Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Архигүй орчин” аяныг хэрэгжүүлж эхэлжээ. ИТХ-ын даргын захирамжаар дүүргийн хууль , хяналт, боловсрол, эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа аж. Энэ талаар Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Цэрэнгээс тодрууллаа.
-Хан-Уул дүүрэг нийслэлийн бусад дүүргийг бодвол харьцангуй тайван гэдэг. Гэмт хэргийн гаралт, архидан согтууралт дүүргийн хэмжээнд ямархуу байгаа вэ?
-Манай дүүрэгт гэмт хэргийн гаралт мэдээж бусад дүүрэгтэй харьцуулахад их, бага, янз бүр байгаа. Ихэвчлэн архидалттай холбоотой гэмт хэрэг хаа сайгүй бий. Хан-Уул дүүргийн хэмжээнд 2019 онд л гэхэд архидалттай холбоотой гэмт хэрэг 113 удаа гарч, зохих журмын дагуу шийдвэрлэсэн. Мөн архидан согтуурсан гэсэн 13225 дуудлагын дагуу 8262 хүн эрүүлжүүлэгдсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан 2116 иргэн байгаа. Харамсалтай нь архинаас үүдэлтэй золгүй байдлаар болон амиа хорлож нас барсан бүртгэл жилээс жилд нэмэгдсэн гэсэн албан ёсны статистик тоо баримт гарлаа. Эдгээрээс үзэхэд гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь архины хамаарлаас болчихоод байгаа юм. Гэр бүлийн хүчирхийллийн 90 хувь нь согтуурсан үедээ үйлддэг гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгсөн.
-Архинаас шалтгаалсан гэмт хэргийн гаралт эзэлж байгаа талаар хэллээ. Архидалтыг багасгах чиглэлээр дүүргийн хэмжээнд ямар арга хэмжээ авч байгаа вэ. Цаашид дүүргийнхээ иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулахад ямар үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?
-“Архигүй орчин” аянаа илүү төгс хэрэгжүүлмээр байна. Үүнээс гадна ногоон байгууламж, тоглоомын талбай, сурах нөхцлүүдийг сайжруулбал иргэд Хан-Уул дүүрэгт ирж суурьших сонирхол нь нэмэгдэх байх. Аюулгүй тайван орчныг бий болгоход хувь хүмүүсийн замбараагүй архидалтыг багасгах ёстой. Ингэж байж тайван орчин бүрдэнэ. Эцэг, эхчүүд хүүхдээ өөрсдөө сургуульд нь зөөгөөд байгаа нь ч үүнтэй холбоотой шүү дээ. Хэрвээ архидалттай тэмцвэл гэмт хэргийн гаралт ч буурна. Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилт дэвшүүлээд байна. “Эко дүүрэг” гэдэг нь зөв зохион байгуулалт гэсэн үг. Иргэдийн амьдрах орчныг амар тайван, бухимдалгүй болгох учиртай. Нэгдүгээрт, дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн. Дүүргийн зохион байгуулалт, хотын хөгжлийн бодлогын хувьд бусад дүүргээс ялгарахуйц хэмжээнд байдаг. Өөрөөр хэлбэл, Яармаг, Шинэ нисэх орчимд төлөвлөлтүүд маш ихээр хийгдэж байна. Шинээр ашиглалтад орж буй орон сууцнууд нь цэцэрлэг, тоглоомын талбай, хүүхдийн аюулгүй байдлыг хангасан орчин нөхцлийг бий болгож байгаа. Манай бусад хорооллууд ч хүүхдийн тоглоомын талбайд анхаарал хандуулдаг боллоо. Үүнд онцлоод хэлэхэд жижиг цэцэрлэгт хүрээлэнгийн тоог гурваар нэмлээ. Ногоон байгууламж, зөв зохион байгуулалт, төлөвлөлтийг улам сайжруулж, цаашид төрийн үйлчилгээг шуурхай, бухимдалгүй хүргэхэд цахим орчныг нэлээн ашиглаж байна. Цаашдаа Хотын захиргаатай хамтран олон ажлыг зохион байгуулна. 2020 онд “Эко дүүрэг”, “Архигүй орчин”-ыг бий болгоё гэсэн хөтөлбөр гарган, эрчимтэй ажиллах юм.
-Одоохондоо цэцэрлэг, сургуулийг түр хаасан учраас түгжрэл бага байна. Хүүхэд, багачууд хичээллэх үеэр Хан-Уул дүүрэг их түгжрэлтэй байдаг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ?
-Миний харж байгаагаар сургууль, цэцэрлэгийг түр хаачихсан байхад замын түгжрэл эрс багассан. Сургууль, цэцэрлэг рүү хүүхэд зөөдөг их урсгал, оюутан залуус хичээлдээ явахдаа машинтай явдгаас шалтгаалж зам ачааллаж байгаа. Тэгэхээр нийтийн тээврийг маш сайн хөгжүүлэх ёстой. Цаашлаад сургуулиудын чанарыг сайжруулах замаар тойргийнх нь сургуульд хүүхдээ өгдөг болгох хэрэгтэй. Манай эцэг, эхчүүд нэг захаас нөгөө зах руу хүүхдээ зөөгөөд байхаар түгжрэл ихэссээр байна. Яармагийн зам дагуу “Шинэ Монгол Харүмафүжи”, “Сакура” гэх мэтчилэн томоохон сургууль үйл ажиллагаа явуулж байна. Хүүхдээ зөөх нүүдэл их байгаа учраас түгжрэлийн нэг шалтгаан. Мэдээж нэг өдрийн дотор өргөс авсан мэт түгжрэлгүй болчихгүй. Бодлогоор зохицуулалт хийх шаардлагатай.
-Яармагийн зам дагуу байрлаж буй сургуулиудад дүүргийн зүгээс ямар нэгэн шаардлага тавьдаг уу?
-Дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн сургуулиуд сурагчдаа автобусаар зөөх зохион байгуулалт хийж байгаа боловч эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдээ зөөх сонирхолтой байдаг. Заавал өөрөө хүүхдээ хүргэж байж санаа амардаг монголчуудын сэтгэхүй нөлөөлж байх шиг. Сургуулийн автобусанд хүүхдээ суулгаад явуулна гэдэг нь иргэдийн бодолд бууж өгөхгүй байна шүү дээ. “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн захиргаа дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтраад, эцэг эхчүүд нь хүргэж өгч байгаа бол багш нар нь тосож аваад шууд явуулах арга хэрэгжүүлж байгаа. Иймэрхүү зохион байгуулалтыг сургуулиуд хийх хэрэгтэй. Тухайлбал, 1000 хүүхдийн талыг нь 500 машин зөөхөд л өглөө, өдөр, оройн урсгал ямар байх вэ. Бусад оронд бага насны хүүхдийг хувийн автомашинаар зөөхийг хориглодог. Бид дэлхийн нийтийн туршлагыг одооноос хэвшүүлэх хэрэгтэй байна.
-Яармагийн зам дагуу зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохиог өнгөрсөн намар байрлуулсан. Ингэснээр ямар өөрчлөлтүүд гарав?
-Яармагийн зам цөөнгүй гэрлэн дохиотой. Улаан гэрэл асчихсан үед явган хүн зам хөдлөн гараагүй байсан ч тухайн автомашин зогсох үүрэгтэй. Харин тэрний оронд явган зорчигч өөрөө хүрч ирээд кнопоо дарвал гэрлэн дохио автоматаар асаж автомашинаа зогсоодог. Ялангуяа орой хөл, хөдөлгөөн сийрэг болсон үед гэрлэн дохио цагийн механизмаар ажиллаад байхгүй байнгын ногоон гэрэлтэй байвал хэн хэндээ хэрэгтэй. Хүмүүс ч хэвшиж байгаа. Зарим иргэд тоглоомоор дарах нь ч бий.
-Хороолол, хотхоноос гадна зам барих ажил ихээхэн хийгддэг дүүргийн нэг шүү дээ?
-Хотын захиргаа болон Засгийн газартай хамтраад замын маршрутыг нэмж өгөх шаардлагатай гэж харж байна. Шинэ нисэх онгоцны буудал ажиллаж эхэлвэл тавдугаар сарын 1-ний өдрөөс хурдны замын ачаалал ихэснэ. Өнгөрсөн жил манай дүүрэгт Сонсголонгийн гүүр дөрвөн эгнээтэй болж, Яармагийн гүүр давхар замтай болсон. Мөн Замын цагдаагийн гүүр давхар гүүртэй болсон гэх мэтчилэн хот руу орох ачааллууд харьцангуй багаслаа. Үүнээс гадна Яармагт дахин “ТЭЦ-4” рүү ордог салбар зам гаргавал замын ачаалал, түгжрэл дахин багасна гэж харж байгаа. Гэхдээ иргэд хаашаа ч явсан хувийн автомашинаараа их зорчих юм. Уг нь төрийн үйлчилгээний дийлэнхи нь цахим хэлбэрт шилжчихсэн байхад, заавал өөрийн биеэр очиж авдаг. Өөрт төвөг болохгүй гэрээсээ төрийн үйлчилгээг аваад байж болно шүү дээ.