ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Бадрал: Нөхцөл байдал ярвигтай болж эхэллээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-06

Улсын  онцгой комисс өчигдөр хуралдаж яаралтай авах арга хэмжээний талаар хэлэлцжээ. Энэ талаар ОБЕГ-ын дарга Т.Бадралаас тодрууллаа.

-Энэ удаагийн Онцгой комиссын хуралдаанаар  ямар ямар асуудлыг хэлэлцсэн бэ? 
-Ер нь нөхцөл байдал нэлээд ярвигтай болж эхэллээ. Учир нь шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо БНХАУ-д хоногт мянга мянгаар  өсч, нас барж буй хүний тоо 60 гаруйгаар нэмэгдэж байна.  Үүнээс гадна БНХАУ-ын Хубэй мужид шувууны томуу буюу H5N1 гэсэн өвчин илэрсэн. Үүнтэй холбоотойгоор давхар шийдэх асуудал гарч ирлээ. БНХАУ-тай хил залгаа улсуудад шинэ коронавирусийн халдвар илэрсэн учраас Монгол Улс урьдчилан сэргийлэх шинэ төлөвлөгөө гаргах зайшгүй шаардлага бий болсон талаар Улсын онцгой комиссын хурал­даанаар ярилаа. Үүн­тэй холбоотойгоор тахиа­ны мах, тахианы махан бүтээг­дэхүүний импортыг хориглох шийдвэр гаргасан. Мөн зарим бараа бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох ажлыг албан ёсоор салбар, салбарын төлөөлөлтэй гаргах гэж байна. Мөн коронавирустэй холбоотойгоор салбар дундын шинэ төлөвлөгөө батлахаар хэлэлцлээ. Төлөвлөгөөнд орох саналаа нэгтгээд маргааш /өнөөдөр/ өглөө Улсын Онцгой комисс дахин хуралдаж энэ асуудлыг хэлэлцэх юм. Улмаар  Засгийн газарт шаардлагатай хөрөнгө мөнгөтэй нь танилцуулахаар өргөн барина.

-Бусад орнуудаас эх орондоо ирэх хүсэлтэй олон  иргэн байгаа. Энэ  талаар  ямар шийдвэрт  хүрсэн бол?
-Одоогоор ихэнх боомтыг хаасан. Гаднаас ирэх хүсэлтэй иргэд нэмэгдэж байна. Тиймээс боомтуудад Онцгой комиссын ажлын хэсэг ажиллуулах хэрэгтэй байгаа юм. Хорио цээрийн дэглэм улсын хэмжээнд явж буй. Гэхдээ бид хилээр орж ирж байгаа иргэдийг хилийн боомтод тусгаарлах шаардлага байна. Одоо бид хилээр орж ирж байгаа хүмүүст үзлэг шинжилгээ хийгээд авчирч тусгаарлах  ажилд  анхаарал хандуулж байгаа юм. Энэ асуудлыг цаашдаа тэнд нь тусгаарлах асуудлаа шийдээд дараа нь энд авчрах хэрэгтэй гэсэн нарийвчилсан асуудлыг ярьсан. 

-Нөхцөл  байдал нэлээд  ярвигтай болж эхлэх талаар  та хэллээ. Хүндэрсэн то­хиол­долд эмнэлгүүдийг хэр­хэн зохион байгуулах вэ? 
-Бас нэг хүндрэлтэй асуудал нь эмнэлэг бүр өөрсдийн өвчтөнүүдийг хүлээж авахаар байна. Гэтэл дэлхий нийтийн жишгээр бол тусгаарлах нэг эмнэлгийг бие даасан байдлаар гаргах нь зүйтэй. Үгүй бол эмнэлэг бүрт  хөрөнгө мөнгө болоод халдвар хамгааллын асуудал үүснэ. Тиймээс аль эмнэлгийг шинэ коронавирустэй холбоо­той­гоор тусгаарлах талаар шийдвэрийг Эрүүл мэндийн яам өнөөдөр /өчигдөр/ гаргана. Энэ шийвэр гарсны дараа өвчилсөн болон сэжигтэй хүмүүсийг хүлээж авах нэг цэгтэй болно гэж ойлгож болно.

-Ихэнх хилийн боом­туу­дыг  хаасан.  Хил хаах нэрийдлээр бараа бүтээг­дэхүүний үнэ нэмэг­дэх хандлагатай  байна. Ялан­гуяа хүнсний бүтээгдэхүүн, эм,  эмнэлгийн  хэрэгслийн  үнэ өртөг уг  өвчлөл гарс­наас хойш эрс нэмэгдлээ? 
-Хуралдаанаар хүнсний хангамж болон үнийн асуудал яригдсан. Үнийн тухайд өсөж байгаа эсэхэд хяналт тавьж,  тогтоох байгууллагын төлөвлөгөөнд зайлшгүй тус­галаа. Мөн улсын нөөцөд байгаа эм, эмнэлгийн хэрэгс­лийг хэрхэн хуваарилах асууд­лыг ч бид ярилаа.Үдээс хойш Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнд  байдаг байгууллагын төлөөл­лүүд тооцоо судалгаагаа гаргаад Сангийн яаманд танилцуулна. Сангийн яам нэмэлт хөрөнгө мөнгийг өөрийн төсөвт багтаан нэгтгэж, тушаал шийдвэрээ гаргана. Сая бид урьдчилсан байдлаар хэлэлцэж тохироод маргааш өглөө Улсын онцгой комиссын хурлаар оруулахаар боллоо. Улмаар Засгийн газар хуралдаж, батлах юм. 

-Дархан-Уул аймагт  сэжиг­тэй тохиолдол бүрт­гэгд­сэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээл­сэн.  Хариу нь  гарсан уу? 
-Эрүүл мэндийн сайдын өгсөн мэдээллээр Дарханд нэг иргэнийг тугаарласан байгаа бөгөөд коронавирус илэрсэн гэж батлагдаагүй. Манай хилийн боомтуудад гарах ажлын хэсэг хил хамгаалах, Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллага болон Онцгой байдлын газар гэх мэт долоон хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тэнд зөв ажиллаж байгаа эсэхийг шалгахаас гадна ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөр аюулгүй байдлыг газар дээр нь шийднэ.