ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тэнэглэлийн тод дүр

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-30

УИХ-ын гишүүн Лу.Болд улс төрд 30 орчим жил зүтгэсэн хүн. Тэрбээр, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, Батлан хамгаалах болон Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан удаатай. Монголчууд түүнд 30 жил итгэл үзүүлж, хүндэтгэл хүлээлгэхийн зэрэгцээ албан тушаал, эрх мэдлийг хангалттай эдлүүлж, “эх орноо” мартах хүртэл нь эрхлүүлсэн байх юм. Ингэж их итгэж, хүндэлж, хайрлаж, жаргаасны хариуг ердөө л “Би Монголын эмнэлэгт 30 жил хэвтэж үзээгүй, үнэхээр аймаар болжээ” гэсэн ганцхан өгүүлбэрээр хариу барив. 30 жил төр барилцсан улстөрчийн амнаас ийм үг унаж байна.

Эрүүл мэндийн салбарыг өөрчлөөсэй, энэ улсад өөрчлөлт шинэчлэл авчраасай гэж итгэл хүлээлгэсэн монголчууддаа өгсөн хариу нь тэр байлаа. Гутарч байна, гутамшигтай байлаа. Тэр ч байтугай Лу.Болд улсынхаа эрүүл мэндийн салбар, эмч мэргэжилтнүүдэд итгэж, өөрийн биеийг даатгаагүй.

Гагцхүү “Берлин-Москва-Улаанбаатар” чиглэлийн тусгай үүргийн нислэгээр энэ сарын 16-нд эх орондоо ирж, аргагүй нөхцөл байдлын үүднээс ХӨСҮТ-д тусгаарлагдсан учраас эмнэлгийн үүдээр шагайсан хэрэг л дээ. Магадгүй ийм нөхцөл байдал үүсээгүй бол ХӨСҮТ-ийн хаалгаар  шагайх нь байтугай, гаднаас нь тоотойхон харсан гэхэд мөрийцөхөд ч бэлэн байна.

Албан тушаал, эрх мэдэлд хүрэх болохоор Монголоороо сайрхаж, зорилгоо биелүүлэхээрээ хөгжингүй орны сайхныг гайхаж, сорчилж явдаг олиггүй, арчаагүй улстөрчдийн бодит жишээ, тэнэглэлийн тод дүрийг дэндүү сайн харуулав. Хамрын ханиад хүрэхдээ ч харь орныг зорьдог аминдаа хайртай улстөрчдийн бодит жишээ нь билээ.

Монголын төрд тасралтгүй 30 жил зүтгэсэн УИХ-ын гишүүн Лу.Болд гэж хүн эх орондоо юу хийж, юу бүтээсэн бэ гэдгийг эргэж нэг санацгаая. Нам байгуулж тоглож, шударга ёсны төлөө шударга бусыг хийж, энтэртайнмент тоглолт бэлтгэхээс өөр юу ч хийгээгүйг нь эрүүл мэндийн салбарын бодит байдал харуулсан хэрэг юм. 30 гаруй жил төр түшилцэхдээ, бүр төрийн сайдаар ажиллахдаа улс орноо хөгжүүлээгүй, эрүүл мэндийн салбараа зөнд нь хаяж, гуравхан сая иргэнээ яаж амьдруулж байснаа хараад гутарсан гэж итгэе.

Хийсэн гавьяагүй, хэлэх үггүй, олигтой сайрхах зүйлгүй, нэрнээс өөр үлдэх мөргүй амьдарсан гэдгээ олж харсан гэж найдаж сууя. Эрүүл мэндийн салбар гэхээр л ганцхан сайдын нуруунд ацаглаж хаядаг салбар биш билээ. Төр түшилцсэн улстөрч бүхний толгой дээр байдаг асуудал юм.

Тэр тусмаа сайд байсан таны гар ч энэ салбарын төлөө хөдөлж, таны толгой ажиллах ёстой юм. Онцгой цаг үед харь орноор тэнэж, аялаж зугаалсан атлаа өвчин зовлон болохоор эх орон руугаа тэмцэж ирчихээд мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг муучлах эрх хэнд ч байхгүй. Тэр тусмаа Л.Болд танд бүр ч байхгүй. Эрүүл мэндийн яам болон мэргэжлийн байгууллага, эмч, сувилагч нар бүтэн 120 гаруй хоног бүтэн нойртой хонолгүй хүмүүсийг эмчилж, эзэмшсэн мэргэжил, өргөсөн тангарагтаа үнэнч байж, гоморхох үггүй, ямбалах эрхгүй зүтгэж байгаа.

Тэдний хичээл, зүтгэлийн ачаар халдварт өвчин туссан 12 хүний биеийн байдал өдрөөс өдөрт дээрдэж байна. Тэгэхээр тэнэж ирээд хоног төөрүүлж байгаагаа гавьяа байгуулсан мэтээр ярьж буй Л.Болд та Монголын эрүүл мэндийн салбар, эмч мэргэжилтнүүдийг шүүмжлэх эрхгүй юм. Улс төрд туулж, өнгөрүүлсэн 30 жилдээ юу ч хийгээгүй гэдгээ ганцхан өгүүлбэрээр оновчтой ойлгуулж өгсөнд баярлалаа. Дахиад сонгох шаардлагагүй гэдгийг ч сонгогдчиддоо бас энэ үгээрээ хэлчихлээ.