ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

И.Сталинтай гар барьсан эмэгтэй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-06

Олноо “фронт” Цэгмид хэмээн алдаршсан Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат С.Цэгмидэд Аугаа их ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гарган, тус улсын хүндэт шагнал, “Найрамдал” одонгоор шагнажээ. Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Мерген Владимирович өөрийн биеэр энэхүү шагналыг хүргэн өгч, гардуулсан сайхан үйл явдал тохиож байна. “Фронт” С.Цэгмид нь өдгөө 98 насыг зооглож, төрөлх нутагтаа энх тунх эрүүл саруул аж төрж байгаа. Зургаан ханатай гэртээ 50 шахам ботгоо тэжээн онд мэнд оруулж, нэгдлийн 500 хонь маллаж, ердөө 18-хан насандаа “Улсын сайн малчин” болж байсан хөдөлмөрч дайчин чанар нь түүнийг эх орныхоо нэрийг өндөр өргөж, Их гүрний ахан дүүсэд тусламж хүргэх жагсаалтад оруулах ховорхон заяаг бэлэглэсэн гэдэг.

1942 онд Дэлхийн хоёрдугаар дайны үед фронтын шугаман дээр Монголын ард түмний халуун сэтгэлийн бэлгийг гардуулж өгөхөд тусламж хүргэсэн амьд гэрч болж үлдсэн цөөхөн хүний нэг нь тэр. Бэлэг хүргэж өгөхдөө ердөө 19-хөн настай байсан бөгөөд Зөвлөлтийн улаан армид хүргэж өгсөн бэлгийн гуравдах цувааны 30 орчим төлөөлөгчийн нэг болж очсоноо 98 нас зооглосон ч яг л тэр өдрийнх мэт хуучилж суух нь гайхамшигтай.

Тэрбээр, Свердловскийн галын шугаманд хуваарилагдан очиж, тэндээ 7-8 өдөр болж, монголчуудаас өгсөн дээл хувцас, арьс нэхий, мах хүнсний зүйлийг тараан өгч байсан талаараа дурсдаг. Энэ талаар ярихдаа “Монголынхоо эмэгтэйчүүд, залуусын төлөөлөл болж фронтод буу дуугаргаж, их буугаар буудаж үзсэн. Монголын ард түмний сэтгэлийн хандиваар бүтсэн 40 гаруй танкийг хүлээлгэж өгсөн. Дундговь аймгаа төлөөлж үг хэлж байлаа. Мөн ЗХУ-ын баатар нисгэгч, П.В.Носовтой хэл нэвтрэлцэхгүй ч нэг онгоцноор нисэж, түүнээс захидал хүлээн авсан минь хамгийн эрхэм дурсамж болон үлдсэн” хэмээн хэвлэлд ярьж байжээ.

“Фронт” С.Цэгмид гуай И.Сталинтай гар барьж, Маршал Х.Чойбалсангаас шагнал гардан авч байсан олон түүх, олон бахархлын эзэн билээ. Мөн 1985 онд Халхын голын ялалтын медалийг энгэртээ зүүсэн, Монголын бахархал болсон нэгэн буурай юм. Үр ачаа тойруулан өнөд жаргаж суугаа эрхэм буурайд Монголын ард түмний өмнөөс халуун баяр хүргэе. Урт насалж, удаан жаргаарай.