УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү аавынхаа орыг залган, улс төрд хаалга тогшин орж ирлээ. Ингэхдээ тэр улс төрийн өндөр албан тушаал бүрийг дамжиж байх аж. Г.Дөлгөөний хувьд дөнгөж 30 гаруйхан настай залуу боловсон хүчин. Гэвч хэрийн аавын хүү зүтгэж, зориод ч хүрэхгүй албан тушаалд сайн эцгийн нэрээр хүрч байх юм. Тэрбээр, МУИС-ийг Олон улсын эдийн засагч, Люксембургийн Их сургуулийг банк санхүүгийн магистр зэрэгтэй төгссөн ч төрийн албаны мерит зарчмаа дагавал мэргэжилтэн хэмжээнд л ажиллаж байх ёстой.
Угтаа, сургуулиа төгссөнөөс хойш банк, санхүүгийн салбарт ердөө найман жил ажиллаж байгаа учраас мэргэжилтнээс эхлээд хэлтсийн дарга, цаашлаад 10-15 жилийн дараа л банк санхүү удирдаж, Тэргүүн дэд Ерөнхийлөгч болох журам үйлчлэх учиртай. Гэтэл залуу хархүү Төрийн банкийг удирдаж, мөн Монгол Улсын Хөгжлийн банкинд Эрсдэлийн үнэлгээний газрын захирлаар тус тус ажиллаж байлаа. Харин энэ удаа тэр Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллахаар болж, өнгөрөгч баасан гарагт албан үүргээ хүлээж авлаа. Энэ удаагийн томилгоо чадвартай, мэдлэгтэй залуу үеийг дэмжсэн гэхээс илүү аавынх нь тойргийг авахын тулд албан тушаалын бэлэг өгсөн үйлдэл боллоо хэмээн хардаж буй нь үнэний ортой. Учир нь улстөрч Н.Ганбямбын тухайд төрсөн нутаг Хэнтийдээ чамгүй нэр хүндтэй. Аль ч тойрогт өрсөлдөөд гарч ирсэн ялалт байгуулах магадлалтай. Гэвч хүүд нь албан тушаал өгөх замаар аавынх нь тойргийг авах зайлшгүй шаардлага үүсээд буй юм. Учир нь тус тойрогт МАН-ын дарга У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөнө.
Мэдээж Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд тойргоо өгөхгүй хэмээн гүрийх нь тодорхой. Тиймдээ ч тойрог “булаалдах” том өрсөлдөгчийнхөө хүүд том албан тушаал өгөх замаар наймаа хийчихлээ хэмээн олон нийт хардаж буй юм. Гэвч Г.Дөлгөөний хувьд сайн эцгийн нэрээр албан тушаалд очсон уу, эсвэл сайн мэргэжилтэн, залуу үеийн шилдэг төлөөлөл учраас үнэлэгдсэн үү гэдгээ нотлон харуулах шаардлага үүснэ. Тэргүүн дэд Ерөнхийлөгчийн хувиар, мөн Олон улсын эдийн засагчийн чадвараа одоо л нотлон харуулж, Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага болох FATF-ын “Саарал жагсаалт”, Европын холбооны “Хар жагсаалт”-аас улс орноо гаргах том үүрэг даалгавар авч байна. УИХ-ын дарга Г.Занданшатар ч түүнийг томилогдох хуралдааны үеэр эдгээр залуус улс орноо “Хар жагсаалт-аас гаргана хэмээн мэдэгдсэнийг ч энд зориуд сануулъя.