Боловсролын сайдыг боловсролтой гэхэд эргэлзэхээр байна. Түүхийн музейг нураахад нь хэзээ мөдгүй нурах болж байгаа юм чинь нураавал нурааг гээд чимээгүй л байсан. Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний “сургуулилт” дээр намынхаа өрсөлдөгчийг доош нь хийж байхад нь чимээгүй л байсан. Спорт, шинжлэх ухааны талаар “А” ч үгүй гэж хүмүүс гоочилж байхад чимээгүй л байсан.
Архангайн Засаг даргаар ажиллаж байхдаа АТГ-т авилгын хэргээр шалгагдаж байхад нь ч чимээгүй л байсан. Харин Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан “этгээд”-үүдийг зээлийн төлбөрөөс чөлөөлөх, үүгээр дамжуулж улстөрч, эрх мэдэлтнүүд, тэдний үр хүүхдүүдийг “харж үзэж” тал засах гэж байгааг чинь хүлээн зөвшөөрч чадахгүй нь. Тэмээ гэхээр ямаа гэдэг хүн сайд хийж болдог л юм байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг энэ амралтын өдрүүдэд иргэдийг ихээхэн стресстүүлж талцууллаа. Уг нь “корона”-гийн үед дархлаа дэмжихийн тулд битгий стресст, бүү бухимд гэж мэргэжилтнүүд зөвлөөд байгаа. Тэгэхээс тэгэх гэсэн юм шиг боловсролын сайд бүр ихээр дархлаа сулруулчихлаа.
Төрөөс сургалтын төлбөрийн зээл авч гадаад дотоодод суралцсан хүмүүсийг зээлийн төлбөрөөс чөлөөлөх хуулийн төсөл боловсруулсан тухайгаа арай өөрөөр тайлбарлалаа. Угтаа бол сургалтын төрийн сангийн зээлийн ихэнхийг улстөрчид, олигархиуд болон тэдний хүүхдүүд авч, гадаадад их дээд сургуульд сурч төгсчихөөд одоо болтол зээлээ төлөөгүй байгаа нь асуудлын гол болчихоод байна. Боловсролын зээлийн сан нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой эсвэл өнчин өрөөсөн, эцэг эх нь тэтгэвэрт суудаг, өрх толгойлсон, амьдралын бололцоо муутай айлуудын ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа хүүхдэд зээл олгож төгсгөх учиртай. Журам нь ч тийм.
Гэтэл улстөрчид, эрх мэдэлтнүүд, УИХ-ын гишүүд, тэдний үр хүүхдүүд маш их хэмжээний зээл авч, өндөр төлбөртэй гадаадын их дээд сургуульд суралцаж төгссөн хэрнээ өдий болтол зээлээ эргүүлэн төлөөгүй. Төлөх нь бүү хэл улсад нийгмийн даатгал ч төлөөгүй, харьд шингэчихээд байдаг.
Гадаадад өндөр төлбөртэй сургуульд Боловсролын зээлийн сангаас мөнгө зээлж суралцаж төгссөн 1800 хүний судалгаа байдаг ч 200 орчим нь зээлээ эргэн төлөөгүй бөгөөд тэд жирийн иргэдийн хүүхдүүдтэй адилхан зээлээ тэглүүлнэ гэсэн үг. Хуулийн төсөлд зөвхөн жирийн иргэдийнхийг чөлөөлнө гэж заагаагүй нь мэдээж. “Та нар буруу ойлгоод улстөржүүлээд байна” гэж Боловсролын сайд “загнажээ”.
Хуулийн төсөл бол төсөл. Батлагдаа л бол гүйцээ. Бандан тас. Зөвхөн дотоодын их, дээд сургуульд суралцаж төгсөгчдийн зээлийг боломжит нөхцөлийг нь харж байгаад зээлээс чөлөөлнө гэж заасан гэж тэрбээр тайлбарлав. Тэгвэл Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад боловсрол эзэмшээд зээлээ төлөөгүй спикер, түүний ангийн зарим нөхдөөс төлбөрийг нь эргүүлэн төлүүлэх талаар ямар арга хэмжээ авах гэж байгаа юм бол. Энэ тухай тогтоолын төсөл, зээлийн журамд яаж тусгасан болон тусгах вэ. Энэ бүхнийгээ дэлгэрэнгүй тайлбарлаж, ам өчгөө өгөхгүй л бол Сайд таны энэ удаагийн шийдвэр музей нураахын дэргэд бол шал өөр, том асуудал үүсгэхээр болчихлоо.