“Хөгширсөн хойноо хүнд дурлана гэж байхгүй байлгүй дээ. Өнөө Д.Нямхүүгээ харагдахгүй болохоор үгүйлэх шинжтэй. Дасаж дурлана гэдэг л энэ байх даа, золиг чинь” хэмээн наргиа болгон нэгэн бүсгүй пост бичсэн байхыг уншив. Нээрээ л 117 хоногийн турш буюу гурван сарын хугацаанд өдөр бүхэн хэвлэлийн хурал хийж, хажуугаар нь өдөр тутмын ажлаа амжуулж, өдгөө Монгол Улсад бүртгэгдсэн covid-19 вирусийн өвчтэй зургаан өвчтөнөө эмчлэх гэх мэтээр эдгээр их ажлуудыг түүртэлгүй амжуулж яваа нэгэн хүнийг “Өдрийн хүн”-ээр онцлохыг хүсэв. Тэр бол хүн бүхэнд дотно харагдах болсон ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, профессор Дулмаагийн Нямхүү юм. Хэрэг болгож, түүний талаар мэдээлэл хайсан ч АШУИС-ийг Халдварт өвчин судлал, нийтийн эрүүл ахуйч мэргэжлээр, Анагаахын коллежийг сувилагч мэргэжлээр тус тус төгссөн гэдгээс өөр мэдээлэл олдсонгүй.
“Эр алдаж, эрэг нурдаг” гэгчээр албан тушаалын шатаар ч өгсөж уруудаж явсныг нь сэтгүүлч Б.Занданхүүгийн хөрөг нийтлэлээс олж уншсаны дараа л буурал толгойт профессор 30 гаруй жил цагаан халат, чагнуур хоёрынхоо үнэнч фэн нь байсныг олж мэдсэн юм. Тэрбээр, бусдын л адил их хотын “40 мянгат”-д байрны залуустай барилдаж, ноцолдож “атаман” хийж явжээ. Гэсэн ч нэг л өдөр сувилагч болох шийдвэр гаргаж, Анагаахын коллежийн хаалгыг татаж орсноос хойш амьдралын олон өнгө дунд нэг ч удаа цагаан халат, чагнуур хоёроо гараасаа салгахгүй явж ирсэн нь түүний амьдралын зам, зурагдсан хувь тавилан байж. Эмээгийн өврийн ганц хүү Анагаахын коллежийг онц дүнтэй төгсөж, Их сургуулийн хаалгыг урилгаар тогшин орсон тэр цагаас өдийг хүртэл хүн ардын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж яваа нь бахархууштай. Д.Нямхүү эмчийн талаар олон ч зүйл дуулддаг байлаа.
Байр савны асуудлаас эхлээд л байсхийгээд л сайд солигдоход ажлаасаа чөлөөлөгдсөн нь дуулдах. 2007 оноос хойш хоёр ч удаа даргын суудлаас бууж, дахиад томилогдож байв. Гэлээ гэхдээ тэр эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн албан тушаал, тэнд ажилладаг хамт олныхоо төлөө л дуугарсан уу гэхээс өөрийнхөө эрх ашгийн төлөө явжээ гэх өгүүлбэрийг өнөөдрийг хүртэл олж уншсангүй. Тэрбээр, ХӨСҮТ гэх их айлтай ажил амьдралаа холбосон 30 жилийн хугацаанд гурав дахь удаагаа томоохон сорилт, эзэмшсэн мэргэжлийнхээ ид шидийг харуулж, иргэдээ авран хамгаалах тангаргаа нэр төртэй биелүүлэх шалгуурын өмнө зогсож буй. Дэлхий нийтийг айдаст автуулсан Сарс өвчний үед ч салбартаа ажиллаж байлаа. Мөн титэмт буюу Мерс дэлхий нийтийг цочроож байхад ч тэр ажлаа хийсээр байсан юм. 2016 онд Улаанбурхан өвчин дэгдэхэд ч өнөөх л Д.Нямхүү халат, чагнуур хоёроо барьчихаад ажлын байрандаа байжээ.
Өдгөө covid-19 гэх цар тахал дэлхийг чичрүүлж байхад бас л Д.Нямхүү ажлын байран дээрээ хамт олноо удирдаж, хамт хонож, өвчтэй нэгнийг эдгээхийн төлөө чагнуураа бариад шөнөжин сахиад хонож байна. Мэргэжилдээ эзэн байх, түүндээ дурлана гэж үүнийг л хэлдэг биз. Бас өвчнийг өнөө хүртэл тогтоон барихад өөрийн мэдлэг чадвараа зориулж буй залуу, дунд үеийн ажилтнуудаа зөв чиглүүлж, заримдаа ширүүхэн загнаж, хэвлэлийн бидний нүд, чихийг ч нээж явна. Д.Нямхүү докторын нөмөр түшиг, мэдлэг боловсрол эрүүл мэндийн салбарт хэрэгтэй байсан, цаашдаа ч хэрэгтэй. Ажилдаа ийм үнэнч хүмүүс бидний төлөө ажиллаж байгааг бодохоор аюулт өвчнийг хамтдаа даван туулж чадна гэх итгэл төрж байна. Танд, танай хамт олонд баярлалаа.