“Толгойгүй” удирдагч гэдэг тодорхойлолт энэ цаг үед БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт яв цав тохирох аж. Дэлхий нийтээр тархсан цар тахалтай холбоотойгоор олон орон онцгой дэглэмд шилжихийн зэрэгцээ өөрийн улсад тохирсон шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна.
Тэр дундаа эрүүл мэнд, зам тээвэр гэх мэт толгой яамдууд ачаалалтай ажиллахын зэрэгцээ үүрэг роль өндөртэй оролцож байгааг өнгөрсөн саруудад хангалттай харлаа. Өвчний тархалт хэзээ буурч, зогсохыг хэлж мэдэхгүй учраас цэцэрлэг, сургуулийн сургалтын хөтөлбөр бүгд цахим хэлбэрт шилжүүлсэн. Цаашид ч энэ дэглэм үргэлжлэх учиртай юм.
Монгол Улсад “COVID- 19” албан ёсоор бүртгэгдэж, зургаан хүнд илэрч эмчилгээ хийгдэж байгаа. Тэгэхээр нөхцөл байдал цаашид хэрхэхийг хэн ч хэлж мэдэхгүй гэсэн үг. Зөвхөн хүлээлтийн горимд шилжин, байдлыг ажиглах, Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөгөөг дагах, төрийнхөө шийдвэрийг биелүүлэх гэсэн хэдхэн үүргийг хэрэгжүүлэх л үлдлээ. Бидэнд үүнээс өөр сонголт алга.
Гэтэл ийм эгзэгтэй үед бүхэл бүтэн Монгол Улсын боловсролын салбарыг атгасан Ё.Баатарбилэг халаасандаа ямар ч төлөвлөгөөгүй байгааг хараад гутлаа. Тэрбээр Монгол Улсын 700 мянга гаруй хүүхдийн сурч, боловсрох эрхийг хариуцаж байж арай л хуймгай хандаж байх юм.
Техник хөгжсөн үед хүүхдүүд бүхий л сувгаар хичээлээ үзэх боломж бий. Гэтэл хүүхдүүдийн хичээлийг CD хэлбэрээр таарна, халуун зунаар нөхнө гэх зэрэг өрөвдмөөр тайлбар хэлээд олон нийтийн сүлжээнд ад болж байх ажээ. Аргагүй шүү дээ. Өнөөдрийн нөхцөл байдал дунд эрдэмтэй хүүхэд биш, эрүүл монгол хүний амиас илүү чухал.
Харин онцгой үед салбараа хэрхэн удирдах ганц ч төлөвлөгөөгүй, орчин цагт CD уншдаг оролттой тоног төхөөрөмж байхгүй болсныг мэддэггүй салбарын сайд Ё.Баатарбилэг та сайн дураараа ажлаа өгч, чаддаг нэгэнд нь зайгаа тавьж өгнө үү.