ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Энхбаяр: Зээл, бонд гаргаад алдагдлаа нөхөх эдийн засгийн үүсвэр нь баталгаагүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-09-18

Эдийн засагч Н.Энхбаярыг  “Ярилцах танхим”  буландаа урьж ярилцлаа. Түүнтэй цар тахалтай тэмцэж буй үеийн эдийн засаг, төрөөс авч хэрэгжүүлж байгаа  бодлого болоод  цаашид авах арга хэмжээний  талаар ярилцлаа.

-2030 оноос хойших улс орнуудын нөхцөл байдлыг зөв хараад дүгнэдэг, зөн билэгтэн ч байхгүй- 

Манай улсын түүхий эдийн экспорт хумигдаж байна

-Дэлхий нийтэд цар тахал дэгдээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Бүх улс орны шаардлагатай арга хэмжээг авч байгаа. Энэ хэрээр  эдийн  засгийн нөхцөл байдал хүндэрч, хасах руу орж байна.Тэгвэл манайх шиг  улс орнуудын хувьд ямар арга хэмжээ, бодлогыг хэрэгжүүлэх ёстой юм бэ?

-Өмнө нь бид “Ковид-19” шиг нөхцөл байдалд тулсан  үе бий.  Манай улс 2016 онд эдийн засаг саарч, хасах хувь руу орсон. Тэгээд ОУВС-тай 2017 оны тавдугаар сараас хойш өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан шүү дээ. Үүний үр дүнд таван тэрбум ам.долларын багц арга хэмжээг авсан байдаг. Энэхүү арга хэмжээний үр дүнд 2017, 2018, 2019 онд эдийн засаг зургаан хувь хүрч  өссөн.  Тухайлбал, экспортод гаргасан нүүрсний хэмжээ 36 сая тоннд хүрч, төсвийн болоод гадаад худалдааны тэнцэл эерэг болсон.

-Манай улсын эдийн засаг түүхий эдэд тулгуурладаг болохоор маш эмзэг. Гадаад зах зээлийн савлагаанд өртөх нь амархан шүү дээ. Бид хэт өөдрөг, хөөсөрсөн бодлогоосоо яагаад салж чадахгүй байна вэ?

-Тийм ээ. Монгол Улсын эдийн засгийн онцлог нь түүхий эдэд тулгуурласан учраас гадаад зах зээлийн өөрчлөлтөд эмзэг нь үнэн. Олон улсын байгууллагууд ч үүнийг байнга хэлдэг, сануулдаг. Гадаад зах зээлийн эрсдэлд Монгол Улсыг амархан өртөмтхий ч  гэдэг. Өөрөөр хэлбэл, өмнөд хөршийн Төв Засгийн газар бус орон нутгийн засаг захиргааны /Баяннуур аймаг/-ийн гаргаж байгаа  шийдвэр манай улсын экспортод нөлөөлж байна гэсэн үг. Хятадын хилийн боомтыг хэдэн цагаар ажиллуулах вэ, хаах уу гэдгийг шийдвэрлэдэг. Үүнээс болж, долоо хоног зогсоход  маш олон сая ам.долларын алдагдалд хүрэх нь бий. Тиймээс гадаад зах зээлийн хувьд эрсдэл өндөртэй гэдгийг байнга сануулж байгаа юм. Үүнд маш болгоомжтой хандах ёстой. Хамгийн харамсалтай нь,  2019 оны намар 2020 оны төсвийг хэлэлцэхдээ маш өндөр өөдрөг төсөөлөлтэй баталсан. Зөвхөн орлогыг хоёр их наядаар нэмсэн. Мөн зарлагаа хоёр их наядаар нэмсэн. Төсвийн алдагдлыг 5.1 гээд маш өндөр үнийн дүнтэй тавьсан. Гэвч өнөөдөр орох ёстой хэмээн тооцсон орлогууд эрсдэлд орсон байна. Нүүрсний экспортыг 42 сая тонноор төсөөлсөн байгаа. Тэгвэл ийм нөхцөлд “Ковид-19”-той тулгарч байгаа учраас манайд нэлээд хүнд тусаж байна.

 

...Монгол Улсын эдийн засгийн онцлог нь түүхий эдэд тулгуурласан учраас гадаад зах зээлийн өөрчлөлтөд эмзэг нь үнэн. Олон улсын байгууллагууд ч үүнийг байнга хэлдэг, сануулдаг. Гадаад зах зээлийн эрсдэлд Монгол Улсыг амархан өртөмтхий ч гэдэг...

 

 -Цар тахлын үед бид төсөөлж, тооцоолж байгаа шиг ээ орлогыг олохгүй нь тодорхой биз дээ?

- Дан ганц Монгол Улс бус дэлхий нийтэд “Ковид-19” цар тахал  тархсан шүү дээ. Мөн цар тахлаас болж, дэлхийн улс орнуудын хил дамжсан худалдааг хаачихсан. Тэгэхээр дэлхий даяар  ханган нийлүүлэлтийн сүлжээ доголдсон гэсэн үг. Гэхдээ одооноос эхлээд аажмаар сэргэж эхэлж байна. Монгол Улс гэхэд төмрийн хүдэр, коксжих нүүрсээ гаргаж эхэлж  байна. Үүнийг БНХАУ-ын Гангын үйлдвэр авч хайлуулаад, бүтээгдэхүүн болгож байна.  Бүтээгдэхүүнээ БНХАУ экспортод гаргаад Япон, Солонгос, Тайвань, Европын холбооны  улс руу  нийлүүлж байна. Энэ нь цаанаа томоохон дэд бүтэц буюу төмөр зам, хот байгуулалт, нисэх онгоцны буудал зэргийн гол хэрэгцээ болж байгаа юм.  Өндөр хөгжилтэй оронд үйлдвэрлэсэн хурдан галт тэрэг онгоц, машин зах зээлд борлогдож байж, дэлхий нийтээрээ эдийн засгийн эргэлтэд орж байна гэсэн үг. Гэтэл  цар тахлаас болоод бүх шатандаа тасалдчихсан байна. Өнгөрсөн зургадугаар сард Дэлхийн банкнаас гаргасан тайлан судалгаанд маш дэлгэрэнгүй дурдсан байна билээ. Улс орнуудад хэрхэн хохирол учруулж байгааг мэдээлсэн.  Энэ сүлжээний эхлэлийн цэг нь Монгол Улс шүү дээ. Тэгэхээр  манай улсын түүхий эдийн экспорт хумигдаж байна. Ганцхан  БНХАУ бус ард нь  маш олон орны хэрэглээ байна гэсэн үг. Тэгж байж манай улсын нүүрсний экспорт хангагдаж байгаа юм.  

                    Бид дахин нэг жил болгоомжтой, хаалттай байдлаар явахаас өөр аргагүй...

 

-Дэлхий нийтээр ханган нийлүүлэлтийн сүлжээ доголдож байна. Харин манай улс яаж алдагдлаа нөхөх юм бэ. Орлогын эх үүсвэр улам буурч байна шүү дээ?

- Энэ оны эхнээс нийт 11 сая тонн нүүрсний экспорттой байна. Цаашид тэсэхэд нэлээд амаргүй байна. Тэгэхээр оны эцэст 20 сая тонн орчим   нүүрсний экспорттой байна байх. Төсөөлж байснаас 50 хувийн биелэлттэй байна гэж харж байгаа. Өнгөрсөн жил нүүрсний экспортоос хоёр тэрбум ам.доллар олсон. Энэ оны хувьд тэрбум ам.долларын орлоготой байна. Экспорт нэлээд хумигдана. Гадаад худалдаа нэлээд алдагдалтай гарч байна. Нөгөөтээгүүр, Монгол Улс оны эхэнд дотооддоо яаралтай арга хэмжээ авсан. Тэр дундаа эрүүл мэнд талаасаа зөв болоод  шуурхай арга хэмжээ авсан шүү дээ. Мөн хилээ хаасан. Дотооддоо бизнес болоод эдийн засгаа дэмжих чиглэлээр бусад улс орнуудтай ижил  арга хэмжээг авч байна.  Гэхдээ зарим зүйлд хоцорсон тал бий. Тухайлбал, 2020 оны төсвийн тодотгол цаг хугацааны хувьд үнэхээр хоцорсон. Хэрвээ дөрөв юм уу, тавдугаар сард Цар тахлын тухай хуулийг баталж байх үедээ тодотголыг хамт хийхэд ямар ч асуудал байгаагүй. Хүмүүс бүгд нөхцөл байдлаа ойлгож байсан. Энэ үеэр зарлагаа танаж болох байсан. Үүнийг хагас дутуу зохицуулалтаар шийдсэн. Өөрөөр хэлбэл, Цар тахлын тухай хуулийн нэг заалтаар зохицуулалт хийсэн  байдаг. Тэр нь одоо ч эргэлзээтэй,  хуулийн зөрчилтэй. Мэдээж төсвийн тодотголыг хэзээ хийх вэ гэдгийг хуульд заасан байгаа. Хуулийн дагуу тодотголоо хийлээ. Харамсалтай нь,  тодотгол хийхдээ  дахиад л  алдаа гаргалаа. Нөгөө л өөдрөг төсөөлөл  нь яг хэвээрээ. Орлого олно, гарч байгаа алдагдлаа зээл, бонд гаргаад нөхнө гэж тусгаад байна. Гэтэл зээл, бонд гаргаад алдагдлаа нөхөх эдийн засгийн үүсвэр нь баталгаагүй. Тэр дундаа гадаад зээлүүдийг нэрлэж болно. Цаашид төсөвт  авах арга хэмжээгээ маш бодлоготой авахгүй бол болохгүй.  Улс орнууд бизнес болон иргэдээ дэмжих арга хэмжээгээ үе шаттай авч байна. Тухайлбал, АНУ иргэддээ олгох мөнгөн тэтгэмжээ эхний гурван сар өгсөн. Саяхан Конгрессын хуралдаанаар гишүүд мөнгөн тэтгэмжийг нь өгөх нь буруу гэдэгт олуулаа  санал нэгдэж байсан. Энэ бол эдийн засагт маш их хор хөнөөлтэй гэдэг талаас нь харж эсэргүүцсэн. Үүнийг хэлэлцэж, хэлэлцэж мөнгөн тэтгэмжийн хэмжээг багасгахаар болж   байна. Мөн  энэ арга хэмжээ  цаашид удахгүй шүү гэдгийг иргэдэд хэлж, сануулж  байна.

 -Аль ч улс орон халамжийн бодлогын удаан үргэлжлүүлэхгүй нь тодорхой. Хаагдсан, саарсан бизнесээ яаж нээх вэ. Үүнд ямар бодлого барих вэ?

-Удаан хугацаанд олгох халамжийн бодлого иргэдэд муу ойлголт төрүүлэхээс гадна улс орны төсөв санхүүгийн хувьд  ч хүндрэлтэй. Ийм тохиолдол аль ч улс оронд хүндрэл бэрхшээл тулгарна.  Энэ нь цаашид олон сараар үргэлжлэхгүй. Харин одоо хаагдсан бизнесийг яаж нээх  вэ гэдэгт дэлхийн улс орнууд санаагаа чилээж байгаа юм. Өндөр хөгжилтэй орнуудад халдварын тархалт гараад,  иргэд нь  өвчлөөд, эдгэчихлээ.  Иргэд нь аль хэдийнэ  дархлаа суучихсан. Тиймээс хилээ нээж байна. Тэр дундаа Европын холбооны орнууд хилээ нээж, бизнес нь  эхнээсээ  сэргээд явж байна. Гэхдээ дэлхий нийтэд халдварын тархалт 27 сая болчихсон. Хойд, Өмнөд Америк, Энэтхэг зэрэг улс орнуудад халдварын тархалт буурах болоогүй байна. Тэгэхээр тив дамжсан худалдаа, эдийн засгийн ханган нийлүүлэлт бүрэн сэргээгүй байна гэсэн үг. Дөнгөж Европын холбоо дөнгөж, дотооддоо сэргэж байна. Энэ хэзээ сэргэх вэ гэхээр халдварын тархалт, намжихаас хамаарна. Магадгүй оны эцэс хүргэх ч боломжтой.  Тэр үед тогтворжлоо гэж бодоход,  Хойд, Өмнөд Америкт халдвар буурах болоогүй.  Тэгэхээр энэ оны тухайд Ази болон Европын хоорондын худалдаа сэргэх магадлалтай.  Өнгөрсөн хавар олон улсын байгууллагууд эдийн засгийн V хэлбэртэй   сэргэлт оны төгсгөлд байна гэж тооцоолж байсан. Тэгвэл энэ тооцоолол худлаа болж байна шүү дээ. Ирэх сард Дэлхийн банк болон ОУВС-гын уулзалт болно. Тэр үед гарах тайлан, өнгөрсөн хавраас нэлээд өөр байх шинжтэй. Хүндрэл үргэлжилж байгаа.

 

...Харин одоо хаагдсан бизнесийг яаж нээх  вэ гэдэгт дэлхийн улс орнууд санаагаа чилээж байгаа юм. Өндөр хөгжилтэй орнуудад халдварын тархалт гараад, иргэд нь өвчлөөд, эдгэчихлээ. Иргэд нь аль хэдийнэ дархлаа суучихсан. Тиймээс хилээ нээж байна...

 

-Улс орнуудын эдийн засгийн талаарх статистик нэлээд уналттай байсан?

-Оны хоёрдугаар улирлын талаар улс орнуудын эдийн засгийн талаарх статистик гарсан. Өөрөөр хэлбэл,  АНУ  32, Япон 23, Европын холбооны эдийн засаг 12-13 хувийн уналттай гарч байгаа. Энэ байдлаас хамаарч, төсөөлж байсан V хэлбэрийн эдийн засгийн сэргэлт хурдан хугацаанд ирэхгүй. Тэгэхээр 2021 онд аажмаар сэргэж магадгүй. Яагаад аажмаар гэж байгаа вэ гэхээр,  халдварын тархалт үргэлжилж байна. Мөн вакцины туршилт судалгаа, бүртгэл, үйлдвэрлэлд орох гээд бүх шат нь хэдэн сар үргэлжлэхээр байгаа. Одоогоор вакциныг амжилттай бүтээж байгаа ОХУ ирэх зун хийх талаар ярьж байна. Өөрөөр хэлбэл, 2021 оны зун  гэсэн үг.  Япон улс зургаан тэрбум ам.доллароор вакцины худалдан авалт хийж байна. Учир нь ирэх зун Япон улс олимпын наадмаа хийх гэж байна. Түүнээс өмнө бүх иргэдээ вакцинжуулна гэсэн зорилттой ажиллаж байгаа. Тэгэхээр 2021 оны зургаа болон долдугаар сард Япон улсад ямар нэгэн аргаар вакцинжуулалт хийх нь тодорхой боллоо. Мөн өндөр хөгжилтэй дэлхийн арав гаруй орон вакцины худалдан авалтаа хийчихсэн, урьдчилаад захиалгаа өгчихсөн байна. Өмнөд Америк, Герман, Их британи, ОХУ, БНХАУ зэрэг улс орон вакцин үйлдвэрлэнэ. Тэгэхээр эхний гурав, дөрвөн сард үйлдвэрлэх вакцин хөгжиж байгаа орнуудад олдохгүй.  Зөвхөн өндөр хөгжилтэй орнуудын иргэдийн вакцинжуулахад чиглэнэ. Японы жишгээр харвал,  өндөр хөгжилтэй орнууд долдугаар сараас наашгүй байх.  Үйлдвэрлэл хэвийн явлаа гэж үзэхэд,  дараагийн чиглэлд хөгжиж байгаа орнууд хамрагдана. Иймээс долоо болон наймдугаар сараас эхлэх хандлага ажиглагдаж байна. Дэлхий нийт 7.8 тэрбум хүнтэй. Үүний хоёр тэрбум гаруй нь өндөр хөгжилтэй орнуудад байна гэж тооцоолж байна. Тэгэхээр үлдсэн зургаан тэрбум орчим хүнийг вакцинжуулах ажил хагас жил гаруй хугацаанд үргэлжилнэ. Энэ дунд манайх харьцангуй цөөн амтай гэдгээр багтлаа гэхэд 2021 оны найм болон есдүгээр  сард вакцинтай золгож магадгүй. Вакцин хийлгээд, дархлаа тогтсоны дараагаар бид хэвийн амьдралдаа орох тухай ярина. Тиймээс бид дахин нэг жил болгоомжтой, хаалттай байдлаар явахаас өөр аргагүй.

Төсвийн зохицуулалт, хуваарилалтыг ирэх жил огт өөрөөр хийх ёстой

 

-Вакцинтай золгох цаг үе хүртэл болгоомжтой байж болох ч тооцоолоогүй гарах зардлуудаа яах вэ. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбар асар их хөрөнгө мөнгө хэрэгтэй?

-Энэ хугацаанд бизнес тодорхой хэмжээгээр хумигдана. Мөн эдийн засагт нэмэр үзүүлэх ёстой аялал жуулчлалын салбар ирэх зун ч байхгүй. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт  авч хэрэгжүүлж буй яаралтай тогтолцоогоо хэвээр үргэлжлүүлэх ёстой. Эрүүл мэндийн салбар асар их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Сая төсөвт тодотгол хийх үеэр шаардлагагүй зардлаа танаад, хэрэгцээтэй санхүү мөнгийг нь гаргаж өгсөн. Ирэх оны төсөвт мөн л ялгаагүй санхүүжилтийг нэмэх асуудал ярина.  Түүнчлэн бусад боомтууд дээрээс иргэдээ авах асуудал бий.  Боомтуудад хяналтын цэг болоод шалгалтыг нэмэгдүүлэх асуудал хөндөгдөнө. Сэжигтэй иргэдийг тусгаарлах байр, хамгаалалтын хувцас, ариутгал гээд маш их зардал гарна. Энэ бүх зардлыг 8-9 сараар тооцход ирэх оны төсвийн ихэнх хэсэг нь халдвартай тэмцэх буюу эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд зориулагдана гэсэн үг. Бидний хувьд эдийн засаг бүрэн сэргээгүй. Нөгөө талдаа ийм их зарлага гаргах нөхцөлд яах вэ гэхээр төсвийн зохицуулалт, хуваарилалтыг ирэх жил огт өөрөөр хийх ёстой. Мөн гадаад өрийн дарамтын хүндрэл байгаа. Ийм нөхцөлд Монгол Улс дахин шинэ бонд гаргах нь эрсдэлтэй. Үүнийг олон улсын зах зээлд ч хүлээн авахад бэлэн биш.  Тэгэхээр ирэх жилийн төсвийг маш хямгатай буюу эрэмбэ дараалал нь юу гэдгийг баримтлах ёстой юм. Ирэх жил УИХ-ын сонгууль байхгүй. Заавал олон нийтэд таалагдах гээд соёлын төв, захиргааны барилга  зэргийг бариад байх шаардлагагүй. Хамгийн эхний ач холбогдол бол эрүүл мэндийн салбар. Ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, амь нас  чухал.

-Төсвөө хэдийгээр тодотгож байгаа ч шаардлагагүй зардлаа танаж чадахгүй байна. Төрийн байгууллагууд тансаглалаа танахгүй байна. Хэт үрэлгэн байдлаа болихгүй байна?

-Төрийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг цэгцлэх, гадаад томилолт, хурал зөвлөгөөн бараг байхгүй. Ирэх жил хөрөнгө оруулалт талдаа шинээр объект эхэлж болохгүй. Харин 2019, 2020 онд дуусаагүй объектоо гүйцээх асуудлаа хөндөх нь зөв. Тэр дундаа сургууль, цэцэрлэгийн барилгыг гүйцээх нь зүйтэй. Ингэхгүй бол ирэх оны төсвийн орлого 2019 оны түвшинд ч  хүрэхгүй байж магадгүй. Бид 2020 онд 11 их наядын орлоготой гэж төсөвлөсөн ч дундаа тасарчихсан байна. Өөрөөр хэлбэл, 7-8 их наядын орлоготой байна байх. Энэ нь Монгол Улсын 2018 оны төсвийн үед буцаж очно гэсэн үг. Тэгэхээр бид энэ түвшинд ажил, амьдралаа зохицуулж явна. Түүнчлэн ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилт байхгүй учраас их хэмжээний зээл олдохгүй. Цар тахалтай холбогдуулаад бага хэмжээний дэмжлэгүүдийг үзэж байгаа. Энэ нь манай улсын гаргаж байгаа төсвийн алдагдалтай харьцуулахад хаана ч хүрэхгүй. Тэгэхээр ирэх оны төсвийн алдагдлыг маш бага түвшинд төлөвлөхгүй бол нөхөх эх үүсвэр олдохгүй.

-Гадаад өрийн дарамт нэлээд байгаа гэдгийг мөн мартаж болохгүй?

-2021 оны зургадугаар сард 550 тэрбум бондын өрийг төлнө. Мөн Чингис бондын нэг тэрбумын өр бий. Тэгэхээр төсвийн зарлагын нэлээд хэсгийг гадаад өр болоод зээлийн хүүгийн төлбөрт явж байна. Ирэх 2021, 2022 онуудад дахиад л нэмэгдэнэ. Энэ бүхэн нийлээд бараг төсвийн 20-30 хувийг эзлээд байна. Тиймээс төсөвт маш хямгатай бодлого барихгүй бол зайлшгүй гарах ёстой зардлыг их байгааг анхаарах нь зүйтэй. Тэгэхээр төсвийн үлдсэн 70 хувиар бид амьдралаа үргэлжлүүлэх ёстой болж байна. Цэгцтэй, хямгатай байхгүй бол маш хэцүү.

 

...ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилт байхгүй учраас их хэмжээний зээл олдохгүй. Цар тахалтай холбогдуулаад бага хэмжээний дэмжлэгүүдийг үзэж байгаа. Энэ нь манай улсын гаргаж байгаа төсвийн алдагдалтай харьцуулахад хаана ч хүрэхгүй...

 

-Манай улс яагаад эдийн засгийн нэгдсэн бодлогогүй юм бэ. Үнэндээ Сангийн сайдын үг, үйлдэл Монголын эдийн засгийг удирдаж байна. Ямар ч хяналтгүй байна шүү дээ?

-Олон хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, олон улсын байгууллагын эртнээс хэлээд байгаа түүхий эдээс хамаарсан голланд өвчин үргэлжилж байна. Голланд өвчин манайд 2010 оноос хойш үргэлжилж байгаа юм. Энэ нь түүхий эдийн үнийн өсөлттэй мөн холбоотой. Бид түүхий эдийн үнийн өсөлт байнга байх юм шиг санаж, төсөөлж байна. Бодит нөхцөл байдалтайгаа уялдуулахгүй байна. Өөрөөр хэлбэл, олдсон бүх мөнгөө тухайн жилдээ зарах гэж оролдоод байгаа чинь өөрөө  голланд өвчин. Үүнээс хамаарч засаглалыг муутгаж байна. Төр засгийн шийдвэр гаргаж байгаа хүмүүс ухаалаг хандахаас илүүтэй энэ мөнгийг зарах сонирхол байна. Илүү мөнгө гарахаар улс төрчдийн лобби болоод  хувийн эрх ашгийг илүүд үзэж зүйлд зарцуулж байна. Энэ нь эргээд засаглалыг муутгах үндэслэл болж байна. Хоёрдугаарт, манай улсад эдийн засгийн бодлого гэж үндсэндээ маш бага түвшинд хүрсэн нь үнэн.  Сүүлийн жилүүдэд мөнгөний бодлогыг Монголбанк хариуцаж байна. Төсөв,  төрийн санг Сангийн яам барьж байна. Бидний яриад байгаа эдийн засгийг төрөлжүүлэх, үр ашигтай болгох, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай болгох зэрэг ажлыг эдийн засгийн бодлогоор хийх ёстой. Эдийн засгийг төрөлжүүлнэ гэдэг нь төсөв шиг нэг жилийн хугацаанд хийх ажил биш шүү дээ. Тухайлбал, хөдөө, аж ахуйн салбарт гэхэд малаа яаж эрүүлжүүлэх үү, олон улсын стандартад яаж хүргэх вэ, мах боловсруулах үйлдвэрүүдийг хэрхэн стандартад нийцүүлэх вэ, шаардлагатай мэргэжилтнүүдийг яаж бэлтгэх вэ  гэх мэт  асуудлыг хөндөнө. Хамгийн багадаа 5-6 жилийн шат дараалсан цэгцтэй бодлогоор шийдэх ёстой. Үүнийг салбар яамдууд хийхгүй. Тэгэхээр бодлого төлөвлөдөг институци бариад явах юм. Ийм бодлого байхгүй. Тиймээс төсвийн бодлогоор яваад байна. Ингэж болохгүйг улс орнуудад сануулж байгаа. Гадны улс орнууд төвлөрсөн төлөвлөгөөт ч бай,  чөлөөт зах зээл ч бай аль нэг институци нь хийж байна. Гэтэл манайд энэ институци нь алга. Үүнээс болоод тэс хөндлөн буюу алдаатай бодлого яваад байгаа юм.

-Яагаад манай улс эрсдэлээ үүрэх хуримтлалгүй юм бэ. Гадны улс орнууд шиг  сан  байгуулаад, ашгаа хүртээд явж болдоггүй юм бол?

-Олон улсын байгууллагаас гаргасан судалгаанууд бий. Дэлхий нийтэд түүхий эд экспортолж буй 40 гаруй улс байна. Эдгээр улс орнуудад 1960 оноос хийсэн түүхэн туршлагуудаас нь аваад үзэхээр түүхий эдийн үнэ дагасан, өсч, буурах тогтолцоотой орнуудад засаглал муудаад байна. Баялгаас орж ирсэн орлогоо тэтгэвэр, тэтгэмж, халамж болгоод ард иргэдэд тарааж байгаа. Тэр нь иргэдэд тааламжтай тусч, болж байна, эдийн засаг сайн байна гэх хуурмаг ойлголтыг төрүүлж байгаа. Төрийн бодлогоо зөв юм байна гэх ойлголтод хүргэж байна. Үнэндээ энэ нь эдийн засгийн хувьд алдаатай бодлого байдаг. Үүнийг голланд өвчин гэдгийг хэлээд байна. Үүнийгээ эдийн засаг хямарсан үед л ойлгодог. Түүхий эдийн баялгийн гэнэтийн орлогод тулгуурласан голланд өвчнөөс гараач ээ гэдгийг дахин, дахин  сануулж байгаа. Нөгөөтээгүүр, Монголдоо илүү гарсан орлогоо  хадгалж болохгүй. Манай улсад тогтворжуулалтын сан гэж байгуулсан. Нэгдүгээрт, үүний хэмжээ бага байна. Хоёрдугаарт, дотооддоо буюу Сангийн яамны удирдлага дор явж байгаа. Нэг тогоонд байгаа учраас  хэзээ ч ашиглах боломжтой. Голланд өвчнөөс сэргийлэхийн тулд баялгаас давсан орлогыг Норвегийн сан шиг гадны төслүүдэд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Зөвхөн ногдол ашгаа хүртээд явах боломжтой гэсэн үг. Гэхдээ үндсэн мөнгө нь гадаадад байрших ёстой. Манайд яг ийм бодлого хэрэгтэй. Эндээс орж ирсэн мөнгөө ирэх жилүүдэд  тулгамдаж байгаа болон урт хугацааны асуудлаа шийдэх боломж бүрдэнэ.

-Үүнд улс төрийн нөлөө их байна уу?

-Тийм ээ. Тойрогтой хэрэгтэй, хэрэггүй ч янзын бүрийн юм хийсэн хүнийг УИХ-д сонгож байна. Энэ чөтгөрийн тойрог буруу тогтолцооноос гарахын тулд эдийн засгийн бодлогодоо маш том реформ хийх ёстой. Эдийн засагт гэнэт орж ирж савлуулдаг баялгийн орлогын мөнгөнд зөв менежмент хийж, Засаглалаа өөрчлөхгүй бол үүнийг тойрсон улс төрийн алдаатай тогтолцоо хэвээр байна.  Энэ байдал удаан үргэлжлэхээр баялгийн менежментийг сайжруулах талаар огт бодохгүй байна. Эрх мэдэл нь байгаа учраас ахиу мөнгө зараад, иргэдэд хуурмаг ойлголт төрүүлж байгаа юм. Цаашилбал, ажил эрхлэх сонирхолгүй, халамжийн мөнгөөр амьдарч болох сэтгэлгээнд сургаж байна. Эхлэлийн цэг нь баялгийн менежментийн засаглал байна шүү дээ. Энэ хоёр нь эхлээд сайжрах ёстой. Тэгж байж улс төрийн тогтолцоо эрүүл годирол руу явна.

-Өнгөрсөн хугацаанд олон аж ахуйн нэгж хаалгаа барьж, ажилгүйдэл нэмэгдэж байна?

-Богино  болон хугацаанд ч бай халамжийн тогтолцоо зорилтод бүлэгтээ очих ёстой. Түүнээс хавтгайрсан халамж байж болохгүй. “Ковид-19”-ийн үед ч айл өрхүүдэд дэмжлэг болох арга хэмжээг авч байгаа. Энэ нь удаан хугацаанд үргэлжилж болохгүй шүү дээ. Хамгийн чухал нь  мэргэжилтэй ажилчин хэрэгтэй. Энэ мэргэжилтэй ажилчныг авч ажиллуулах аж ахуйн нэгж, зах зээл нь  чухал. Энэ зах зээлийн боломжийг тэлэх нь төрийн үүрэг. Түүнээс төр өөрөө компани байгуулна гэсэн үг биш. Тухайлбал, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ, гаднаас олон жуулчин авах талаар яриад байгаа. Гэтэл наад зах нь зам дагуух үйлчилгээний газар, амрах байр, зам  байхгүй. Энэ ажлыг дотоодынхоо компаниудаар ямар нэгэн байдлаар хийлгэх ёстой. Тендерт олон хүнтэй мундаг, чадвартай компани шалгаруулна гэхээс илүүтэй  жижиг, дунд аж ахуйн нэгжийг ихээр хамруулж болно. Хамгийн багадаа  Урьхан шиг байхад хангалттай. Үүнийг дотоодын компаниуд хийж, хэрэгжүүлж чадна шүү дээ. Төр амрах байр хаана байх ёстой болон зураг төсвийг нь аж ахуйн нэгжүүдэд өгчих ёстой. Тухайн аж ахуйн нэгж бариад хаях бус ажиллуулаад, ашгаа хүртээд явах боломжийг бий болгох хэрэгтэй. 2021, 2022 онд аялал жуулчлал эхлэхэд  ганц ч гэсэн ажлыг  хийсэн байх  ёстой юм. Харин гадаад худалдааг төрөлжүүлэх, тэлэх асуудал ойрын хугацаанд төлөвлөж чадахгүй. Нөхцөл нь ч бүрдээгүй.  

-Эдийн засгийг төрөлжүүлж, гадны хөрөнгө оруулалтыг татна гэж яриад олон  жилийг үзэж байна. Гэхдээ ярьснаасаа эсрэг бодлого хэрэгжүүлж, гадны байгууллагуудыг гомдоогоод буцаадаг?

-Сүүлийн жилүүдэд ашигт малтмалын салбарт олгосон лиценз 10 хувиар буурсан талаар сайд нь ярьж байна. Хайгуулын  лицензийн тоо буурч байна гэдэг нь ирээдүйд Монголд орж ирэх хөрөнгө оруулалт буурч байна гэсэн үг. Лиценз дагаж гадны хөрөнгө оруулалт орж ирнэ. Лиценз буурахаар Монголд орж ирэх хөрөнгө оруулалт байхгүй. Манай улсад орж ирж байгаа хөрөнгө оруулалтын 90 хувь уул уурхайн салбарынх байдаг. Энэ нь дунд хугацаанд эдийн засгийн бодлого нь зөв явахгүй байгаа шинж тэмдэг юм. Үүнтэй адил бусад салбарт орж ирж байгаа хөрөнгө оруулалтад тааламжтай нөхцөл бүрдүүлж чадахгүй байна.  Бид нэн тэргүүнд хөдөө аж ахуйн тэр дундаа боловсруулах үйлдвэрийн салбар хэрэгтэй.  Тэгэхээр бусад оронд байхгүй ямар нэгэн давуу талыг гадны хөрөнгө оруулалтад бий болгох ёстой. Гадны хөрөнгө оруулалтад бол Монгол Улс жижиг зах зээл шүү дээ. Бүтээгдэхүүн авлаа гэхэд худалдан авах зардал маш ихтэй. Ийм нөхцөлд нэлээд хэдэн давуу талыг бий болгох шаардлагатай. Урт хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлого  хэрэгжүүлж байж, үр дүнгээ өгнө.

-Энэ цаг үед шууд орж ирэх хөрөнгө оруулалт байхгүй шүү дээ?

-Байхгүй. Дэлхийн банкнаас “Одоо манайд байгаа гадны хөрөнгө оруулагчдад тааламжтай нөхцөл олгох юм бол дараа дараагийн шатны бизнесээ үргэлжлүүлэх сонирхолтой байна. Манайд анх удаа орж ирж байгаа бизнес биш учраас үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхол байгаа. Тэр нөхцөлийг нь тааламжтай болгож, хүндрэл чирэгдэл учруулахгүй байх. Мөн хууль эрх зүйн хувьд  дэмжиж ажиллах”-ыг сануулж буй.

     

“Алсын хараа 2050” хөтөлбөр бол мөрөөдөл

 

-Дахиад л залгамж халаа байхгүй төрийн бодлогоо асуух гээд байна. Чөлөөт зах зээлд шилжээд 30 жил болсон  хэрнээ  яагаад эдийн засгийн нэгдсэн хөгжлийн бодлогоо  уядуулж явуулдаггүй  юм бэ?

-Эрх барьж байгаа намууд боловсон хүчний хувьд чадавхгүй сул байна. Төр биш нам дотроо боловсон хүчнээ бэлтгэхгүй байна. Сонгуульд ялсан нам боловсон хүчнээ сонгоод, томилж байгаа. Тэр хүмүүсийн нь мэргэжлийн бэлтгэгдсэн байвал ийм асуудал гарахгүй. Мөн салбарын бус хүнийг томилж байна. Төрийн албаны томилгоог хийдэг байдал эдийн засагт савалгаа үүсгэдэг нэг хүчин зүйл нь.  Ажлаа хийгээд учраа олж байтал, дараагийн  томилгоог хийдэг.  Тэгээд бүх шинээр дахин эхэлдэг. Урт хугацааны бодлого байхгүй байдал  нь сөргөөр нөлөөлж байна. Зах зээл дэх төрийн зохицуулалт юу гэдгээ мэдэхгүй явж байна шүү дээ. 30 жил яриад чиг хандлагаа олж байгаа зүйлийг эхнээс нь хийх гэж байгаа аятай яриад эхлэхээр гадны хөрөнгө оруулагч нарт ойлгомжгүй байдал хүртэл үүсэж байна. Дахиад төрийн зохицуулалт яриад эхлэхээр хэчнээн жил маргахыг хэлж мэдэхгүй. Гадаадад  хөгжлийн бодлого нь ийм онолтой байна гэсэн туршлага байхгүй. Улс орнууд өөрсдийнхөө эдийн засаг, нөхцөл байдалдаа тохируулаад хийсэн байдаг. Тэгэхээр хэт туйлширсан үзэл, гэнэтийн бодлого нь эдийн засагт тогтворгүй байдалд хүргэж байна.

-Засгийн газраас “Алсын хараа -2050” гэж яриад байгаа.  Энэ нь хөгжлийн бодлого төлөвлөлт мөн үү. Аль эсвэл зорилт уу. 30 жилийн дараа олох орлогыг яаж тооцоолж байна  вэ гэдгийг огт ойлгохгүй байна?

-1990 оноос хойш Монгол Улс гурван удаа хөгжлийн бодлого гаргаж байна. Өмнөх хоёр бодлогод нь би ажиллаж байсан. 2000 онд  Мянганы хөгжлийн зорилтод суурилсан  үндэсний хөгжлийн цогц бодлого, 2016  онд Тогтвортой хөгжлийн зорилт-2030 хөтөлбөрийг гаргасан. Цаг хугацааны хувьд 2050 хөтөлбөр гарах болоогүй байсан. 2030 нь шаардлагаа хангаад явж байна. 2050 хөтөлбөрийг 2030 тай харьцуулаад харахад бүх зүйл нь ижил. 2050 хөтөлбөрт  шинэ хандлага, шинэ зүйл, шинэ санаа байхгүй. Нэр нь 2050 болохоос ялгагдаад  байх зүйлгүй.  Эдийн засаг савлагаатай үед,  2030 оноос хойших улс орнуудын нөхцөл байдлыг зөв хараад дүгнэдэг, зөн билэгтэн ч байхгүй. 

-Энэ хөтөлбөр мөрөөдөл үү?

-2050 он гэхэд Монгол Улсад уур амьсгал ямар байхыг хэн ч  мэдэхгүй. Тариа тарьж болох эсэхийг  хэлж чадахгүй. Ийм тодорхойгүй нөхцөлд 40, 50 оны төлөвлөлт хийнэ гэж байхгүй. Төлөвлөлт  бол 10 жилээр байна. Түүнээс цааших нь стратегийн зорилт байдаг. Өөрөөр хэлбэл, 2050 онд төмөр замаа ингэж тавина, ийшээ татна, энэ уурхайг ухна, төчнөөн ам.долларын ашиг олно  гээд төлөвлөж, тооцоолж болохгүй.  Энэ бол оновчтой бодлого болж чадаагүй. Зүгээр мөрөөдөл болоод дуусна.

 

                                                                                      МҮХАҮТ-ын 60 жилийн ойн шилдэг бүтээлийн уралдаанд зориулав