ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баавгайн талын “хамгаалагч”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-06-27

Төрийн ажлыг соошлоор явуулж, утсаар мэдээлэл бичих нь улсын ажил хэмээн хол эндүүрсэн нэг сайд У.Хүрэлсүхийн танхимд бий. Тэр ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Өөрийнхөө талаар гарсан мэдээлэл нэг бүрийн араас яг л “хүүхэн шиг” хэрүүл хийнэ. “Наад мэдээгээ зас, би ингэж хэлээгүй л” гэх юм. Эсвэл худлаа мэдээлэл байна гэх мэтээр гөрдөхөө ч бас мартахгүй.

Сэтгүүлчийн өөрийнхөө эх сурвалжаас олж авсан мэдээллийг хүртэл худлаа хэмээн гөрдөж сууна. Угтаа энэ хүнд улс орны мөнгө санхүүгээс илүүтэй хэвлэл мэдээллээр гоё харагдах л чухал юм байх. Банкийг дахин хөрөнгөжүүлэх бантан болсон хуулийг хаалттай баталчихсан атлаа бид тийм зүйл хийгээгүй хэмээн гүжирдэв. Тэгвэл эрхэм сайд өчигдөрхөн мөн л Оюутолгойг цээжээрээ хамгаалж зогссоор гарсан дуулдана. Тодруулбал, Сангийн сайдын оруулж ирсэн Татварын багц хуульд уул уурхайн компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг тусгасан гэх шалтгаанаар буцсан.

Гэвч тэд алдаагаа зассан хэмээн оруулж ирсэн ч Оюутолгойн мөнгө Монголбанкаар дамжихгүй гэх заалтыг үхэн хатан хамгаалсаар гарчээ. Эндээс л эрхэм сайдыг манай талд байна уу, баавгайн талд байна уу гэж асуухад хүрч байна. Оюутолгойн эрх ашгийг үхэн хатан хамгаалж зогсоог зөвтгөх шалтгаан ч алга. Ерөөс эрх ашиг ханхалсан заалт бүрийг, эрх мэдэлтэй компани бүрийг хамгаалж байгаа хэмээн хэвлэл мэдээллээр шүүмжлээд байгааг Ч.Хүрэлбаатар та тунгааж нэг бодооч. Татварын газрын даргаар хүртэл өөрийн хүнээ томилох гэж өдөр шөнөгүй улайрч яваа дуулдах, үгүй л байгаасай. Төрийн сайдын ажлаа нэг компанийн хэвлэлийн төлөөлөгчийн ажлаар сольж, том компанийг халхалсан эрх ашиг гаргаж гэмээнэ С.Баяр, Ч.Сайханбилэгийн гашуун туршлага ойрхон байгааг сануулах нь илүүц биз.