“60 тэрбум”-ын гэж “алдаршсан” НИТХ-ын дарга асан Ц.Сандуй “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан” хэмээн буруутгагдаж шүүхээс дөрвөн жилийн ял аваад “аавын хаалга” татсан билээ. “60 тэрбум”-ын уршгаар М.Энхболд тэргүүтэй хотын Фракцийн ноёрхлыг үгүй хийж, МАН-ын нөлөө бүхий эрхмүүд “аавын хаалга” татсан нь энэ юм. Тэгвэл “60 тэрбум”-аар хар даруулсан түүнийг саяхан суллагдсан тухай өчигдөр цахим ертөнцөөр шуугиж өнжив. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс цаашид цагдан хорих шаардлагагүй гэж үзээд энэ сарын 24-нд батлан даалтаар гаргажээ. Мөн түүний алтан хамтрагч гэх А.Ганбаатар ч батлан даалтад гарсан юм. Дуулиант хэргийн гол буруутнаар Ц.Сандуй, А.Ганбаатар нар тодорсон ч санаачилсан хүн нь “ардын баатар” болох шахсан Г.Доржзодов байсан гэдгийг Ц.Сандуй ярьдаг. Хэрэв тийм бол “зохиогч” Г.Доржзодов А.Ганбаатарын компанид ажилд орж, түүнд шадарласны зорилго нь түүний намын нөхөр, дотны найз Ц.Сандуйтай ойртох байсныг үгүйсгэх аргагүй.
Ц.Сандуйгийн хэлснээр Г.Доржзодов өөрийн боловсруулсан стратеги, санхүүгийн схем, төлөвлөгөөгөө санал болгож, харин Ц.Сандуй, А.Ганбаатар нар сонссон гэдэг. Тухайн үед А.Ганбаатар компанидаа стратеги төлөвлөлт хариуцсан захирал авна гэж зар өгсөн байжээ. Зарын дагуу Г.Доржзодов ирсэн гэдэг. Манай компанийн стратеги төлөвлөлт хийдэг ийм мундаг залуу байна гэж танилцуулж байсан. Стратеги судалгааны хүрээлэн, олон улсын төвд ажиллаж байсан аймаар мундаг залуу гээд л Ганбаагийн компанид орж, тэд хамтарч ажиллаж эхэлж байсан юм. А.Ганбаатараар дамжуулж Сандуйтай ойртох ёстой гэсэн зорилго л Г.Доржзодовт байсан гэж ярьдаг. “Тэгснээрээ улиг болон яригдаж байгаа “60 тэрбум”-ынхаа эхний сууриа тавьжээ гэж би боддог” хэмээн Ц.Сандуй хэлсэн удаатай. Үүгээр бол Г.Доржзодовын танилцуулсан схемийг сонссоноороо Ц.Сандуй, А.Ганбаатар нар буруутгагдаж, харин хэргийн эзэн хэнгэргийн дохиур Г.Доржзодов эрх чөлөөтэйгөөр барахгүй “60 тэрбум”-ын хэргийг илрүүлсэн “баатар” болоод өнгөрсөн билээ. Хэнийх нь үнэн, хэнийх нь худал болохыг гагцхүү цаг хугацаа болон хууль хяналтын байгууллага харуулах биз ээ.