“Шивээ-Овоо” ХК-ийн Бизнес хөгжил, Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Д.Алтансүхтэй ярилцлаа.
-2017 онд “Шивээ-Овоо” ХК-ийн хамт олон амжилт бүтээл дүүрэн ажилласан гэсэн. Ажлынхаа үр дүнгийн талаар ярьвал?
Шивээ-Овоогийн уурхай нь Монголын инженер геологичид гадныхны оролцоогүйгээр нээсэн орд газар байгаа юм. Говьсүмбэр аймгийнхаа зүүн урд хэсэгт байрладаг. Манай уурхайд 1998-2000 оны үед хөрөнгө оруулалт, шинэчлэл хийгдэж, жилдээ хоёр сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай болсон. Анх 1990 онд жилдээ 500 мянган тонн нүүрсээр ТЭЦ дөрөвдүгээр цахилгаан станцыг хангахаар нээгдсэн уурхай. 2017 онд манай хамт олон амжилт бүтээлээр дүүрэн ажилласан. Үйлдвэрлэлийн зориулалттай олборлолтоороо рекорд амжилт тогтоож, хоёр сая 70 мянган тонн нүүрс олборлосон. Борлуулсан нүүрсний хэмжээ маань хоёр сая 20 мянган тоннд хүрсэн. Тиймдээ ч Улаанбаатар хотын дулааны дөрөвдүгээр цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанийн нүүрсний 50.9 хувийг 2017 онд нийлүүлсэн. Дөрөвдүгээр цахилгаан станц Монгол Улсын эрчим хучний 70 хувийг дангаараа үйлдвэрлэдэг шүү дээ. Ингээд бодохоор бид эрчим хүчнийхээ салбарын найдвартай үйл ажиллагааг тасралтгүй хангахад өөрийнхөө хувь нэмрийг оруулан хамтран ажилласан гэсэн үг. Энэ бол манай 550 гаруй ажилтан, албан хаагчийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд бий болсон амжилт. Бид хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллаж байгаа.
-Уурхайн удирдлага өнгөрсөн жил шинэчлэгдсэн байх. Шинэ удирдлагууд ажлаа аваад үр дүнтэй ажиллаж байгаа юм байна?
-Манай уурхайн удирдлага 2017 оны тавдугаар сараас шинэчлэгдэж, ажлаа авсан. Бид бүх техникийн 40-өөд хувь нь ашиглалтын хугацаа дууссан, 16-19 жил ажилласан техниктэй, техник ашиглалтын 50 хувийн коэффициенттэй ажилладаг уурхай хүлээж авсан. Дээрээс нь нийтдээ 118 тэрбумын урт болон богино хугацааны өр төлбөр хуримтлагдсан. 2017 оны хувьд хөрөнгө оруулалтын нэг ч төгрөг төлөвлөгдөөгүй уурхай байлаа. Харин бид ажлаа аваад богино хугацаанд 8.6 тэрбумын богино хугацааны зээлийг дарсан. Цаашлаад техникийн шинэчлэл, ажилчдынхаа нийгмийн болон үйлдвэрлэлийн дэд бүтцийн асуудлыг шийдэх, ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд орон сууцны нэг байрны дотоод бохир усны шугамыг тэр чигээр засварласан. Мөн байгалийн онцгой үзэгдлийн улмаас фасад нь гэмтсэн 13-р байрны гадна фасадны ажлыг шинэчилсэн. Спорт заалны, урлаг заалны засварыг хийсэн байгаа.
-Урлаг, спортын заал нь танай компанийнх уу?
-Тийм, манай компанийн ажилчдын чөлөөт цагаа өнгөрүүлдэг заал юм. Дээрээс нь өнгөрсөн жил ажилчдын зөөврийн автобус актлагдаад, Шивээговь сум уурхай хоёрын хооронд хориод километр шороон замаар явахад бол маш хүндрэлтэй болсон. Шороо тоос ихтэй, халуун, хүйтэнд явахад хүндрэлтэй байсан. Тиймээс хоёр автобус өөрийнхөө нөөц бололцоогоор, урт хугацааны лизингээр худалдаж авсан байгаа. Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар маань өөрийн байртай болсон.
-Шивээ-Овоогийн нүүрсний уурхай хэчнээн тоннын нөөцтэй юм бол?
-Манай уурхай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани гэж явдаг. Манай төрийн өмчийн мэдлийн 90 хувийн хувьцааг захиран зарцуулах эрх нь “Эрдэнэс Монгол” компанид байдаг юм. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшиж байгаа лицензүүдийн талбай маань 630 орчим сая тонн нүүрсний нөөцтэй. Жилдээ хоёр саяыг олборлолоо гэхэд 300 жилийн нөөц байна гэсэн үг. Манай ордыг түшиглээд хэд хэдэн цахилгаан станц баригдах төсөл хэрэгжүүлэхээр ярьж байгаа. Гэхдээ одоогоор бол судалгаа, техник эдийн засгийн үндэслэлийн хүрээнд явж байна. Ерөнхийдөө Монгол Улсын хэтийн төлвийн хувьд энд аж үйлдвэрийн том парк, хими технологийн парк үүсэх боломжтой гэж үзэж байгаа. Тэр үед шинэ цахилгаан станц баригдаад, нүүрсний хэрэгцээ нэмэгдвэл манай компани олборлолтоо нэмэгдүүлэх бүрэн бололцоотой.
-Шинэ удирдлагууд ажил авснаас хойш хуримтлагдаад байгаа их өрийн асуудлыг шийдсэн гэсэн. Тэр талаар мэдээлэл өгөөч?
-2018 онд бид шинэ удирдлагын хүрээнд төр засгийн байгууллагуудтайгаа нягт ажилласны үндсэн дээр 118 тэрбум төгрөгийн өрийг компанийнхаа хэмжээнд шийдэж ажиллаж байна. “Монгол нүүрс” хөтөлбөрийн хүрээнд Японы Засгийн газраас 73 тэрбум төгрөгийн урт хугацаатай зээл авсан байсан. Энэ зээлийг хөрөнгө оруулалтаар шийдүүлэхээр Засгийн газрын тогтоол гарсан. Тэр тогтоол тав, зургаан заалттай. Богино хугацаат өр төлбөр, хөрөнгө оруулалтын асуудлыг яаж шийдэх вэ гэсэн чиглэлийг Засгийн газрын тогтоолд мөн тусгасан байгаа юм. Энэ тогтоол манай уурхайн хувьд түүхэн шийдвэр боллоо. Анх манай компанийг Японы Засгийн газраас зээл авч байх үед нүүрсний үнэ 10 ам.доллар л байсан. Одоо ч гэсэн бид нүүрсээ 10 орчим ам.доллар буюу 24 мянган төгрөгөөр л зарж байгаа. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар Японы Засгийн газартай гэрээ байгуулахдаа манай уурхайн нүүрсний үнийг шат дараатай нэмнэ гэсэн юм билээ. Гэвч нэмээгүйгээс болоод өнөөдрийн энэ өр төлбөр үүссэн. Харин сая тавдугаар сарын 16-нд Эрчим хүчний зохицуулах хорооноос манай нүүрсний үнийг 2350 төгрөгөөр нэмж, 27 мянга болгосон. Ингэснээр манай компани санхүүгийн хувьд харьцангүй сайжирч, цаашдын бодлогоо төлөвлөж, техникийн шинэчлэлээ хийх боломжтой болж байна.
-Засгийн газар саяхныг болтол яагаад Шивээ-Овоогийн нүүрсний үнийг нэмээгүй юм бол?
-Үндсэндээ нүүрсний үнэ нэмэгдэхээр эрчим хүчний үнэ өсөх гээд шууд хамааралтай. Эрчим хүчний үнэ нэмэгдэхээр Монголын нийгэм, эдийн засагт маш том ачаалал үүсэх байсан. Үнэ барьсан ачаалал нь хоёр уурхайн нуруун дээр буусан байхгүй юу. Өөрөөр хэлбэл, Багануур, Шивээ-Овоо гэсэн хоёр уурхайн нөхцөл байдал хүндэрсэн. Харин эрчим хүчний салбар харьцангуй өр төлбөрөөсөө салсан шүү дээ. Одоо бол эрчим хүч эдийн засгийн хувьд эрүүлжсэн. Харин хоёр нүүрсний уурхай л орхигдчихсон. Бүх ачааг нь энэ хоёр уурхай үүрээд явж байгаа. Гэхдээ энэ бүхнийг Засгийн газрын сайдууд, удирдах төвшний хүмүүс ойлгоод, биднийг дэмжиж эхэлж байна.
-Энэ онд ч гэсэн ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж ажиллаж байгаа байх?
-Энэ он гарсаар бид цөөнгүй ажлыг хийж, хэрэгжүүллээ. 60 хүний суудал бүхий ажилчдын шинэ зоогийн газрыг ашиглалтад оруулсан. Манай диспетчер, ээлжийн ахлагч нар олон жил салхи сийгсэн хүйтэн байранд ажиллаж байсныг засч өгсөн. Мөн шатахуун түгээх станцыхаа байрыг бас заслаа. Шатахуун түгээх станцыхаа бүх инженерын шугам сүлжээ, тоног төхөөрөмжид засвар хийсэн. Манай оффис гэхэд л эзэнгүй юм шиг болсон, борооны ус дусалдаг, төмөр торх тосдог байсан. Цаашлаад техник шинэчлэл хийж, ДМ30 гэдэг өрмийн машин шинээр авсан. Мөн катерпиллерын 55 тонны даацтай хоёр самосвал авсан байгаа. Манай үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай техникүүд байсан юм. Шинээр авсан өрмийн машингүй бол манай үйлдвэрүүд зогсохоор байлаа. 2018 онд бид хөрөнгө оруулалтаа шинэчлээд, асуудлуудаа шийдэхээр төлөвлөөд ажиллаж байна. Тодруулбал, 18-20 ширхэг техникийг 34-35 тэрбум төгрөгөөр худалдаж авах зайлшгүй шаардлагатай байгаа. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд бид сая хувьцаа эзэмшигчдийн хурлаар түүхэн шийдвэр гаргуулсан. Ажилчиддаа зориулж 305 айлын дөрвөн орон сууцыг хөнгөлөлттэй үнээр хувьчлахаар болсон. Энэ нь манай уурхайн 5-10 жилийн найдвартай үйл ажиллагааг хангах, ажилчдын тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлж байгаа юм. Дашрамд хэлэхэд, манай уурхай Говьсүмбэр аймгийн нийт төсвийн 86 хувийг бүрдүүлдэг.
-Төлөвлөгөөний дагуу техникүүдээ сайжруулчихвал жилд олборлох нүүрсний хэмжээ нэмэгдэх боломж байгаа юу?
-Одоо авахаар төлөвлөөд байгаа техникийг авлаа гэхэд жилдээ 1.2-оос хоёр сая тонн нүүрс олборлоход л хангалттай байх юм. Харин 3-4.5 сая тонн нүүрс олборлоно гэвэл техникийнхээ хүчин чадлыг илүү нэмэгдүүлэх шаардлагатай. Гэхдээ манай нүүрс эрчим хүчний зориулалттай учраас хэрэглээ огцом өсөх боломж байдаггүй. Нийт олборлож байгаа нүүрснийхээ 90 хувийг дулаан цахилгаан станцад өгдөг. Манай компани ТЭЦ-IV, Амгалангийн дулааны станцид нүүрсээ өгч байгаа. Мөн Налайх болон орон нутгийн дулааны цахилгаан станцуудад ч өгдөг. Бас жижиг хэрэглэгчдэд худалддаг юм.