ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Дүлий годил”

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-18

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс,  төрийн  албан хаагчид  өдөр шөнөгүй,  нойр хоолгүй ажиллаж, олон нийт ч иргэний үүргээ чандлан сахилаа. Засгийн газраас нөхцөл байдалдаа тохирсон арга хэмжээг тухай бүрт нь хэрэгжүүлээд явсан ч зарим нэг сайд нэртэй “саад” нь их ажлын өмнө хөндөлсөж буйд  олон нийт дургүйцэж байх ажээ. Тэр нь Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, та.   Олон нийтэд дэлгэрэнгүй  мэдээлэл өгөхөөс зайлсхийж  тавхан телевизэд тавилттай мэт ярилцлага өгөхийн учир юу вэ. Тэр таван телевиз Монголын бүх хэвлэл мэдээллийг төлөөлж чадах уу.  Өдөр тутмын сонин,  мэдээллийн сайтуудад  яагаад мэдээлэл өгөлгүй, телевизийг олзуурхсан юм бол. Бэлэн асуултад бэлдсэн хариултаа өгөхөөр тэднийг цуглуулав уу гэж бусад хэвлэл хардаж сууна. Хэвлэл мэдээллийг ялгасан нь олон нийтэд таатай санагдсангүй.

Түүгээр ч зогсохгүй цар тахал хэмээн зарласан коронавирусийн халдварын тархалтын үед эдийн засаг элгээрээ мөлхөхөөс наагуур болох нь. Гэтэл  “би төсөв тодотгохгүй гэж дөрөвдэх удаагаа хэллээ” хэмээн олны өмнө  гарч хэлсэн хүн нь бас л Сангийн сайд. Улсын төсвийг захиран зарцуулдаг гэхээрээ  таны амаар  Монгол Улсын эдийн засаг явдаг гэсэн үг биш шүү, сайд аа.  Та л ганцаараа индэр дээрээс тэгэж дуугараад  байна. Улс орны эдийн засаг сарниж, олон хоног  хөл хорионд орж гэртээ ажилгүй суусан иргэд,  хаалгаа түр барьсан албан байгууллагын нөхцөл байдлыг харсан уу. Банкууд нь зээлийн хүүгээ зогсоохгүй, бууруулахгүй гүрийж, сайд та  ч гүлдийж орхив. Иргэд нь зээлийн хүүгээ хоног хоногоор нэмж,  халаглаж сууна. Өрөнд баригдаж,  өтөнд  идэгдсэн энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ, сайд аа. Эдийн засгаа самарч гүйцлээ. Увс аймагтаа өндөр дүнтэй төсвийг дураар баталдаг шиг,  улс орны төсвийг өөрийн дураар шийддэггүй юмсан.  Төсөв тодотгохгүй гэж “загначихаад” , үүсээд буй нөхцөл  байдалд арга хэмжээ авахгүй,  гараа хумхин суугаа Сангийн сайдыг бусдын  эрх ашгийн төлөө ажиллуулмаар  байна, Ерөнхий сайд аа. Таны хийж буй үйл хэрэг, танай Засгийн газрын ажлыг хөлдөө чирэх вий, энэ хүн чинь.