ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Тамгагүй түшмэл”

А.ОДСҮРЭН
2020-03-09

Албан хаагчгүй, тамгагүй, байргүй, мэргэжилтэнгүй ганцхан яам, цорын ганц сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ажиллаж байлаа. Яг ямар үүрэг рольтой, ямар бодлого шийдвэр барьж ажиллах нь тодорхойгүй сайдын үүргийг М.Энхсайхан хашиж байлаа. Ганцхан зорилгоор түүнийг ашиглахын тулд ийм албан тушаалд томилсон гэх хүн цөөн биш.

Өнөөдөр М.Энхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6-д заасан “хорлон сүйтгэх” гэмт хэрэг үйлдсэн хэмээн прокурорын байгууллага үзэж, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг нь шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-т зааснаар “хорлон сүйтгэх” гэмт хэргийн шинжтэй үйлдлийг тагнуулын байгууллага шалгах учиртай ч Авилгатай тэмцэх газар шалгаж байгаад М.Энхсайхан эгдүүцэж байгаагаа хэлжээ.

Тэрбээр сонины нүүр дүүрэн ярилцлага өгч. Хэрэв би андуураагүй бол хэн нэгэн, ямар нэгэн хэрэгт шалгагдаж байгаа бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага, тайлбар өгч болохгүй л баймаар. Гэвч тэр төрөл бүрээр өөрийгөө өмгөөлж, шүүх, прокурорын байгууллагуудыг, нэр бүхий шүүгчдийг буруутгажээ.

М.Энхсайханыг Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойн стратегийн ордыг Монгол Улсад ашиггүй байдлаар, улс үндэсний эрх ашгийн эсрэг үйлдлээр бусдад, ялангуяа хувийн байгууллагад өгөхийг санаархсан, гэхдээ хэн нэгний хүсэлт шаардлагаар гэсэн тайлбарыг эрх бүхий хүмүүс нь өгсөөр байгаа. 6.7 тэрбумын нөөцтэй ордоо Хятадад өгөх гэж байсныг нь болиулсан тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд энэ учрыг сүүлийн таван жил тайлбарлалаа.

Тайлбар нь ч ойлгомжтой байлаа. Одоо ч ярьсаар л байна. Тавантолгой төслийн гэрээг 100 жилээр “үнэгүй хувьчлах” үйл явцын гол автор нь Ц.Элбэгдорж, гардан гүйцэтгэгч нь М.Энхсайхан мөн байсан эсэх нь удахгүй шүүхээр шийдэгдэх биз. Тэр Х.Баттулга, Ц.Элбэгдорж гэдэг хоёр хүний өс хонзонгийн хайчин гал дунд би хавчуулагдчихлаа, би буруугүй хэмээж байна. Буруутай эсэхийг нь цаг хугацаа харуулна.  

“Тавантолгойн гэрээний төсөлд Тавантолгойгоо үнэгүй өгье, 100 жилээр өгье гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй. Яг тооцвол Тавантолгойгоор намайг хоёр жил шалгаж байгаа. Угаасаа байгуулагдаагүй гэрээ учраас намайг буруутгахад хэцүү” гэж М.Энхсайхан ярьж байна. Тавантолгойн гэрээний төслийг шалгах ажлын хэсэг УИХ-д байгуулагдаж дүгнэлтээ танилцуулсан. Тэд байтугай бид уншаад ч дүгнэлтэд заасан гаргалгааг төвөггүйхэн ойлгочихож байгаа юм.

Угаасаа байгуулагдаагүй, байгуулагдах ч үндэслэлгүй төслийг УИХ-аар оруулалгүй, Засгийн газраар хэлэлцүүлсэн болж, нууцаар батлуулах гэж явсныг нь шалгаж байгааг тэр өөрөө ойлгохыг хүсэхгүй байгаа бололтой.  Буруугүй, хэн нэгний гар хөл болоогүй л юм бол юундаа айх билээ. Шалгуулаад л үзчих.

Хонгилын нүхийг прокурорууд гаргачихлаа, гурван шүүгчийн гарт миний хувь заяа байна гэж гонгинож суухын оронд өөрийнхөө буруугүй гэдгийг л нотолчих. Их амархан. Гэхдээ таны “хэргийг” таны яриад байгаачлан Гэндэн, Дэмид, Лхүмбийн хэрэгтэй харьцуулж яахан болох билээ. Тэр чинь шал өөр юм.  Тамгагүй төрийн түшмэл болж явснаас бурхангүй газрын бумба болсон нь дээр ч байсан байж магадгүй л юм.