Яруу найрагч Айлтгүйн Төмөр-Очир хэмээх эрхмийг энэ удаагийн “Сондгой өнцөг” булангаараа та бүхэнтэй уулзуулж байна. Бид энэ удаа улс төрийн сэдвээр яриа өрнүүллээ.
-Хэрэв таныг дургүйцэхгүй бол улс төрийн талаар ярилцаж болох уу. Манай ярилцлагын өнцөг нь өөрөө хэн нэгэнтэй эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажлаас нь өөр сэдвээр ярьдаг юм?
-Бололгүй яах вэ.
-Та улс төрийн ямар үзэл баримтлалтай хүн бэ. Аль нэг намын гишүүн үү?
-Би МАХН-д 1981 онд элсч байлаа. Тэр үед армийн 10000 цэргээс сахилга бат, хөдөлмөр хүмүүжлээр нь сонгож хоёрхон цэргийг намд элсүүлэхэд Ховдын Р.Доржготов гэдэг цэргийн хамт, намын гишүүн болж байлаа. Түүнээс хойш 35 жил МАХН буюу одоогийн МАН-ын гишүүн гэж эгнээнд нь явлаа. Энэ хугацаанд намын Их хурлын гишүүнээр сонгогдож байсан удаатай. Энэ намын хайртай боловсон хүчний нэг явсан үе бий.
-Явсан үе бий гэдэг нь?
-2016 оны тавдугаар сарын 9-нд би намаасаа гарсан. Одоо харин нам бус.
-Яагаад, юуны учир намаасаа гарахаар болов?
-МАН хоёр хуваагдахад манай нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Улаан намаасаа урвасан. МАХН-аас УИХ-ын гишүүн болон сайд дарга хийж байгаад 2016 оны тавдугаар сарын 8-ны өдөр сонгуулийн өмнөхөн МАН-д буцаж ирсэн. Тиймээс л луйварчин, урваач шарваачдыг эгнээндээ элсүүлдэг, тэр хүмүүсийг буцааж авдаг намд амьсгалж, амьдарч чадахгүй гутамшигтай байсан учраас тэднийг буцаж элссэний дараа албан ёсоор намаасаа гарсан. Бүр нэг хоногийн дараа л гарч байсан юм. Нам гэдэг бол урваж, шарваж явдаг эд биш. Тухайн хүн үзэл бодлоороо намаасаа гарч, орж болно. Намаасаа татгалзаж ч болно, албан тушаал аваад түдгэлзэж ч болно. Харин Ч.Улааны хувилбар бол арай тийм биш байсан. Тиймээс түүнийг нь эсэргүүцэж, намаасаа гарсан юм. Би 2013 онд Энэтхэгт элэгний хүнд хагалгаанд орж байлаа. Өөрөөр хэлбэл, үхэж үзсэн хүн. Энэ амьдралын мөн чанар, хатуу хөтүү, урваж, шарвах, чигээрээ явахын мөн чанарыг үзсэн хүн. Үхэхэд үзэл бодол, нэр төр, хүн хүнээрээ байхаас өөр юу ч хэрэггүй юм байна гэж мэдэрсэн учраас тийм шийдвэр гаргасан.
-Та төрийн эрх барьж буй намуудыг шүүмжилж буй харагддаг. Төрийн эрхийг ээлжлэн барьж буй хоёр намыг ялгахгүйгээр шүүмжилдэг. Яагаад тэгдэг юм бэ?
-Миний үзэл баримтлал гэж өөрийн гэсэн тусдаа онол, тусгай чиг баримжаа байхгүй. Монгол Улсын Үндсэн хуульд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулна, хүний эрхийг дээдэлнэ, хууль ёсыг дээдэлнэ гэж байгаа. Бид Монгол Улсыг хөгжүүлэх, эх орноо бусдын дайтай байлгах зорилготой. Үндсэн хуульдаа ч тэгээд тусгачихсан. Гэтэл аль ч нам үнэн, худлыг нь мэдэхгүй мөрийн хөтөлбөр боловсруулж, гарч ирээд төрийн эрх барихаараа, эх орныхоо төлөө, ард олныхоо төлөө ажилладаггүй. Тиймээс л мөнхийн шүүмжлэгч явж ирлээ. Ардын намд байх үедээ хүртэл “Малынхаа шүлхийг дараад авлаа. Намынхаа шүлхийг хараад суух уу” гэж намаа шүүмжилж нийтлэл бичиж байлаа. Сүүлд “Ардчилсан нам арьс яс, Ардын нам араг яс болжээ” гэж ярилцлага хийж байсан. Мөн “Эмнэг хар азарга” гэдэг номдоо хүртэл эрх барьж байсан намуудыг шүүмжилж “Монголын төрийг мод юм бол хөрөөдөөд дууслаа, морь юм бол тараагаад аллаа, майхан юм бол ураад чулуудлаа, малгай юм бол нохойд өмсгөлөө” гэж хүртэл бичиж байлаа. Би Монгол Улсыг сайн сайхан яваасай л гэж боддог. Гэтэл өнөөдөр энэ улсын хувь заяа ангал дээр гэх үү, ирмэг дээр гэх үү ирээд байна. Намынхаа Их хуралд хүртэл “Их хурал дээр унтдаг хонь байснаас, иргэдийн дэргэд ульдаг чоно байя” гэж хүртэл хэлж байсан юм. “Тамга ямар байх нь хамаагүй ээ. Морь хурдан л байх ёстой” гэдэг шиг Нам ямар байх нь хамаагүй ээ. Яруу найрагч бол эх оронч л байх ёстой. Тиймээс намд байхдаа ч шүүмжилдэг байсан, намаасаа гараад ч шүүмжилсэн хэвээр л байгаа. Шаардлагатай гэвэл МАН-д буцаад ороод ч шүүмжилнэ. Монголын төр мухар сохор үхэр шиг болж тартагтаа тулаад байна.
-Нам хэрэггүй гэж боддог хүмүүсийн нэг үү?
-Үгүй ээ. Намууд үүргээ гүйцэтгэхгүй дэндүү муу байсан, ард түмнийг залхаасан учраас л ард түмэн “намгүй болох ёстой” гэх мэт яриа гаргаж буй юм. “Ардчилал гэдэг чинь адгийн шаар юм. Тэгэхдээ одоохондоо үүнээс дээр хувилбар алга” гэдэг ухаантны үг байдаг. Тиймээс ардчилал байгаа л бол нам бол байна. Хуулиараа ч тийм байгаа.
-Таныхаар Монголд бодлоготой нам байна уу. Улс төрийн 90, 30 жилийн түүхтэй атлаа бодлогын нам болох эхлэлээ тавилаа гэж яриад байхаар л гайхаад байгаа юм?
-Одоогоор Монголд 24, 25 нам байх шиг байна. Тэр намууд сонгодог хувилбараар явж чадахгүй байна. Хэсэг бүлэг хүмүүсийн төлөө үйлчилж, мафийн шинж чанартай, хулгайн бүлэглэл маягтай болчихсон. Аль нь ч итгэл дааж чадсангүй. Манай улсын тусгаар тогтнол тугал шиг хүзүүдүүлж, үндэсний аюулгүй байдал нь үнээ шиг мөөрөөд л зогсч байна. Сэтгэлд нийцэж байгаа нам байхгүй болохоор намгүйгээр явж байгаа юм.
-Таны бодлоор тэгвэл нам гэж ямар байх ёстой юм. Тодорхой санал байх л ёстой?
-Намуудад улс төрийн бодлого огт байхгүй байна уу гэвэл тийм биш. Байгаа ч тэр нь эдийн засгийн сонирхолтой. Хөрөнгө мөнгө идэх завших, эх орноо үл бодох, ичих айх мэдрэмжгүй, ёс суртахууны хэм хэмжээ алдагдсан байна шүү дээ. Дээр нь өшөө авах, хонзогнох, талцах, хуйвалдах нь энэ улсыг сөнөөж байна. Одоо харин Монголыг аврах шинэ хүчин үгүйлэгдэж байна. Үндэсний баатар үлгэрлэн дуурайх хүн дутаж байна. Тийм хүнийг төрүүлмээр байгаа юм. Жагсч зогсоод энэ бүх алдааг засч чадахгүй. Учир нь жагсаал 1990 онд үнэ цэнэтэй байсан юм. Ганцхан орилоод л цугладаг байжээ. Одоо бол жагсаал, цуглааны үнэ цэнэ алдагдсан. Олон жагсаал, цуглаан үзлээ. Олон иргэний хөдөлгөөний жагсаал дээр үгээ хэллээ. Гэтэл бүгд ардаа эзэнтэй, бууны нохой, эмгэнэлтэй байдалд орсон хүмүүс байдаг. Үнэхээр улс, эх орныхоо төлөө санаа бодлоо чилээж байгаа бол бүгд л нэгдэх ёстой биз дээ. Зүйрлэвэл, хотонд чоно орж ирэхэд хоёр нохой нь хоёулаа дайрвал зүгээр биз дээ. Хажуу айлын нохой ирээд дөрвөн нохой байвал бүр гоё. Түүнтэй адил хамт зорилгоо яриад “Мафи шиг болсон төрийн эсрэг тэмцье” гэж бүгдтэй нь ярьж үзсэн. Тэгэхээр л бүгд бие биедээ нэр хоч өгч, түүний хүн, энэ ч түүнийх гэх мэтээр харлуулж, бие биеэ хүлээн зөвшөөрдөггүй. Эцэст нь бүгд хүчгүй болдог. Хоёр нам, иргэний хөдөлгөөнүүд нь ч гэдсэндээ хөлөө хийлцэж, адгийн байдалд ороод сульдаад дуусч байна. Үүнийг ганц л юм өөрчилнө. Ард түмэн өөрсдийгөө сонгуулиар л аварна, засна. Өөр арга байхгүй. Өнгөрсөн жилүүд шиг нэг тал руу харж нэг хулхидуулж, эргэж бас хулхидуулаад, нөгөөхөө мартчихаад дахиад л хулхидуулаад байж болохгүй. Монгол цөстэй, монгол цустай, монгол зүстэй хүн бүхэн дээр дооргүй анхаарахгүй бол болохгүй. Би эсвэл түргэдэж буруу сэтгээд “хөхөөний ам” болоод байна уу. Эсвэл хүмүүс ийм хэнэггүй гөлгөр, уйтгартай, эмгэнэлтэй болчихов уу. Уг нь агуу ард түмний нутаг дэвсгэр, түүх, соёл нь хүртэл агуу шүү дээ. Эзэн Чингисийн үр сад ингэж явах учиргүй.
-Манайхан эрх барихаараа мартчихаад, цөөнх болохоороо л ухаажиж байгаа харагдах юм. Тухайлбал өмнөх дөрвөн жил эрх барьж байсан АН-ын талаар юу гэж боддог вэ?
-Би шууд хэлчих үү. АН бол хулгайч нам шүү дээ. Гэхдээ би өнгөрсөн сонгуулиар Х.Баттулгыг дэмжсэн. Зөвхөн хүнийг нь харж сонгосон хэрэг. Түүнээс биш АН сайн гэж сонгоогүй юм. 2012-2016 онд эрх барьж байхдаа энэ улсыг устгалаа шүү дээ. Одоо тэр намын хамаг, мэддэг чаддагууд нь шоронд орчихлоо. Төрийн ихэс дээдэс ингэж ялзарч, толгой нь хамуурч, ингэж ичих айхаа мартчихаж. Аливаа юманд хэмжээ хязгаар байх ёстой. Идэж уух зүйл байлгүй л яах вэ. Тэгэхдээ эх орноо газар шороогоо зарчихсан байхад энд бухимдахгүй яах билээ. Сэтгүүлчид гомдох л байх. Энд нэмээд хэлэхэд сэтгүүлчид дөрөв дэх засаглалын үүргээ гүйцэтгэхгүй байгаа шүү. Сэтгүүлчид бол зөвхөн сонгуульд нэр дэвшигчдийн гишгүүр болдог. Нуруун дээрээ гишгүүлж дарга нарыг суудалд хүргэдэг. Дараа нь тэднийг магтан дуулдаг л хүмүүс болсон. Ийм бялдууч, долигонуур болчихлоо. Хатуу сонсогдож магадгүй л юм. Хаусаар шагнуулдаг, гадаад дотоод явах эрхээр шагнуулдаг, мөн чанараа алдсан, үзгээ худалдсан, үгээ хавчсан, хэлээ хазсан хүмүүс боллоо. Маргааш сэтгүүлчдийн байгууллагын баяр, форум болох гэж байна. Би үүнийг зориуд хэлж байгаа юм шүү. Монгол Улсын тусгаар тогтнол ганхахад, сульдахад сэтгүүлчид их үүрэг гүйцэтгэж байгаа юм шүү. Уг нь бид сэтгүүлчидтэйгээ нийлээд, ард түмэнтэйгээ нийлээд дайрах юм бол энэ муу хэдэн авлигачид, энэ улсын толгойд сууж буй “бузруудын” хонгыг сэт татна даа.
-Та сонгуулиар Х.Баттулгыг дэмжсэн гэж ярилаа. Ерөнхийлөгч болоод таны санасанд хүртэл ажиллаж чадаж байна уу?
-Зарим талаараа чадахгүй байна. Авлигачидтайгаа тэмцэхгүй байна. Авлигачидтайгаа тэмцэхийг улс орон чинь, ард иргэд чинь хүсээд байна шүү дээ. Тухайлбал, ард түмэн чинь доромжлолыг тэвчээд яваад байна. Дарангуйлалыг тэвчихгүй шүү дээ. АНУ-д С.Баяр байшин худалдаж авч, Хотгор шанагын уурхайг Ч.Хүрэлбаатар зарж байхад энэ хүмүүстэй тэмцэх ёстой байхгүй юу. Монгол Улсыг 27 тэрбум ам.долларын өрөнд оруулсан энэ хүмүүстэй Ерөнхийлөгч тэмцэх ёстой.
-Таны 35 жил намын гишүүн нь байсан нам эдүгээ УИХ-д 65 суудалтай олонхи болсон байна. Хэр ажиллаж байх юм?
-Болохгүй байна. Намын Их хурал, Бага хурал болохыг харж байхад тэнд ял авсан “хулгайчууд” нь явж байна лээ. Би намаасаа гарсан, буцаад ороход ч бэлэн байна. Би эргээд намд ороход ч бэлэн байна. Дотор нь ороод идээ бээрийг нь хагалах хэрэгтэй байх. Би яруу найрагч гээд зүгээр сууж болохгүй шүү дээ. Тусгаар тогтнол, улс орноо устгачихаад хэнд, юунд зориулж уянгалах билээ. Тиймээс иргэний, улс төрийн хатуу ширүүн сэдэв рүү манай зохиолчид дайрч орох хэрэгтэй. Энэ улс тартагтаа туллаа. Монголыг өнөөдөр буу сумаар аврахгүй үгээр аварна. Чингисийн хааны сургаальд “Биеийн хүчээр нэгийг дийлнэ. Билгийн хүчээр түмнийг дийлнэ” гэж байгаа. Ганцхан А.Төмөр-Очир хэлэх биш. Арван яруу найрагч, арван зохиолч нийгмийнхээ сайн сайхны төлөө тэмцэх юм бол ард түмэнд нэгийг бодогдуулна шүү дээ. Улс төрийн муухай хар үүлийг, хортой бороо оруулаад байгаа энэ үүлийг яруу найрагчид бид үгээрээ зад буудах ёстой.
-Өнөөгийн улс төр, намуудыг хангалттай шүүмжиллээ. Гэхдээ амьдрал л болсон хойно дандаа хар бараан зүйл байхгүй шүү дээ. Тиймээс жаахан гэгээтэй талаас нь ярья. Ер нь яавал манай улс сайхан хөгжих бол?
-Би Сүхбаатар аймгийн Дарьгангын уяач хүн. Мориор жишээ татан ярих дуртай. Морь хатгах гэж манайхан мэднэ дээ. Хөл нь доголчихсон морийг хатгаад зүгээр болгочихдог. Тэгэхээр төр бол хөл нь доголчихсон морь юм. Үүнийг яг морь хатгадаг шиг зөв газар нь хатгаад л зүгээр болгох ёстой. Юугаар вэ гэхээр, зөвхөн үнэн үгээр л хатгах юм. Дөнгөж сая бодоод явж байлаа. Үнэн үгээр төр өлсч байна. Бялдуучдын энэ нийгэмд үнэн үгээр өлсч байна. Тийм учраас үнэн үг л аварна. Үнэн үг гэдэг үнэтэй мориноос үнэтэй. Тиймээс сая би С.Баярт зориулж захиа бичсэн юм. Магадгүй тэр хүн залуу эхнэртэйгээ, найман байшиндаа сууна гэж бодсон байх. Энд шалан дээр хэвтэж байна гэж бодоогүй л байх. Тэр чинь хүн шүү дээ. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш гэж үг байдаг даа. Тэр захиандаа “Үхэл чиний дэргэд байна, үнэн чамаас дэндүү хол байна, Баяраа” гэж бичсэн юм. Тэр хүн хууль журмыг тоохгүй байж болно. Тэгэхдээ үнэн үг, миний захиаг хэлэх юм бол уйлаад гараад ирэх байх. Хамгийн сүүлд нь “Хорвоо дэлхий уужим шүү, хожгор толгой чинь мэдтүгэй” гэж бичиж байгаа юм. Удирдагчид ард түмнээсээ уучлал гуйж болно. Уучлал гуйх гэж том гарц байгаа юм. Авлигачид нь гараа өргөөд гарч ирээд, хөрөнгөө хураалгаад ард түмэн минь уучлаарай гэхэд монголчууд уучилж чадахаар ууч ард түмэн шүү дээ. Тэгээд сүүлд нь улстөрчдийг мэдрэмжтэй байгаасай гэж хэлье дээ. Мэдрэмж муутай мэлтийж явснаас, мэдрэлийн эмнэлэгт гөлийж хэвтсэн нь дээр. Улстөрч хүний нэр хүнд унах нь уушги муутай хүний цэр ховхрохоос амархан. Тийм эмзэг. Тийм учраас нэр унасан хүмүүс улс төр хийнэ гэдэг, улс орноо удирдана гэдэг хэцүү дээ. Монголчууд нэр хугарахаас яс хугар гэж хэлдэг шүү дээ.