ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Домог”

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-31

“Хурд”-ын Д.Отгонбаяр гэхээр танихгүй хүн Монголд нэгээхэн ч үгүй. "Voice" шоуны  шүүгч гэдгээр нь бүр ч андахгүй. Би бол түүнийг нэгэн концертынхоо үеэр  “Эмэгтэй хүн гэдэг ертөнц доторх ертөнц юм. Тиймээс “Хурд”-ынхан бүсгүйчүүддээ үргэлж хайртай байдаг юм шүү” хэмээн үзэгч бүсгүйчүүддээ зориулан “Бүсгүй” дуугаа уяран дуулж буйгаар нь анддаггүй. Монголын урлагт 30 шахам жил зүтгэж яваа энэ эрхэм өнгөрсөн ням гарагийн "Voice" шоуны дугаараар урлаг гэж чухам юу болох, хүн төрөлхтөнд урлаг гэж байхын утга учир юу вэ гэдгийг ухааруулсан “гал гарсан” үзүүлбэрийг найруулан, авьяас билгээ Монголын ард түмэндээ дахин батлан харуулав. Бид түүнийг алдарт гитарчин, ая зохиогч гэдгээр нь мэднэ. Тэгвэл тэр зөвхөн хөгжимчин, хөгжмийн зохиолч бус сайн менежер, сайн дасгалжуулагч ажээ.

Алдарт хөгжмийн зохиолч Б.Шаравын ая, яруу найрагч Л.Өлзийтөгсийн шүлэг “Өнө мөнх эх орон” дууг найруулан, багийнхаа Г.Дашчанрав, Э.Дашням нарыг сонгон дуулуулсан нь жинхэнэ “тулсан” үзүүлбэр болж, цахим орчныг хэдэн өдөр шуугиуллаа. Түүнээс гадна “Очих гэр бүлгүй, гишгэх газар, эх оронгүй болсон эр хүн ялагддаг. Бусад нь бол зүгээр л сургамж” гэсэн ганцхан өгүүлбэр нь хэн хүний чихэнд бус зүрхэнд хүрч, элэг нэгт монголчуудын цөсийг хөөргөн, нэгийг бодогдуулж хоёрыг тунгаалгасан үг байлаа. Тэр халгиж цалгисан их авьяасаас гадна, нарийн мэдрэмжтэй бас сэтгэлийн гэрэлтэй нэгэн гэдгээ энэ хэдхэн минутад харуулж чадсан юм. Ерөөс урлаг гэдэг хүнийг “хүн” байлгах хамгийн сайн “зэвсэг” ажээ. Урлагийн хүн байна гэдэг авьяас билгээс гадна агуу их ухаан байдаг аж. Уйлуулсан, уяруулсан, омогшуулж хөөргөсөн энэ дугаар нийгмийн стресс бухимдал дунд “хүн” байх чанараа алдчихгүй гэж тэмтчин байгаа монголчуудад сэргэлт өгсөн дугаар байв. Дэлхий дахин өвчинд нэрвэгдэж, хүн төрөлхтөн нийтээр айдаст автан гэрээсээ ч гарч зүрхлэхгүй байгаа энэ хүнд үед урам зориг, сэтгэлийн цэнгэл, уярал ухаарлыг Д.Отгонбаяр шүүгч мэдрүүллээ.

Тэр багийнхаа 16 оролцогчоос зөвхөн наймыг нь авч үлдэх ёстой байлаа. Гэвч түүний нарийн мэдрэмж, нүдээ олсон сонголтын ачаар 12-ыг нь дараагийн шатанд авч үлдсэн нь хэр сайн дасгалжуулагч вэ гэдэг дүнг тавьсан хэрэг. Сүүлийн хэдэн өдөр монголчууд Д.Отгонбаяраар амьсгалж, урамшиж, тэтгэгдэж байна. Монголын урлагийн нэгэн үеийг эзэлсэн “домог” болсон гитарчин гэдгээс гадна гэрэл цацарсан сэтгэлтэй жинхэнэ эх оронч, өндөр мэдрэмжтэй дасгалжуулагч, сайн менежер гэдгээ харууллаа. Урлагийн төлөөх үйлс бүхэн тань ундарч байхыг бүх монголчууд хүсэн ерөөж байгаа шүү, гавьяат аа.