ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Тогтохсүрэн: Хуралдаанд төрийн албан хаагч худал мэдээлэл өгвөл огцрох үндэслэл болно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-29

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн талаар ярилцлаа.

-Хаврын чуулганаар хэлэлцэгдэх томоохон хуулийн төслийн нэг нь УИХ-ын чуулганы Дэгийн тухай хууль. Хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэж амжих уу?

-Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон том хуулийн төслийн нэг нь яах аргагүй УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль. Энэ хуулийн төслийг УИХ-ын 16 гишүүн санаачилсан. Хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэж амжина гэж бодож байгаа. Чуулган завсарлахаас өмнө анхны болон эцсийн хэлэлцүүлгийг хийж амжих байх. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэгт МАН, АН-аас УИХ-ын гишүүд орж ажиллаж байгаа. Ажлын хэсэг нэлээд сайн ажилласан байна билээ.

-Дэгийн хуулийн хамгийн том өөрчлөлт юу юм бэ?

-Агуулгын хувьд гурван том өөрчлөлт байгаа юм. Тухайлбал, УИХ-ыг хариуцлагажуулах, УИХ-ын гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх гэх мэт өөрчлөлтүүд орсон. Ээлжит чуулганы хуралдаанд гуравны нэгд нь суугаагүй бол эргүүлэн татна. Харин байнгын хорооны хуралд гурав ба түүнээс дээш хугацаанд суугаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй тасалсан тохиолдолд тус байнгын хорооны гишүүнээс чөлөөлнө. УИХ–ын гишүүн хүний өмнөөс кноп дарахгүй байхын тулд хурууны хээгээр бүртгэдэг болно. УИХ болоод гишүүдийг нэлээд хариуцлагажуулсан заалтуудыг тусгаж өгсөн. Энэ үеэр Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж байна. Энэ талаар ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа юм. Тиймээс Дэгийн хуульд Үндсэн хуулийг хэлэлцэх асуудлыг тусгаж өгөөгүй. Үндсэн хууль өөр дэгээр явах ёстой. Үүнийг нарийвчилж зааж өгч байна. Ердийн хурлаар УИХ-ын гишүүн дөрвөн минутаар үг хэлж байгаа. Нэг минут нэмэлт авч байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг яривал найман минут үг хэлнэ. Хоёр минут нэмэлтээр тайлбар авна. Ийм болгож байна. Үндсэн хуулийг хэлэлцвэл заавал ард түмнээс санал асуулга явуулна гэж байгаа. Журмынхаа дагуу УИХ нэгдүгээр, хоёрдугаар хэлэлцүүлгээ хийнэ. Гуравдугаар хэлэлцүүлгийн өмнө ард түмнээс санал асуулга явуулна гэх мэт гурван том өөрчлөлтийг хийж өгч байгаа юм. Үүгээрээ бидний барьсан дэгийн тухай хууль онцлогтой.

-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн өргөн мэдүүлсэн төслөөс юугаараа ялгаатай юм бэ?

-Д.Хаянхярваа гишүүний өргөн барьсан хуулийн төсөл зөвхөн  хуралдаанд гуравны нэг нь суугаагүй тохиолдолд эргүүлэн татахаар оруулж ирсэн. Биднийх Д.Хаянхярваа гишүүний оруулсан заалт дээр нэмээд байнгын хорооны таслалт, хурууны хээгээр санал өгөх, хэлэлцүүлгийн явцад нэг минут хангалтгүй байвал нэмж тайлбар хэлэх эрхээр хангаж байгаа. Хуралдаанд тайлбар өгч байгаа төрийн албан хаагчдыг хариуцлагажуулж өгч байна. Хэрэв хуралдааны зааланд худал мэдээлэл өгөх юм бол төрийн албан хаагч, огцрох үндэслэл нь болно гэх мэт олон зүйлийг хуулийн төсөлд тусгаж өгсөн.

-Хурууны хээгээр бүртгэдэг болно гэхээр техник, технологио сайжруулах шаардлагатай. Санхүүгийн шаардлага бас үүсэх юм байна?

-Тэгнэ. Хууль албан ёсоор ирэх сарын 01-нээс өмнө батлагдчихвал аравдугаар сарын 01-нээс өмнө УИХ-ын Тамгын газар хурууны хээ  уншдаг товчлуур тавина гэсэн үг. Системийн шинэчлэл явна. Яаран батлах гээд байгаагийн шалтгаан нь тодорхой хугацаанд бэлтгэл шаардлагатай  юм.

-УИХ-ын гишүүд шалтгаангүй хурал тасалдаг байдал үгүй болж улам хариуцлагажих юм байна гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Төрийн ордонд байгаа хэр нь  чуулганы хуралдаанд ороогүй тохиолдолд кноп нь ажиллахгүй. Санал өгөхөд хуралдаа заавал сууж байх ёстой.

-Эргүүлэн татах асуудал сөхөгдлөө гэхэд тухайн тойрогт нь нөхөн сонгууль явуулах юм уу эсвэл дараагийнх нь хүн сонгогдох юм уу?

-Одоо мөрдөж байгаа сонгуулийн хуулиар дараагийн хүн гэсэн ойлголт байхгүй. Заавал нөхөн сонгууль явуулна.

-Нөхөн сонгууль байн, байн зарлаад байвал улс орны эдийн засагт дарамт учрах юм биш үү?

-Дэгийн хууль энэ хэвээр батлагдчихвал УИХ-ын гишүүд хурал таслаад байх зүйл үгүй болох байх. Хууль зөвхөн энэ удаагийн парламентад бус дараа дараагийн парламентад зориулсан юм. Хууль батлагдсанаар ирцийн асуудал болоод УИХ-ын гишүүд улам хариуцлагажих байх.

-Дэгийн тухай хуулийг байн,  байн дэглээд байдгийн шалтгаан юу юм бэ. Миний мэдэхийн хэд хэдэн удаагийн нэмэлт өөрчлөлт орж байна. Өөрчлөлт орууллаа гээд айхтар хариуцлагажиж, сахилга бат суусан зүйлгүй байна шүү дээ?

-Шинэ парламент гарч ирээд л Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулдаг. 2000 оноос хойш Дэгийн тухай хууль гэж бий болсон. Өмнө нь ийм хууль байгаагүй. УИХ-ын гишүүний өөрийнх нь үндсэн үүрэг нь хуралдаа бүрэн суух ёстой. Энэ үүргээ биелүүлэхгүй байгаа учраас аргаа ядсандаа арга хэмжээ авах заалт оруулж байна. Сонгогчдынхоо итгэлээр УИХ-д сонгогдчихоод хуралдаа суугаагүй гэсэн үндэслэлээр хэн эргүүлэн татагдахыг хүсэх вэ дээ.

-Сөрөг хүчний зүгээс Үндсэн хуулийг зөрчсөн гэж шүүмжлээд байгаа. Энэ асуудлыг анхааралдаа авсан уу?

-Сөрөг хүчний зүгээс хоёр шүүмжлэлийг хэлж байгаа. Тухайлбал, Үндсэн хууль зөрчиж байгаа юм биш үү, Үндсэн хуульд эргүүлэн татна гэсэн ойлголт байхгүй гэж тайлбарлаж байгаа. Үндсэн хуульд татна, татахгүй гэсэн заалт угаасаа байхгүй. Байхгүй зүйлийг Үндсэн хууль зөрчсөн гэж ойлгож болохгүй. Байхгүй зүйлийг өөр хуулийн төслөөр зохицуулаад явах ёстой. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хэт халдаж байна гэсэн зүйлийг бас ярьсан. Бүрэн эрхэд нь нөлөөлөхгүйгээр хуульчилж өгөх шаардлагатай зүйл байна.

-Дөрвөн минутад үгээ багтаах гээд элдвийн сэдэв хамж шимж яриад байдаг гишүүн бий. Холбогдох асуулттай холбоогүй зүйл яриад байдаг. Үүнийг хэрхэн зохицуулсан юм бэ?

-Хэлэлцэж байгаа асуудлаар өөр санал хэлбэл УИХ-ын дарга үгийг дуусгавар болгож, микрофоныг хаана. Үүнийг хуульд тусгаж өгсөн. Хууль батлагдвал элдвийн зүйлийг ярьж, хэлэхээ болино.