УИХ-ын нэр бүхий 17 гишүүн алдарт 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол явуулах асуудлаар нэгдээд байгаа. Тэрхүү 17 гишүүний нэрсийн жагсаалтын хамгийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан бичигдсэн байгаа нь тохиолдлын хэрэг биш. Ж.Батзандан гишүүн бол нийгмийн анхаарлын төвд байгаа асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулж мэргэшсэн цор ганц гишүүн. Тэрбээр сүүлийн хагас жилийн хугацаанд хоёр ч асуудлаар нээлттэй сонсголыг зохион байгуулснаас болж дарамт шахалтад өртөж байлаа. Тухайлбал, БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурцыг томилох асуудал боссон даруйд “Б.Хурц бол хүн хулгайлдаг, бусдыг хэлмэгдүүлдэг хүн.
Энэ хүнээс олон улс төрч, бизнесийнхэн айдаг. Ийм хүнийг Элчин сайд болгож хэрхэвч болохгүй” хэмээн хэлж нээлттэй сонсгол явуулж байв. Мөн тэрбээр олон таамаг, маргаан дагуулсаар ирсэн С.Зоригийн аллагын буруутнуудтай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийсэн биш төрийн нууц задалсан гэх хэрэгт холбогдон АТГ-т шалгуулаад авсан. Ж.Батзандан гишүүн “Иргэдээ сонссоныхоо төлөө бурууддаг болох нь. Төрд шургалсан мафийн бvлэглэлийн гар хөл яаж ажиллахыг нь харцгаая” хэмээн хэлээд мэдүүлгээ өгч байсан юм. Ж.Батзандан гишүүн нээлттэй сонсгол хийх бүртээ ямар нэгэн дарамт шахалтад өртдөг. Харин 60 тэрбумтай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийвэл ямар зүйлтэй холбогдон шалгагдахыг хэлэхэд арай эрт байна.