Өчигдөр өглөө Төмөр замын төв вокзалын баруун талд байрлах “Мянган машины зогсоол”-ыг албадан буулгах ажиллагаа боллоо. Ажиллагаанд Төмөр замын хамгаалалтын газар, БГД-ийн Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Газрын алба, БГД-ийн Газрын албад оролцжээ.
Энэхүү талбайг 2007 оноос “Даяар хас” ХХК түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшиж, худалдаа эрхлэгчдийг нэгтгэн, автомашин худалдаалах үйл ажиллагаа эрхэлж байв. Тэд шинэ оны өмнөхөн тус автомашины захтай холбоотой шүүхээс гаргасан шийдвэрийг эрх баригчид уландаа гишгэж, хууль зөрчиж байна хэмээн мэдээлж байсан.
Харин үүнийг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг үгүйсгэж “Энэ газар бол манай эзэмшлийн газар. Шүүхийн шийдвэрүүд ч бидний талд гарсан. Тус газар дээр Улаанбаатар хотын шинэ зорчигч үйлчилгээний төв барихаар төлөвлөгдсөн. Хөрөнгө мөнгөний боломжгүйгээс газрыг “Даяар хас” компанид түрээслүүлж байсан” хэмээн мэдээлж байсан юм.
Талбайд олон тооны ачигч машин ирж байрласан ч худалдаа эрхлэгчид савтай бензин, холбогч, чирэгч барин гүйлдэж, хөлдөж баяжсан машинуудаа асаах оролдлого хийж байлаа. Зогсоолын төмөр хашааг тасдан буулгаж байв.
Нэрээ хэлэхийг үл хүссэн худалдаачид “Бидний зүгээс талбайг чөлөөлөхгүй гэж эсэргүүцээгүй. Гагцхүү өнгөрсөн намар энэ талбайг өөрсдийн хөрөнгөөр цементлэж, багагүй хөрөнгө зарсан.
Энэ зардлаа олж авах хүсэлтэй байна. Энд нийт 750 гаруй машин зогсдог. 300-аад түрээслэгч бий. Нэг хүн нэлээд их хэмжээний хөрөнгө зарцуулсан” гэж байв. Ажиллагааны үеэр Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуунаас тодруулахад “1945, 1969 оны гэрээгээр Газрын бүрэн эрх Төмөр замын мэдэлд байдаг.
“Даяар хас” компани зөвшөөрөлгүйгээр энэ газарт худалдаа эрхэлж, иргэдээс зогсоолын мөнгө авч байсан. Төмөр замтай гэрээ хийсэн эсэх нь тодорхойгүй. Олон улсын гэрээний үндсэн дээр 2017 онд Нийслэлийн засаг даргын захирамж гарч, Төмөр замд албан ёсны газар ашиглах эрхийг нь олгосон.
Үүнийг биелүүлэх үүрэг даалгавар Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн газрын алба болон холбогдох бусад газруудад өгөгдсөн. Энэ хүрээнд газар чөлөөлөх үйл ажиллагаа болж байна.
Газар эзэмших ашиглах эрх нь өөр газарт байхад тухайн газарт өөр хүн үйл үйл ажиллагаа эрхэлж байгаа нь өөрөө хууль бус. Удаа дараалан албан мэдэгдэл, шаардлага өгч байсан боловч биелүүлээгүй” гэлээ.
Ямартай ч төр төмөр нударгаа харуулж газрыг чөлөөллөө. Худалдаа эрхлэгчдэд 22-ын товчоон дахь авто худалдааны төвд очих сонголт өгч байна. Зориулалтын бус газарт, шаардлага хангаагүй орчинд энэ мэт үйлчилгээ эрхлэгчдийг албадан буулгах нь төрийн үүрэг.
Цаашид “Да Хүрээ”, “Цайз”, “100 айл” гэх мэт зах замбараа нь олдохгүй, түгжрэл бухимдал үүсгэгч захуудыг ч хотын зах руу албадан нүүлгэж, хотын өнгө төрх, иргэдийн ая тухтай цэвэр орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх нь зохистой. Гагцхүү хуульт ёс, иргэний эрх үл зөрчигдсөн байгаасай.