ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Шулаач”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-15

Улс төрөөс нэр муутайхан зодог тайлсан УИХ-ын гишүүн асан, “Монос” группын захирал Л.Эрдэнэчимэг монголчуудынхаа эрүүл мэндэд заналхийлэв. Тэрбээр улс төрд ч, бизнест ч дуулиантай амьдарч яваа нэгэн. Гэхдээ сайнаар бус үргэлж саар мэдээллээр түмэн олонд гэнэтийн бэлэг барьж, халдварт өвчнөөр далимдуулж, халаасаа зузаатгаж явна. Тэрбээр ард иргэдийнхээ эрүүл мэндээс илүү ашгийг нэн тэргүүнд тавилаа. Түүний удирддаг “Монос” групп үүсгэн байгууллагдаад 30 гаруй жилийн нүүр үзэж байгаа бөгөөд эрүүл мэнд болон гоо сайхны салбарт тэргүүлэгч нь билээ.

Монгол Улсын эмийн зах зээлийг “Монос” групп эзэгнэсэн хэмээн ойлгож болно. Гэтэл онцгой цаг үед ард иргэдийн хэрэглээнд тулгуурлаж, ашиг олох луйврын системийг хэд хэдэн удаа гаргалаа. Тухайлбал, шинэ төрлийн коронавирус дэгдэж, дэлхийн зах зээлд нэг удаагийн маскны хомсдол үүсэхэд “Монос” групп хамгийн түрүүнд үнээ нэмж байлаа. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн цэнхэр маскыг ширхэгийг нь 1000 төгрөгөөр зарж, дундаас нь 700-800 төгрөгийн ашгийг унагаж, иргэдээ “шулж” байсан удаатай.

Дараа нь гар ариутгагч бодисын гол найрлагад хүнсний спирт ашиглаагүй. Харин техникийн спиртээр гар ариутгагч буюу “Санитас”-ыг хийж, зах зээлд нийлүүлж байсан нь МХЕГ-ын шалгалтаар илэрсэн байдаг. Гэвч “Монос” групп хийсэн үйлдэлдээ харамсах нь бүү хэл гүтгэж байна гэсэн утга бүхий мэдэгдлийг гаргаад, өөрийгөө хамгаалж сууна. Иргэд тус байгууллагыг ард иргэдэд үнэгүй маск, ариутгагч тараахыг шаардсангүй, нэхсэнгүй. Харин мөнгөөрөө хор худалдан авч, халдвараас дутахааргүй эрүүл мэндээ муутгаж яваагаа бас мэдсэнгүй. Тиймээс онцгой цаг үед ашгийн төлөө ажиллаж, иргэдийн эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, ашиг олж, “шулж” байгаа “Монос” группын үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах ёстой.