ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хоосон сав чимээ ихтэй”

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-04-24

“Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн байдал ороо бусгаа” хэмээн их зохиолч Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэгт дурддаг. Үнэхээр ч дэлхий даяар  олон сая хүнийг айдаст автуулсан цар тахлаас болж нийгэм, цаг үеийн байдал ороо бусгаа боллоо. Нөхцөл  байдлыг даван гарахын тулд дэлхий нийтээрээ боломжтой арга хэмжээг авсаар байна. Манай улс ч ялгаагүй чадлаараа ажиллаж байгаа ч иргэдэд хүрч ажиллах, тэдний эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг нийгэмд бий болгох  үүрэгтэй ШӨХТГ гарт баригдаж, нүдэнд харагдах ажил хийхгүй байна. Тус газраас бараа, бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмж хэрэглэгчдийг хохироосон иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хариуцлага тооцож, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцлах саналыг холбогдох газруудад хүргүүлэхээ мэдэгдсэн хэмээн мэдээлж байсан. Тиймээс ШӨХТГ-ыг удирдан яваа Б.Лхагва дарга танд хандаж  хэдэн үг хэлмээр байна.

Анх цар тахал урд хөршид гарч эхэлсэн сургаар амны хаалтын үнэ тэнгэрт  хадаж, сүүлдээ олдохоо байв. Гэтэл  та өнгөрсөн хойно нь хашхирав гэгчээр, эмийн сангууд амны хаалт,  гар ариутгагчын үнээ нэмж, зохиомол хомсдол үүсгэсний дараа “шалгана, хуулийн дагуу арга хэмжээ авна, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлнэ” хэмээн мэдэгдсэн ч тусыг  эс олов. Цагийн сайханд 100 төгрөгөөр худалдаж авч байсан нэг удаагийн амны хаалтыг 1000 төгрөгөөр булаацалдан авч байсан нь саяхан. Аргаа барахдаа иргэд даавуун маскыг  өрхийн үйлдвэрлэл болгож, нийгмийг амны хаалтын хомсдолоос бага ч гэсэн ангижруулсан гэхэд хэлсдэхгүй биз ээ.  Эмийн сангуудад танай байгууллага,  ялангуяа та хяналтаа тавьж чадаагүй.

Дараагийн танд дуулгах ёстой зүйл бол  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, мах, шатахууны үнийн асуудал. Шатахууны үнийг өнгөрсөн  гуравдугаар сараас  шат дараатай буулгаж,  өнөөдрийн  байдлаар АИ 92 бинзен дээд тал нь 1490 төгрөгт хүрлээ. Шатахууны үнэ удаа дараа нэмэгдэх тоолонд иргэдийн өдөр тутамдаа хэрэглэдэг хүнс, барааны үнэ төдий чинээ нэмэгдэж жирийн  иргэдэд дарамт болсон. Гэтэл өнөөдөр шатахууны үнэ 400 орчим төгрөгөөр  буурсан ч барааны үнэ буурахгүй байгаад та анхаарал тавьж,  ажлаа хийнэ үү. Өнөөдрийн цөвүүн цагт махны борлуулалтын орлогоо  хоёр нугалж олсон тухайгаа бахархан ярьсан махны худалдаачин эмэгтэй ч иргэдийг  “даапаалж” байна шүү, Б.Лхагва даргаа. Такси үйлчилгээнийхэн ч шатахууны үнэ нэмэгдэх сургаар километр тутмынхаа үнийг нэмчихээд, одоо буулгахгүй гүрийсээр л. Шаардлага тавьсан иргэдийг хэл амаар доромжилж байна, тэд. Бас л үнийн  асуудалд хяналт тавьж чадахгүй байна,  та.

Шатахуун импортлогчид “чанаргүй шатахуун нийлүүлж байгаа эсэхийг шалгана” гэж урд өдөр нь зарлачихаад шалгадаг Б.Лхагва дарга та нийгэм эдийн  засгийн байдал ямар хэмжээнд байгааг мэдмээрсэн. Эдийн засаг хямарсан, олон иргэн ажилгүй, орлогогүй,  байгууллагууд ажилчдаа орон тооны цомхотголоор халж байхад, нийгэм, зах зээлдээ уялдуулан ажлаа хийгээч. Томоохон худалдааны төв,  такси үйлчилгээний компаниудын  төлөөлөлтэй уулзаж, шударгаар үйл ажиллагаагаа явуулах шаардлага тавиач. Ажлаа хийгээч гэж хэлмээр байна.