Өөрчлөлт, шинэчлэлтийг 2016 оноос эхлэн өрнүүлсэн АН-ын энэ удаагийн шийдвэр олон нийтийн санаанд оромгүй сонголт байлаа. Тэр дундаа УИХ-ын сонгууль ойртчихсон энэ цаг үед удирдлагуудын томилгоо хийх нь бүү хэл, бүх зүйл жин тан болчихдог. Тиймээс хамгийн чухал эгзэгтэй цаг мөчид залуу үедээ боломж олгож, намынхаа “гал тогоо”-г хариуцуулж байгаа нь сайн хэрэг.
Хэрхэн удирдан, чиглүүлж, зохион байгуулах эсэх зөвхөн залуухан генсек Ц.Баатархүүгээс хамаарах нь ээ. Өөрөөр хэлбэл, АН ялалт байгуулах эсэхийг генсек мэднэ гэж хэлж болно.
Тэгэхээр АН-ын хувь заяаг Ц.Баатархүү яаж зурахаас бүх зүйл шалтгаална гэсэн үг. Энэ онд УИХ-ын сонгууль томсгосон мажоритар тогтолцоогоор явах бөгөөд өрсөлдөөн ихтэй байгаа билээ. Тиймээс намуудаас ялгарах гол онцлог нь мөрийн хөтөлбөр болоод улс орноо хөгжүүлэх бодлого юм. Үүнийг АН хэрхэн тодорхойлохоос энэ оны сонгуулийн үр дүн хамаарах биз. Ц.Баатархүүгийн хувьд улс төрийн хүрээлэлд багтаад багагүй хугацааг үдэж байгаа ч өөрийн хүрээллийг нийгэмд бүрдүүлсэн нэгэн. Тэрбээр НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж байна.
Ц.Баатархүү нийгмийн өмнө хүлээсэн үүрэгт ажлаа нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ нийслэлийн хөгжил, бодлогод намынхаа байр суурь, үзэл бодол, үйл хэргийг тусгах, хэрэгжүүлэх талаар багагүй зүтгэсэн байдаг. Нөгөөтээгүүр, өнгөрсөн хугацаанд сөрөг хүчний үүргийг нэр төртэй биелүүлж, эрх баригч намын буруутай үйлдэл, хуудуутай бодлогыг засаж, залруулах талаар багагүй ажиллаж иржээ. Түүнчлэн эрх мэдэл, албан тушаал гэхээс илүүтэй “Алдаа, оноо гаргавал олон таван үггүй хариуцлагаа хүлээчихдэг” улс төрийн соёлыг үлгэрлэж яваа нэгэн хэмээн намынх нь нөхөд үнэлдэг юм билээ. Тиймээс цаашид хариуцлага болоод шударга тогтолцоог улс төрд тогтоохын тулд хүчин зүтгэх байх хэмээн итгэж байгаа хүн олон бий. Энэ бүхнээс түүнийг ирээдүйтэй улстөрч хэмээн дүгнэж болно.