Дэлхийн 188 оронд тархсан цар тахлаас дайжиж, эх орондоо ирэх хүсэлтэй олон зуун иргэн төр засагтаа хандсаар байгаа. Засгийн газар ч зоригтой шийдвэр гаргаж, чадах ядахаараа тэднийг зөөсөөр байгаа билээ. Тэдний дунд загвар өмсөгч Нора буюу Д.Оюунномин багтаж чадаагүй учраас твиттер хуудас, фэйсбүүкээр ч гомдлын үг чулуудсаар байна. Бүр найзаараа дамжуулж, МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр хүртэл гомдлоо “чулуудав”.
Эх орон, элгэн садандаа ирэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн түүнийг хэн ч шүүмжлэхгүй, “эвий минь тэгэлгүй дээ” хэмээн тосоод авахад болохгүй зүйл алга. Гэвч түүний хэлсэн үг нь хийж буй үйлдлээсээ зөрсөнд л асуудлын учиг нуугдаж байгаа юм. Италид байгаа монголчуудын нөхцөл байдлыг мэдээлж буй нь зөв боловч инстаграмм хуудастаа “Вирусээс зугтаж ирлээ” гэсэн утга бүхий өгүүлбэртэй зургаа тавьчихаад, тэнд нь нөхцөл байдал хэцүүдээд эхлэхээр “эх орондоо очмоор байна, эндээс намайг ав” хэмээн бүр Үндэсний телевизээр гомдол нэхэж байгаа нь олны шүүмжлэлийг сонсох шалтгаан болсон юм.
Дэгсдүүлж хэлбэл, хөгжил хоцорсон, ядуу буурай улсад хэзээ ч вирус орж ирэх магадлалтай хэмээн эх нутгаа орхиж явчихаад, өндөр хөгжилтэй улсад нь өвчин гараад эхлэхээр би буцмаар байна гэсэн нь жудаггүй үйлдэл болов. “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэдэг л энэ биз. Нора гэж хэн болох тухай уншигчдын хувьд төсөөлөл байхгүй байж мэднэ.
Тэр загварын салбарт 20 орчим жил загвар өмсөж буй нэгэн. Охидын “Үнсгэлжин” наадамд загвар зохион бүтээгчээр оролцож, хожим нь эгчийнхээ зөвлөгөөгөөр Сингапур улсад суралцангаа загварын тайзнаа хөл тавьжээ. Загварын талбараас гадна гэрэл зурагчнаар давхар мэргэжил эзэмшсэн бөгөөд “Mongolia`s next top model” шоуны шүүгчээр ажиллаж байсныг нь хүмүүс мэдэх билээ.
Нью-Йорк, Милан, Парис, Токио, Сингапур, Хонг Конгийн загварын агентлагт харьяалагддаг бөгөөд эх орондоо ихэвчлэн зуны улиралд ирдэг талаараа ярилцлага өгч байжээ. Гэвч олны танил загвар өмсөгч хүн олонд үлгэрлэж, халдвараас урьдчилан сэргийлэх, хамтдаа даван туулах талаар эх оронч уриалга гаргах ёстой байтал сүүлээ хавчаад зугтсан нь олны эгдүүцлийг хүргэсэн юм. Нора коронагаас зугтсан ч, корона Норагаас зугтахгүй гэдгийг ойлгосон байх. Муу, муухай ч эх орон, элгэн садан нь ийм цагт хамгийн чухал байдаг гэдгийг дахиад битгий мартаарай.