ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төвийн тоглогч

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-07-04

Улс төрд Н.Энхбаяр бол  яах аргагүй төвийн тоглогч. Энэ имижээс түүнийг салгаж ойлгох аргагүй. Тэрбээр 1992 онд улс төрд анх хөл тавьсан бөгөөд  хүрээгүй өндөрлөг, хашаагүй албан тушаал үгүй юм. Соёлын сайд, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байв. Өөрөөр хэлбэл, цахилгаан шатанд суусан юм шиг л өгсөх дараалалтай явж ирсэн байдаг. Монголын улс төрд 20 орчим жил ямар ч өрсөлдөгчгүй  байсан  цорын ганц хүн гэж нэрлэж бас болно.

Н.Энхбаяр Монголын улс төрд гялалзаж явахдаа гай ч, гавьяа ч байгуулсан гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрнө. Түүний гавьяа  нь монголчуудад газрыг нь үнэ төлбөргүй өмчлүүлэх шийдвэрийг гаргаж байв. Энэ шийдвэрийн ачаар монголчууд өнөөдөр өөрийн гэсэн өмчлөлийн газартай болсон юм. Тухайн үед иргэдэд газрыг нь өмчлүүлбэл, “Н.Энхбаярт зориулж, алтаар хөшөө босгоно” хэмээн бичсэн нийтлэл хэвлэлийн шар хуудаснаа үлджээ.

Нөгөөтээгүүр, ОХУ-д төлөх ёстой 11.4 тэрбум доллартай тэнцэх өрийг тэглэсэн гавьяатан.  Түүний улс төрийн замнал өгссөн шигээ унах нь хүртэл хурдан байв. Тэрбээр 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд  Ц.Элбэгдоржтой өрсөлдөж ялагдсанаар намдаа гадуурхагдаж эхэлсэн гэдэг. Энэ цагаас хойш МАХН-д дотоод шинэчлэлийн давалгаа өрнөж, зүүнийхэн  хүчээ авч, Н.Энхбаяр намынхаа нөхдөд шахагдсан юм. Гэсэн ч тэрбээр 2011 онд МАХН нэрээр шинэ нам байгуулж, 2012 оны дөрөвдүгээр сард АТГ-ынханд баривчлагдаж, шоронд хоригдож, ес хоног хуурай өлсгөлөн зарлаж, үхэл амьдралтай тулсан хүнд, хар бараан он жилүүдийг туулж байв. Монголын улстөрийг ордноос ч, онгоцноос ч, Солонгосоос ч, шоронгоос ч удирдаж байсан хүн түүнээс өөр үгүй юм.