Энэ онд Төв аймгийн Борнуур сумын түүхт 80 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ удаагийн “Ярилцах танхим” буландаа Борнуур сумын Засаг дарга асан Н.Лхагвацэрэнг урилаа.
-Борнуур сумын 80 жилийн түүхт ой энэ жил тохиож байна. Сумын хөгжлийн түүхээс ярилцлагаа эхлэх үү?
-Юуны өмнө төрөлх нутгийнхаа 80 жилийн ойг тохиолдуулан нутаг орны хөгжил, цэцэглэлтийн төлөө ажиллаж, хөдөлмөрлөж байсан үе үеийнхэн, түүний дотроос ахмад буурлууддаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсье. Нэг зууны түүхийг энд ярина гэвэл хэдэн өдөр яриад ч дуусахгүй. Маш товч ярья. Одоогийн Борнуур сумыг анх 1938 онд Төв аймгийн Баян-Өлзийт сум нэртэйгээр Түшээт хан аймгийн Илдэн гүний хошуу, Жонон гүн, Баатар вангийн хошуудаас таслан байгуулсан байдаг. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1953 оны арванхоёрдугаар 14-ны өдрийн 465 дугаар тогтоолоор тус сумын нутагт байсан гахайн аж ахуйг Мал аж ахуйн яамны мэдэлд шилжүүлж, МАХН-ын Төв хороо Сайд нарын Зөвлөлийн 1955 оны хоёрдугаар сарын 04-ний өдрийн 47/34 дугаар тогтоолоор сүү ногооны аж ахуй болгон өөрчилснөөр Борнуур суманд сангийн аж ахуй эрчимтэй хөгжиж, 1990-ээд оны сүүлчээр механикжиж цахилгаанжсан социалист том аж ахуй болсон түүхтэй.
-Борнуур сумын хөгжлийг илтгэдэг зүйл нь юу вэ?
-Сумын хөгжлийн тулгуур бол өндөр боловсрол мэдлэг мэргэжилтэй, хөгжсөн ард түмэн. Манай сум засмал зам, цахилгаан холбоо, дэд бүтэц маш сайн хөгжсөн. Үүнийгээ дагаад аялал жуулчлал хөгжих, байгаль цаг уурын таатай нөхцөлтэй. Зах зээлд ойр байрлалтайгаас гадна эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх боломжтой. Энэ бүхэн Борнуур сумын хөгжлийг илтгэдэг гэхэд болно.
-Та тус сумын удирдлагаар багагүй хугацаанд ажилласан. Тухайн үед ямар ажил хийж, бүтээж байв?
-Би тус сумын анхны Засаг дарга нь. Засаг даргаар найман жил ажилласан. Бидний ажиллаж байсан үе бол (1991-2000 он) Монгол Улс төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжиж, социалист систем бүхэлдээ задарч байсан үе. Одоогийнх шиг Сум хөгжүүлэх сан, Орон нутаг хөгжүүлэх сан гээд 200-300 сая төгрөг улсаас өгдөггүй байсан. Суманд өгдөг төсөв санхүүжилтээ ч өгч чадахгүй үе байлаа. Гэхдээ бид өөрсдийн байгаа бүхэндээ тулгуурлаад олон ажил хийж байлаа. Анхны аялал жуулчлалын бааз байгуулсан. Орон нутгийн телевиз ажиллуулж төр засгийн бодлого шийдвэрийг сурталчилдаг байв. Аймгийн шийдвэрээр Баянчандмань суманд өгсөн “Бяцхан сүүж” хэмээх газрыг эргүүлэн авсан. ХААИС-тай хамтран үйлдвэрлэл, сургалтын бааз байгуулж, сумынхаа хөдөө аж ахуйн мэргэжилтэнг бэлтгэж байлаа. Багаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг тогтоож, долоо хоногийн нэг өдрийг иргэдтэй ажилладаг өдөр болгосон. Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд сургуулийн дотуур байрыг зассан. Сум, аймагт тэргүүн байр эзэлж шагнуулсан сая төгрөгөөр сургуульд Соёл, хүмүүжлийн танхим байгуулсан. 600 гаруй өрхөд 510 гаруй га газрыг газар тариалан эрхлэхэд олгож байсан юм. Сумын төвийн мал бүхий иргэдийн малыг хариулгатай болгох, хадлан, бэлчээрийг хуваарьтай ашиглуулах зэрэг ажлыг хийжээ.
-Сум, орон нутгийнхаа ирээдүйн хөгжлийг та хэрхэн харж байна вэ?
-Улс орон хөрөнгө мөнгөтэй болжээ. Сайн тооцоо судалгаатай, алсын хараатай, зохион байгуулалт сайтай, хөрөнгө мөнгөө зөв зүйтэй зүйлд зарцуулвал маш хурдан хөгжих боломж байна.
-Борнуурыг сангийн аж ахуйгаар нь олон нийт төсөөлдөг. Олон аж ахуйн хувьчлал 1992 онд хэрхэн хийгдсэн бэ?
-Тийм ээ. Олон хүн ингэж төсөөлдөг. Яг үнэндээ бол хувьчлал гэдэг бол улс орон даяар явсан нийгмийн асар том бодлого, давлагаа байсан юм. Намайг сумын Засаг даргаар очиход Борнуур сангийн аж ахуй, Борнуур, Шар хоолой, Даваан булаг, Өгөөмөр, Мандал наран зэрэг компани болсноос гадна хоршоо, хувиараа эрхлэх аж ахуй гээд 100 гаруй аж ахуй нэгжид хуваагдсан байсан.
-Энэ үед сумын захиргаа ямар байдалтай байсан юм бол. Хувьчлалын үеэр захиргаагүй үлдсэн сум олон байдаг гэж дуулсан?
-Хувьчлалаар Борнуур сумын Засаг даргын тамгын газар контор байргүй, ширээ сандалгүй, машингүй, хүн эмнэлэг нь түргэн тусламжийн машингүй үлдсэн байсан. Сумын захиргаа нь эмийн сангийн дутуу баригдсан барилга, Хөдөө аж ахуйн банкны чулуун байр зэрэгт байрлаж байсан. Надтай тухайн үед сумын ахмад дайчин н.Дэнзэн гуай орж ирээд, “Дарга аа хүүхэд төрсөн, шөлний хонь цохож өгөөч” гээд өргөдөл бариад ирсэн. Тухайн үед надад цохоод өгчих өнчин ишиг ч байгаагүй. Нийгэм цаг үе ийм л байсан. Одоо харьцуулах юм биш. Тэр үеийг бодвол хөгжил ойрхон байна.
-Тэр хүнд цаг үеийг хэрхэн давсан бэ. Мэдээж бүхэл бүтэн найман жил ийм байгаагүй байх?
-Сум контор байртай, 360 гаруй хоньтой, эмнэлэг, цагдаа болон тамгын газар машинтай болсон. 2000 оны аравдугаар сарын 26-нд миний бүрэн эрхийн хугацаа дуусч, ажлаа хүлээлгэн өгөхөд сум дансандаа хоёр сая, дансандаа 16 сая төгрөгтэй байсан. Аймагтаа ажлын үзүүлэлтээр сүүлийн таван жил дараалан тэргүүн байр эзэлсэн ийм сум хүлээлгэж өгсөн. Цахилгаан эрчим хүчинд 20 сая төгрөгийн өртэй байсныг өргүй болгосон юм даа.