Юун түрүүнд тэтгэвэр гэж юу вэ гэдэг асуултаар эхэлье. Тэтгэвэр гэдэг нь даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлдэг. Манайд ашиглаж буй энэхүү тэтгэврийн системийг XIX зуунд Германд анх Бисмарк нэвтрүүлж байжээ. Түүнээс хойш Герман улс системдээ гурван удаа шинэчлэл хийсэн аж. Харин манайх яг хэвээр нь хадгалж буй. Нийгмийн даатгалын санд ажилтан цалингийнхаа 11.5 хувийг, ажил олгогч 12.5 хувийг тус тус төлнө. Гэвч хураасан шимтгэл нь одоогийн хүмүүсийнх нь тэтгэвэрт хүрэхгүйн улмаас улсаас татаас авсаар л байна. Ингэж л тэтгэврийн орлого бүрдэж байгаа. Мөн бусад улс оронд тэтгэврийн зээл гэж байдаггүй. Тэтгэвэр нь тухайн хүний ахмад насандаа хэрэглэх хуримтлал юм. Гэтэл тэтгэврээ барьцаалж зээл авч, хуримтлал биш эсрэгээрээ хүү төлж зарлага болгоод байгаад л асуудлыг учиг байна. Тэтгэврийн зээл тэглэх асуудлыг ч зөв хийх нь чухал.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ордын орлогын төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа хариуцан төлөх болсон. Уг хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасантай нийцэж байгааг тодотгожээ. Энэ нь байгалийн баялгийг жигд ард түмэнд тэгш хүртээж байгаа нэг хэлбэр билээ. Нийгмийн даатгалын сангаас 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийтдээ 422.9 мянган иргэн тэтгэвэр авч байгаа бөгөөд нийт тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 228.6 мянган тэтгэвэр авагч 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээг хангаж чадахгүйд хүрээд байгаа юм. Тиймээс тэтгэвэр авагчдыг тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Засгийн газар 2016 оноос эхлэн зээлийн хүүг бууруулах шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж, нэг жил хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 2017, 2018 онуудад тус бүр гурван хувиар, 2019 онд хоёр хувиар бууруулж 10 хувьд, нэг жилээс дээш хугацаатай зээлийн хүүг 2.4 хувиар бууруулж 15.6 хувьд хүргэв.
Түүнчлэн сарын тэтгэврийн 70 хувийг зээл хэлбэрээр олгож, үлдэх 30 хувьд ногдох тэтгэврийг сар бүр иргэдийн гарт очиж байхаар шийдвэрлэж ирсэн. Ерөөс ахмадуудыг тэтгэврээ барьцаалж зээл авах биш, тэтгэврээ бүрэн дүнгээр нь гар дээрээ авдаг байхыг чухалчлах нь зөв гэдгийг мэргэжлийн эдийн засагчид онцолсоор байгаа. Тэтгэврийн шинэчлэл хийсэн улсуудын туршлагыг харахад ч олон үйл явдал болсон байдаг. Тогтолцооны мөн чанар талаас нь авч үзвэл хоёр өөр. Нэг нь эв санааны нэгдлийн зарчим буюу хуваарилалтын тогтолцоо буюу Монголын тогтолцоо. Нөгөө нь хуримтлалын тогтолцоо буюу зах зээлийн зарчим бөгөөд хүмүүсийн төлсөн шимтгэл зах зээлд эргэлдүүлж өсгөөд, тэтгэвэр болж очих зарчмын хоёр өөр тогтолцоо бий. Монгол Улс эхнээсээ хуваарилалтын тогтолцоотой явж ирлээ. Өнөөдөр төлсөн шимтгэл төлөгчдийн мөнгө, одоогийн тэтгэвэр авч байгаа хүмүүст очно. Дутууг нь төрөөс нөхдөг. Түүнээс биш манай нэрийн дансны тогтолцоо хийсвэр хэвээр байна шүү дээ.
Тухайлбал, Сарангийн төлсөн мөнгө Сарангийн дансанд байхгүй. Ийм тэтгэврийн тогтолцоотой 120-130 гаруй улс байдаг. Мөн гадаад улс орнуудын нэг сайн жишээ гэвэл, Хувийн тэтгэврийн тогтолцоог хэрэгжvvлдэг томоохон институци нь хувийн тэтгэврийн сангууд. Хувийн тэтгэврийн сан нь хувь хvмvvс болон тэдгээрийн ажил олгогчоос оруулсан шимтгэл хураамжаас бvрдэх бөгөөд хувийн тэтгэврийн тогтолцоог санхvvжvvлэх, иргэдэд ирээдvйн тэтгэврийн хангалттай орлого бий болгох зорилготой сан юм. Энэ сангууд нь олон улсад тусгайлан бие даасан хуулийн этгээд /сан, корпораци/ хэлбэртэй, эсхvл хуулийн этгээдийн эрхгvй хэлбэрээр байгуулагддаг. Сангийн vйл ажиллагааг төрөөс нь төрөл бvрээр, ялангуяа татварын бодлогоор дэмждэг байна. Цаашдаа ахмадууд аль болох тэтгэврийг зээл авах хэрэгсэл биш, хуримтлалын хэрэгсэл гэж хардаг болох нь чухал. Мөн тэтгэврийн зээлийг ингээд зогсоох нь зөв юм. Ахмадууд сүү, эм тангаа ч авах мөнгөгүй болтлоо зээлийн дарамтад орсон нь их байсан. Монгол Улсын минь иргэд зээлж биш, хуримтлуулж, хуримтлуулсан мөнгөөрөө ирээдүйд амьдардаг болох чухал байна. Энэ нь бидний санхүүгийн оновчтой шийдвэрээс шалтгаалах учир эдийн засгийн мэдлэгээ үргэлж нэмэгдүүлж байгаарай. Цаашдаа зээлж биш хуримтлуулж амьдрая.
Д.Баттуул