ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баярлах хэрэггүй, Баярцогт оо

O.Admin
2020-03-25

ЗГХЭГ-ын дарга асан, Сангийн сайд асан С.Баярцогт өөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай цахимаар олон нийтэд зарлав. Тэр “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, түүний хэрэгжилтийн талаар УИХ, Засгийн газар, Үндэсний аудитын газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яамны ажлын хэсгүүд олон сар жил ажиллаж тайлан дүгнэлтээ гаргасан. УИХ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, түүний хэрэгжилтийн талаархи асуудлыг 2019 оны 11 дүгээр сарын 21-нд 92 тоот тогтоолоороо эцэслэн шийдвэрлэсэн. 2009 онд уг гэрээг байгуулахдаа хөрөнгө оруулагч талд давуу эрх олгож, Монгол Улсад ашиггүй, хохиролтой хийсэн, оролцсон хүмүүс нь авилга, хээл хахууль авсан гэх 10 жилийн хардлага сэрдлэгэд цэг тавилаа”  гэв. Яллагдагчаар татсан тогтоолыг нь хүчингүй болгосон болохоос биш дээрх хэрэгт шалгасан хэвээрээ байгаа гэнэ. Хэргийг хэрэгсэхгүй болгох, яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох хоёр нь тэс өөр ойлголт гэж хуулийнхан тайлбарлаад эхэллээ.  

С.Баярцогт өөрийгөө буруугүй, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан дөрвөн бүлэг шинжээчид дүгнэлт гаргаж мөрдөн шалгах ажиллагаанд туслах байсан. Тэднээс Татварын ерөнхий газрын таван байцаагчаас бүрдсэн шинжээчид “олон хууль зөрчиж хохирол учруулсан” гэх дүгнэлт гаргасан нь надад гай боллоо гэх ухааны юм ярьж, хэвлэлийн бага хурал зарлаж байлаа.  Яг энэ асуудлаар зөвхөн Монголд ч биш Швейцарьт ч бас яг адилхан хэрэг үүсгэн 2016 оноос хойш шалгаж байгаа гэдгийг ч хэлж байв. Түүнчлэн Швейцарийн шүүхээс С.Баярцогтын дансыг битүүмжилж, Оюутолгой, “Рио Тинто”-той хийсэн гэрээтэй холбоотой байж магадгүй гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргасан гэдэг. УЕПГ, АТГ-ын хамтарсан шалгалтаар түүний дансанд шилжиж орсон 8.2 сая еврогийн талаар С.Баярцогтоос тайлбар авсан.

Харин тэр Монголын нэртэй бизнесмэнээс тэр мөнгийг зээлсэн гэж мэдүүлсэн гэх. Харин АТГ нэгэн цагт “Сангийн сайд асан С.Баярцогт Оюутолгойн гэрээг байгуулахаасаа өмнө тус компанийн хөрөнгө оруулагч “Айвенхоу Майнз Монголиа Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хувьцааг эзэмшиж байсан гэдэг нь шалгалтаар тогтоогдсон. Харин гэрээг үзэглэж, компанийн үйл ажиллагаа эхлэх үед өөрийн ашгаа хүртээд эргүүлж хувьцаагаа зарсан байдаг. Хувьцаа эзэмшиж байсан компанидаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу эрх олгосон нь тогтоогдсон” хэмээх тайлбарыг өгч, хоёр ч удаа баривчлан хорьж байлаа. Энэ бүхний эцэст түүний хэрэг хэрэгсэхгүй болно гэдэг эргэлзээтэй. АТГ барьсан тулаа тийм ч амар усанд нь буцаагаад тавихгүй л болов уу. 

А.Од