ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л. Орломжав: Ойгоор явахдаа тод өнгийн хувцас өмсвөл хачгаас сэргийлж чадна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-04-06

Хачгаар дамжин халдварладаг олон улсын аравдугаар ангилалд 28 өвчин бичигддэг аж. Манай улсад хаврын цагт хачигт халдвар ихээхээ тархдаг. Тэгвэл хачигт халдвараас хэрхэн сэргийлэх талаар Зоонозын өвчин судлалын Үндэсний төвийн эмч Л.Орломжаваас тодрууллаа.

Хачигт халдварын талаар ерөнхий мэдээлэл өгөөч?

Монгол Улсад хачигт гурван төрлийн хачигт халдвар болох хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз зэрэг халдваруудыг албан ёсоор оношлон бүртгэж, эхэлжээ. Хачигт энцефалит, хачигт боррелиоз өвчнийг дамжуулагч хачиг нь мод ихтэй бүс нутагт тархдаг, харин риккетсиоз өвчнийг дамжуулагч хачиг ихэнх нутгуудаар тархаж бэлчээрийн хачгаар дамжин халдварладаг. Монгол орны 8 аймаг 17 сум хачигт энцефалитын байгалийн голомт тэмдэглэгдсэн байдаг. Хачигт халдварын идэвхжлийн үе нь 4-6 дугаар сар байдаг аж. Хачигт риккетсиозын хувьд 21 аймгаар тархалттай. Бэлчээрийн малчдын сайн мэдэхээр малын бор хачгаар тархдаг. Үүгээр өвчилсөн хүмүүсийн дотор малчид болон, 0-9 настай хүүхдүүд болон эмэгтэйчүүд их байдаг байна. Хачгаас урьдчилан сэргийлэхийн тулд хачигт хазуулахгүй байхыг анхаарах хэрэгтэй.

-Иргэд ой хээрээр явган алхах дуртай болсон, мөн аялал зугаалгын улирал ч эхэлж байна. Тэдгээр иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Зөвхөн аялагчид биш, ой хээрээр мал амьтны яс, бугын эвэр, жимс ургамал түүдэг хүмүүс хачигт халдварт өр­төх нь их байдаг. Хачгийн халд­вараас урьдчилан сэргий­лэх вакциныг тарьдаг. Хамгийн гол нь иргэд ой хээрээр явахдаа хачиг харагдахуйц цагаан эсвэл, тод өнгийн,битүү хувцас өмсөх, нүдний шил зүүх, малгай, усны гутал өмсөх хэрэгтэй. Хачиг нь хүний толгой, үс, чихний арын хэсэг, суга, цавь, бэлхүүс, хүйс, өвдөгний тахимд ороод нуугдчихдаг учир биеийн нимгэн арьстай, хөлсөрхөг хэсгийг сайтар шалгах хэрэгтэй. Ялангуяа эмэгтэйчүүдийн үсэнд орж шигдэхээр харагддаггүй. Тиймээс малгай заавал өмсөхийг анхааруулъя. Ой­гоор явж ирээд бие биедээ үзлэг хийх хэрэгтэй. Явган явахдаа аль болох жим дагаж, өндөр өвс бутнаас зайдуу явна. Мөн малчид өдийд ямаагаа самнадаг учир анхаарах хэрэгтэй. Манай малчид мал төллөлтийн үеэр тамир муутай ишиг хургыг гэртээ арьс, эсгий дэвсээд ахуйтайгаа хольчихдог. Хүүхдүүд нь төл малтай тоглож, хачигт халдвараар өвчлөх тохиолдол их бий.

-Ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Хачигт энцефалитын өвч­ний үед халууралт хорд­лого, төв мэдрэлийн тогтолцооны гэмтлээр илэрдэг. Эмнэлзүйн хүнд хэлбэрээр илрэхээс гадна хүндрэл, үлдэц ихтэй аюултай өвчин шүү дээ.

-Хачигт хазуулсан тохиол­долд иргэд яах ёстой вэ?

-Эхний ээлжинд биед хачиг байгаа эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Улмаар эмнэлгийн байгууллагад хандаж зөвлөгөө авна. Хэрвээ эмнэлэг хол байвал, нарийн үзүүртэй хямсаа ашиглаж болно. Хямсаагаар авахдаа хачгийн толгойг огт үлдээж болохгүй. Иргэд биеийг нь авчихаад толгойг нь үлдээчихдэг. Толгойн сорж буй хошууг нь авахгүй бол хүний биед хачигний нян үлдэнэ гэсэн үг. Мөн гараар авах, няцлаж болохгүйг анхаараарай. Хачгийг авсны дараа спиртээр түлэх, эсвэл архи, вискигээр түлж болно. Хямсаанаас гадна утсаар авч болно. Утсаар авахдаа хачгийн хошуунд нь аль болох ойр зангидаад, удаан болгоомжтойгоор мушгин татах маягаар авдаг. Дараа нь мөн л спирт иодын уусмал, савантай ус, буцалсан усаар арчих хэрэгтэй.