Хүн байх амархан. Хүн байхын тулд иргэн таны албан тушаал, эрх мэдэл, нас хүйс, өндөр нам, өргөн бүдүүн, мөнгөтэй, мөнгөгүй огтхон ч хамаагүй билээ. Тэр бүү хэл, хаана амьдардаг, аль улсын иргэн байх ч хамаарахгүй. Арьсны хар, бор, шар, улаан ч нөлөөлөхгүй. Гагцхүү хүүхдийн эрх, эрх чөлөө аюулгүй байдлыг эрхэмлэж, хайрлаж, нандигнаж, хамгаалж чаддаг сэтгэл зүрхтэй байх хэрэгтэй юм. Хүчирхийллийг нуун дарагдуулж, өөгшүүлдэггүй таны, миний үр хүүхдийн төлөө хууль хяналтын байгууллага руу утас цохиж чаддаг байхад л хангалттай. Тиймээс сайн хөршийн харилцааг үүсгэж, хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд санаа тавьдаг болъё. Хүчирхийлэл үйлдэгдэж байвал хороо хэсгийнхээ цагдаад дуудлага өгч, иргэнийхээ үүргийг биелүүлээрэй. Хүчирхийллийг тэвчдэггүй, өөгшүүлдэггүй, нуун дарагдуулдаггүй хүнлэг, шударга нийгмийг хамтдаа бий болгож, энхрий нялх үрсээ муугийн савраас хамгаалъя. Хууль хяналтын байгууллага нь дуудлага өгсөн иргэний мэдээллийг нууцалж, аюулд өртөхөөс сэргийлэн, хамгаалдаг баймаар байна. Хүчирхийлэл үйлдэгчийг бүртгэж, байнгын хяналтад байлгахын зэрэгцээ хатуухан арга хэмжээ авч, төрийн төмөр нүүрийг харуулдаг, үзүүлдэг болмоор байна.
Харин дугаар хорооны хэсгийн ахлагч нар өрх бүрийн судалгаанд суурилж, хэдэн хүүхэдтэйг нь нягтлахын зэрэгцээ архины хамааралтай, өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байсан хар түүхтэй эсэх сэтгэцийн эмгэгтэй юу, хаана ажилладаг гэх мэт хувийн мэдээллийг цуглуулж, нийгмийн ажилтан, засаг даргадаа тэмдэглүүлэх шаардлагатай. Онцгой анхаарал шаардлагатай өрх гэрийг түүвэрлэж, улаан өнгөөр ялган, хэсэг, дүүргийн цагдаадаа тэмдэглүүлэхийн зэрэгцээ хяналт, шалгалт, эргэлтийг сайтар тавъя. Хөрш болоод ойр тойрны хүмүүст нь мэдээ, мэдээлэл өгөхийг сануулдаг эргэх холбоог бий болгоё. Дугаар хороонд шинээр шилжин ирсэн болон түр оршин суугч иргэн бүрт онцгой анхаарал хандуулъя. Цаашилбал, улс, дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай холбоо тогтоож, хүүхэд нэг бүр гэмт хэргийн золиос болохгүйн тулд байнгын харилцааг тогтоож, онцгой анхаарал шаардлагатай айл, өрхийн бүртгэлийг цахим хэлбэрт оруулъя. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь үйл ажиллагаагаа нээлттэй болгож, улсын хэмжээнд хэчнээн гэр бүл хүүхдийг хүчирхийлж болзошгүй нарийн тоо, судалгааг гаргаж, түүнд тулгуурлан ажилладаг баймаар байна. Харин УИХ-ын гишүүд нь хууль эрх зүйн орчин болоод хариуцлагыг нэмэгдүүлж, ялын бодлогыг чангатгаж, хүүхэд бүрийн аюулгүй байдлыг бодож, хуулийн хэрэгжилтэд анхааръя. Монгол Улс хүүхдэд чиглэсэн 50 гаруй хуультай гэж тоолж суухын оронд хүүхдэд чиглэсэн, бодит үр дүнгээ өгөх хэдхэн хуулийг бодлогоор хэрэгжүүлье.
...Онцгой анхаарал шаардлагатай өрх гэрийг түүвэрлэж, улаан өнгөөр ялган, хэсэг, дүүргийн цагдаадаа тэмдэглүүлэхийн зэрэгцээ хяналт, шалгалт, эргэлтийг сайтар тавъя. Хөрш болоод ойр тойрны хүмүүст нь мэдээ, мэдээлэл өгөхийг сануулдаг эргэх холбоог бий болгоё. Дугаар хороонд шинээр шилжин ирсэн болон түр оршин суугч иргэн бүрт онцгой анхаарал хандуулъя...
Насанд хүрч, аав, ээж гэх эрхэм нэрийг зүүсэн хэнбэ ч гуай бай үр хүүхдийнхээ өмнө үүрд хариуцлага хүлээх ёстой. Тиймээс хаалга саваад гарсан харилцаандаа цэг тавьж, нялх үрсийнхээ өмнө хариуцлагаа хүлээе. Таны үр хүүхдийг өөрөөс чинь өөр хэн ч хайрлахгүй. Иймд хоёрдогч, гуравдагч амьдрал эхлүүлэх гэж байгаа бол үр, хүүхдийнхээ эрх үүргийг тэргүүн эгнээнд тавьж, нүд үзүүрлэх төдий хандлагад үгүй гэж хэлж суръя. Нялх үрсийнхээ өмнө хариуцлагаа хүндтэйгээр үүрч чаддаг, хамгаалж, өмгөөлж мэддэг хүн байя.