Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн нэгд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” хэмээн заасан байдаг. Гэтэл ард түмний мэдэлд байх ёстой газрын доорх эрдэс баялгийг Сангийн сайд нь хувийн өмч мэт наймаалж суужээ. Бүр хамаатан садантайгаа нийлж байгаад шүү. Эрхэм сайдын төрсөн ах Ч.Гантулга, Ч.Гансүх нар Увс аймгийн Бөхмөрөн сумын “Хотгор шанага”-ын уурхайг Солонгосын компанид хоёр сая ам.доллараар зарсан гэдэг нь “Цензургүй сурвалжлага”-аар ил болов. Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Энэ надад хамаагүй” гэж гүрийсэн хэвээрээ байгаа.
Уснаас хуурай гарах гэсэн түүний арга барил нэг л болж өгөхгүй байна. Ингэж л түмний өмчийг хувийн юм шиг худалдаж, халаасаа дүүргэчихээд нүүрээ нуусан муур шиг аашилж байгааг нь харахаар өмнөөс нь ичих шиг. Төрд биш хувьдаа ашиг л олж байвал юуг ч хийхээс буцахгүй хүний нэг бол Ч.Хүрэлбаатар гэдгийг тэр өнгөрсөн хугацаанд өөрийнхөө хийсэн үйлдэл, гаргасан авираараа тодорхойлоод байх юм. Ингэж л эх орноо худалдаж ашиг олж, эрх мэдлийн шатаар өгсч, зөөлөн суудал, Төрийн ордноос холдох дургүй хүн болж хувирсан. Түүний хувьд эрх мэдэл гэдгийг эх орныхоо эрдэс баялгийг харийнханд худалдах шат дамжлага гэж ойлгосон бололтой. Өөрийнхөө ойлгосон ойлголтоо хамгийн сайн хэрэгжүүлж, төрийн хамгаалалтад байх өмчийг хувийн юм шиг наймаалан, нуугдаж суугаа далдын хар хүч гэхэд болно.