Монголд шүүхийн шийдвэр биелдэггүй, эрх мэдэлтэй, мөнгөтэй, танил талтай хүмүүс дураараа авирлаж болдгийн жишээ Бөхийн холбооны хэрүүл болоод байна. Бөхийн холбоог 10, 20 жил хувийн өмч юм шиг ашиглаж байсан хүмүүс хууль, журмыг огт хайхраагүй. Монгол Улсын шүүх байгууллага гурван шатны шийдвэр гаргаад, Бөхийн холбоог хурлаа хийж, удирдлагаа өөрчлөхийг даалгасан. Тэр дагуу нь “Их эе”-ийг хуралдуулж, шинэ удирдлагуудыг сонгосон.
Гэвч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс шүүхийн шийдвэрийг үл тоож, өөрсдөө хурал хийгээд, өөр тэргүүн сонгочихсон. Одоо болтол асуудлаа нэг талд нь гаргаж, шийдсэнгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хүртэл асуудлаа шийдэхийг Ерөнхийлөгч сануулж байгааг тэдэнд хэлсэн. Дараа нь хуралдаад, нэг талдаа гарахаар болсон. Гэвч тэд дахиад л шийдэлд хүрсэнгүй. Б.Бат-Эрдэнэ аварга өчигдөр МҮОНТ-ээр нэвтрүүлэгт оролцохдоо “Би энэ бүх асуудалд оролцохгүй. Дахиад “Их-эе” хуралдаж, шинэ тэргүүн сонгохоор болбол өрсөлдөхгүй гэдгээ хэлсэн” хэмээн ярьж байна билээ. Хэрвээ үнэхээр тийм л юм бол Бөхийн холбоо руу хуруу дүрж, хошуу нэмэрлэлгүй УИХ-ын гишүүний ажлаа сайн хийгээд, ард түмнийхээ төлөө ажиллаад явах хэрэгтэй шүү дээ.
Төрийн түшээ хүн шүүхийн шийдвэр биелэх ёстой гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэтэл “Би оролцохгүй, надад хамаагүй” гэж хэлчихээд, оролцоод яваа нь байгаа ямар эрх ашиг вэ. Өөрөө оролцохгүй ч хэдэн залуучуудыг араас нь залаад, “тоглоом”-д оролцоод байгаа юм биш үү. Нэмж хардвал, будилуулагч нь аварга та өөрөө юм биш биз. Үгүй бол хэлсэндээ хүрч, Бөхийн холбооны хэрүүлд оролцохгүй байсан нь дээр. Аваргууд, гишүүн болсон бөхчүүд оролцоод эхлэхээр л том эрх ашгийн төлөө улайрч байгаа юм шиг харагдаад байна.