүй нь мэдээж билээ.

Өрхийн эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, нялх үрс шалаар хөглөрч байхад энэ сайхан сэтгэлээ гаргаж нэг өдөр өрхийн эмнэлэгт ажиллаагүй атлаа дэлхий дахины эрүүл мэндэд санаа чилээх нь нэг л үнэмшилгүй. “Оточ Маарамба”-аас эхлээд Харвардыг дамжсан таны мэдлэг боловсролыг хэн ч голохгүй мэдээж. Гэвч таны энэ их мэдлэг, ур чадвар, сайхан сэтгэл эхний ээлжинд эх оронд чинь хэрэгтэй болохоос биш, хөгжлөөрөө тэргүүлдэг их гүрэнд биш гэдгийг юу эс андах билээ. Мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсролын хувьд хаана, хэнд ч гологдохгүй гэдэгт эргэлзэх зүйл үгүй. Гэвч таныг эмч гэхээс илүү төрийн түшээ, салбарын дэд сайд байсан гэдгээр монголчууд мэднэ.

Түүнээс ч илүүтэй сүүлийн үед дуулиан тариад буй “Хаппи веритас” оношлогооны төвийн Ерөнхий захирал гэдгээр бүр ч андахгүй болов уу. Сүрьеэгийн халдвар илэрсэн хэмээн одоогийн Эрүүл мэндийн сайдыг огцруулахаар төв талбайд хоёр өдөр жагсаж байсан цаг саяхан учраас таны сайхан сэтгэлийг улс төр гэж хараад байгаа ч юм бил үү, хэн мэдлээ.

Элэгний В, С вирусийн шинжилгээг буруу гаргасан гэгдээд буй “Хаппи веритас” лабораторио ашиглан ЭМДС-гаас 758 сая төгрөг завшсан гэх асуудал ч намжиж амжаагүй байгаа. Энэ цаг үед их гүрний эрүүл мэндийн салбарт санаа зовнисон таны сэтгэлийг улс төрийн пиар хэмээн хардаж буйг буруу гэх аргагүй ажээ. “Гэрээ засаад төрөө зас” гэдэг үг бий. Нэгэнт онооны төлөөх эрэлд гарсан бол эхлээд элэг нэгтнүүдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавих нь илүү зөв ч юм бил үү, дэд сайд аа.