УИХ-ын чуулганаар өчигдөр АН-ын дарга С.Эрдэнийн санаачилсан Мөнгө хүүлэлтийн эсрэг Зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Гишүүдийн ихэнх нь энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Мөн ихэнх гишүүд зээлийн хүүг бууруулахад чиглэсэн дорвитой арга хэмжээ авах цаг нь болсон гэж үзлээ. Харин УИХ-ын гишүүн Н.Учрал зээлийн хүүг бууруулахыг эсэргүүцсэн шинжтэй үг хэлж, “Зээлийн хүү бууруулах талаар яриад сууж байгаа даа ичих хэрэгтэй” гэсэн утгатай мэдэгдэл хийв. Хэтрүүлж хэлбэл илт эсэргүүцсэн. Мэдээж зээлийн хүүг хүчээр буулгана гэдэг тийм амар биш байх. Гэхдээ л буулгах ямар нэг арга чарга хайж, шийдэлд хүрэх цаг болсон. Гэтэл өндөр боловсролтой, юм үзэж, нүд тайлсан гэгдэх залуу гишүүн зээлийн хүү өндөр байгааг юман чинээ тоодоггүй юм байна. Хэлсэн үгнээс нь дүгнэхэд шүү.
Аргагүй дээ, үе дамжсан баян хүн. Бага балчир наснаасаа авхуулаад өнөөдрийг хүртэл мөнгө төгрөгөөр дутаж үзээгүй байх. Цалингийн зээл аваад, хүүнд дарлуулж суугаагүй биз. Орон сууц ипотекийн зээлээр авчихаад, 20 жил төлнө дөө гэж ч шаналаагүй байх. Хөрөнгө орлогын мэдүүлэг харахад, жилдээ 100-500 сая төгрөгийн орлоготой гишүүдийн нэр дунд түүнийх бичигдэж байна. Нарийн ярьвал, жилдээ 377 сая төгрөгийн орлого олдог. 2017 оны мэдүүлэгтээ дөрвөн орон сууцтай гэж бичиж. Үнэлгээ нь 2.5 тэрбум төгрөг. Машинууд нь гэхэд 435 сая төгрөгийн үнэ хүрэхээр. 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэрбээр 1.2 тэрбумын хадгаламжтай гэж мэдүүлсэн. Ийм баян хүнд зээлийн хүү хэд байх, бууруулах шаардлага байгаа эсэх ёстой түй ч хамаагүй байх. Тиймдээ ч сүржин сүржин юм ярьж, зээлийн хүүг бууруулах арга зам хайж байгаа хүмүүсийг жадлан эсэргүүцэж байгаа биз. Яах вэ, зээлийн хүүг бууруулах арга зам нь зөв, буруу янз бүр байж болно. Хамгийн гол нь зээлийн хүүг бууруулах цаг болсон гэдгийг үе дамжсан баян түшээд, хөрөнгө мөнгө нь хэтийдсэн хүмүүс ойлгомоор юм даа.