ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Ариун-Эрдэнэ: Хүүхдийн эмзэг газарт ээж нь эсвэл эмч л хүрч болно гэдгийг зааж өгөх хэрэгтэй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-01

-Бага насанд нь мөнгөний боловсролыг олгохдоо мөнгө яаж олох вэ биш,  хэрхэн зарцуулах вэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй-

Өнөөгийн нийгэмд хүүхдийн  сэтгэл зүйг  судалж,  тэдэнд анхаарал хандуулах ёстой гэж олон нийт ярьж байгаа билээ. Тэгсэн хэдий ч төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байгаа нь нууц биш. Тэгвэл энэ талаар “Гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв”-ийн Сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэтэй ярилцлаа.

-Өнөөдөр сэтгэл зүй, тэр дундаа хүүхдийн сэтгэл зүйг яах аргагүй чухалчилж авч үзэхийг   нийгэм өөрөө харуулж байна шүү дээ. Энэ асуултаар ярилцлагаа эхлүүлье?

-Хүүхдийн хүмүүжил төлөвшил болон ялангуяа хүчирхийллийн талаар одоо л хурцаар ярьж, хэлж байгаа. Гэвч энэ асуудал өмнө нь ч гэсэн нийгэмд байсан. Үүнийг хүмүүс  огт анзаардаггүй, тоодоггүй байлаа. Харин сүүлийн үед бид яг ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ, яагаад хүүхдийн хүчирхийллийн асуудал олноор гарч ирээд  байна вэ гэдэгт анхаарал  хандуулж байна.  Гэхдээ энэ бүхнийг ойлгож, хэрхэн засаж залруулах, ямар арга хэмжээ авах,  хэрхэн даван туулах вэ гэдгийг анхаарах нь цөөхөн. Өөрөөр хэлбэл,  асуудлыг яриад байгаа атлаа  бодит  хамгийн  ажил болохгүй байна. Мэргэжлийн хүний хувьд энэ нь өөрөө нийгэмд том асуудал болоод байна. Нөгөөтээгүүр,  ээж аавууд, эсвэл шийдвэр гаргах түвшний хүмүүсийн сэтгэл зүйн мэдлэг, мэдээлэл маш хязгаарлагдмал. Өөрөөр хэлбэл,  мэдлэггүй байна гэж хэлж болно.

-Хүүхдийн сэтгэл зүй өөрчлөгдөж, хямрахад   эцэг, эхчүүд ихэвчлэн нөлөөлж байна уу. Аль  эсвэл соошл орчин нөлөөлж байна уу. Мэргэжлийн хүний хувьд үүнийг юу гэж харж байна вэ?

-Хүүхэдтэй ажилладаг хүний хувьд  эцэг, эхчүүдийн буруу гэж шууд  хэлдэг. Аав,  ээжүүдийн  хүүхэдтэй харилцах  хандлага нь сөрөг, олгож буй хүмүүжил, төлөвшил нь маш их асуудалтай. Хүүхэд хүмүүжил багаасаа буруу тавигдаж, хөгжихөөр тэр чигээрээ буруу төлөвшдөг. Хүүхдийн суурь хүмүүжлийг нь багад  маш сайн тавьж чадвал, хэвийн хөгждөг шүү дээ. Тухайлбал, хүүхдийн суурь хүмүүжил 0-6 насанд явагддаг.

Тиймээс  10 хүртэлх насанд нь аав ээжүүд маш сайн анхаарах ёстой.  Ер нь хүүхдийн суурь хүмүүжлийг  сайн тавих ёстой.  Тэгж байж  нийгэмд үүсч буй сөрөг зүйлүүд  алсдаа буурна.  Хэрвээ хүүхэд зөв хүмүүжиж, сууриа зөв тавьсан бол цахим орчинд ч гэсэн  өөрийгөө зөв аваад явна. Бага  балчир насандаа зөв хүмүүжил авч чадаагүй бол цахим, орчинд ч гэсэн өөрийгөө илэрхийлэх нь бас сөрөг болчихдог.

Өөрөөр хэлбэл, аав,  ээждээ хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй, ганцаарддаг, хайр халамж мэдрэхгүй, найз нөхөддөө гадуурхагддаг хүүхэд цахим орчинд хүлээн зөвшөөрөгдөж байгаа юм шиг эсвэл найз нартай юм шиг санагддаг сэтгэгдэл төрдөг. Нөгөөтээгүүр,  цахим орчинд маш олон мянган хүн бий. Тэдгээрээс нэг ч гэсэн хүн тэр хүүхдийг дэмжиж байгаа учраас сайхан санагддаг. Тиймээс өөрийгөө ганц хүлээн зөвшөөрүүлж чадаж байгаа нь  цахим орчин юм.  

-Хүүхдийн нас насны онцлог гэж бий. Бага,  дунд,  өсвөр насандаа тохирсон ааш араншин гаргадаг. Энэ үед эцэг, эхчүүд яаж харилцах ёстой юм бол?

-Нас насны онцлогийг задалж ярих юм бол маш өргөн хүрээтэй зүйл. Манай эцэг, эхчүүд хүүхэд бүрийн нас насанд ийм онцлог  байна гэдгийг харьцангуй мэддэг. Гэсэн хэдий ч  ээж, аавууд цаад учрыг нь мэдэж судлахыг хүсдэггүй. Энэ нь сэтгэлзүйч бидний хийх ажил болчихоод байна. Нөгөө талдаа Монголд байгаа сэтгэлзүйч мэргэжилтэй хүмүүсийн тоо хангалтгүй байгаа.  Тиймээс нийтээрээ, нийгмээрээ, хүүхдийн төлөө ажилладаг байгууллагууд, эмх цэгцтэй төрийн бодлогоор,  шийдвэр гаргах түвшний хүмүүсийн дэмжлэгтэйгээр бид нөлөөлөх боломжтой. Бид  олон нийтэд нь хэчнээн ярьж, хэлж, сануулж байгаа ч хүртээмж нь хангалтгүй байна. Тэгэхээр хүн бүрийн оролцоо чухал гэдгийг сануулж байгаа юм.

-Өсвөр  насны хүүхдийн сэтгэл зүй хамгийн эмзэг, тогтворгүй байдаг шүү дээ. Гэр бүлийнхэнтэйгээ таардаггүй, уур уцаартай болчихдог. Гэр бүлийн хүмүүжлээс гадна найз нөхөд, орчин тойрныхоо нөлөөнд хамгийн их өртөмтгий үе учраас анхаарал хандуулах шаардлагатай байх?

-Хүүхдийг  өсвөр насанд хүрээд аашилдаг, бусдыг ойлгодоггүй, муйхар ханддаг гэсэн ойлголтууд ээж, аав нарт төрдөг. Гэтэл энэ нь нөгөө л суурь хүмүүжлээсээ үүсдэг. Эцэг, эхийн анхааралгүй, хайхрамжгүй байдлаас үүссэн асуудал явсаар байгаад өсвөр насанд илэрч буй хэрэг. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадавх нь арай хөгжөөгүй байдаг.

Гэтэл өсвөр насандаа “Би том болчихлоо,  шийдвэр гаргах эрхтэй. Та нарын үгийг сонсохгүй, надад найз нөхөд чухал болж байна” гэдэг мэдрэмж төрдөг. Энэ үеэс эхлээд хүүхэд ааш зангийн хувьд  тэсэрч эхэлдэг. Нөгөө талаас хүүхэд нийгэмших гэж байна гэсэн үг шүү дээ.

Өсвөр насны хүүхдүүдэд олон төрлийн даавар,  гармон ялгардаг. Энэ бүгд нийлээд ирэхээр стресстэж эхэлдэг гэсэн үг.  Тэрнээс бол зүв зүгээр амьдарч байгаад,  өсвөр насандаа ийм зан араншинтай болж байгаа юм  огт биш.

-Ийм байдалд орсон өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхчүүд яаж харьцах ёстой вэ?

-Багаас нь хүүхэдтэйгээ тогтмол нээлттэй харилцаад  байх юм бол өсвөр насанд нь ч илэн далангүй харилцах боломжтой. Гэтэл бага насанд нь огт тоохгүй байсан хүүхдээ өсвөр насандаа асуудал үүсгэхэд “зүгээр байсан хүүхэд гэнэт яагаад  өөрчлөгдөв” гэж гайхдаг.  Ер нь хүүхдийн эцэг, эхийнхээ анхаарлыг татах шилдэг арга нь үймүүлэх, “хэрэг тарих” байдаг. Миний хүүхэд огт буруу зүйл хийхгүй,  мундаг  гэж бодож байтал хаа нэгтээ хэрэг тарьчихсан байдаг. Энэ үеэс анхаарал хандуулахгүй бол болохгүй юм байна гэдгийг ойлгож эхэлдэг юм.

Ер нь  эцэг, эхчүүд  хүүхдээ 7-9 насанд анхаарах ёстой. Энэ насанд нь хүүхдээ гараас гарчихлаа, том болчихлоо гээд хаячихдаг. Энэ насанд нь ихэнх ээжүүд дараагийн хүүхдээ төрүүлэх нь элбэг. Тиймээс хүүхэд улам стресстэж, эцэг, эхийн анхаарлаас гадна үлдчихдэг. Ингээд өсвөр насанд шилжихэд  нь мөн л хүүхдээ бэлдээгүй байдаг.  Хэрвээ ийм асуудал тулгарч байгаа бол  хүүхдээ бид хүндлэх,  хүлээн зөвшөөрөх, ойлгох, нууцыг нь хадгалах хэрэгтэй. Гэхдээ хамгийн чухал нь “Би чиний найз шүү гэж” харьцах нь өнөөгийн нийгэмд хамгийн чухал.  Харамсалтай нь,  манай эцэг, эхчүүд  энэ байдлыг  ойлгохгүй загнаж, дарангуйлах маягтай харилцаж эхлэхэд хүүхэд тэднээс холдож найз нөхөд рүүгээ тэмүүлдэг. Хүүхдээ өсвөр насанд хүрсэн ч жоохон байгаа мэт ойлгодог. Гэтэл таны хүүхэд том болж,  бие  хүн болж хөгжих, өөрийн гэсэн үзэл бодолтой болж буй хэрэг шүү дээ. Харин эцэг, эхчүүд бага насны хүүхдээ өөрөө гутлаа өмс, ороо хураа, аягаа угаа гэдэг. Энэ нь бага насны хүүхэдтэй том хүн шиг харилцаж байгаагийн илрэл. Харин  өсвөр насныхантай бага насны хүүхэдтэй харьцаж байгаа юм  шиг ханддаг нь  маш том алдаа.

-Эцэг,  эхчүүдийн өөрсдийнх нь өссөн,  хүмүүжсэн орчин одоогийнхоос тэс өөр байна шүү дээ?

-Тийм ээ. Тэдний амьдарч байсан нийгэм өөр. Одоогийн нийгэм ч өөр. Гэвч эцэг, эхчүүд өөрсдийнхөө авч байсан хүмүүжлээр хүүхдээ хүмүүжүүлэх гээд байгаа нь буруу. Нийгэм солигдож, олон зүйл өөрчлөгдсөнийг мэддэг хэрнээ хүүхдийн хүмүүжлийн талаас нь ойлгохгүй байна. Тиймээс  “Намайг бага байхад ийм байсан. Одоо чи юу вэ” гэдэг байдлаар асуудалд  хандаж эхэлдэг. Мэдээж хүүхэд тэр нийгэмд амьдарч үзээгүй учраас мэдэхгүй. Хүүхэд алдаж эхлэхэд “Бид  хоёр чамд хэлсэн, чи л тэгсэн” гэх маягаар  хүүхдээ сэтгэл зүйн дарамт болон  алдаа руу нь  түлхчихдэг. Гэтэл хүүхэдтэйгээ адилхан нийгэмд амьдарч байсан бол арай өөрөөр хандах байх. Тухайлбал,  хүүхэдтэйгээ хамтдаа хийж үзье, шинэ үеийн хөвгүүд ямар хандлагатай болсон,  “утасны цаанаас юу гэж байна хамт бичээд үзэх үү” гэх мэтчилэн жинхэнэ найз шиг нь байх хэрэгтэй.

Ихэнх эцэг, эхчүүд “хэзээ ч миний хүүхэд тэгэхгүй” гэсэн итгэлээр нүдээ таглачихдаг. Гэтэл нийгэм өдөр ирэх тусам өөрчлөгдөж,  техник технологийн үсрэнгүй хөгжил дэвшил,  бусад улс орны соёл ахуй амьдралд нэвтрэхийн хэрээр хүүхдийн сэтгэл зүй өөрчлөгдөж байна. Бид хүүхэдтэйгээ яаж харьцах,  яаж эерэг хандлагыг төрүүлэх  вэ гэдгийг томчууд огт боддоггүй. Өөрсдийн өссөн орчин,  нөхцөлөөрөө хүүхдэд хандаад байдаг нь гол асуудал. Тэдний үеийн аравдугаар ангийн хүүхэд бэлгийн боловсролын талаарх ойлголтгүй байсан шүү дээ. Тэгвэл  одооны таван настай хүүхэд ярьж  байгааг эцэг, эхчүүд ойлгох хэрэгтэй. Хэрвээ ойлгоод,  хандлагаа өөрчлөх юм  олон хүүхдийг сөрөг зүйлээс ангижруулах боломжтой.

-Тухайлбал танай төвд эцэг, эхчүүд хүүхдийнхээ ямар асуудлын талаар түлхүү ханддаг вэ?

-Эцэг, эхчүүд бага насанд нь анзаараагүй зүйлээ өсвөр насанд нь анзаарсан байдаг нь юм билээ. Ихэвчлэн  “Даруухан, төлөв байсан хүүхэд маань  ийм асуудал үүсгэлээ, одоо яах вэ” гэж гэнэт үүссэн юм  шиг орж ирдэг. Саванд аажим аажмаар ус хийхэд хальдагтай адилхан хүүхдийн зүйл. Өөрөөр хэлбэл, асуудал нь  ихдээд эхлэхэд  стресстэж, гэрийнхнээсээ зөрдөг.

-Хүүхдүүд өөрсдөө хандах уу?

-Ирэх тохиолдол бий. Хүүхдүүд  сэтгэл зүйчид хандах хүсэл байдаг ч,  санхүүгээрээ эцэг, эхээсээ хараат учраас бэршхээлтэй. Гэхдээ асуудлаа яриад ирсэн хүүхдэд бид хэзээ ч татгалздаггүй.  Манайх ТББ учраас нийгэмд нөлөөлөх үнэ төлбөргүй  зөвлөгөөг шаардлагатай тохиолдолд өгдөг. Мэдээж үйл ажиллагаа явуулж байгаа учраас үйлчлүүлэгчээс төлбөр авдаг.  Үүнийгээ буцаагаад  ажилчдын цалин,  үнэ төлбөргүй сургалтад зориулдаг. 

-Зарим хүүхэд өөрт тулгарсан асуудлаа шийдэж чадахгүй,  давж гаръя гэж бодохоос өмнө өөрийгөө эрсдэлд оруулдаг. Мөн   амиа хорлох алхам хийдэг. Хүүхдийн сэтгэл зүй ямар түвшинд оччихсон болоод ийм үйлдэл хийхэд хүрдэг вэ?

-Хүүхэд амьнаасаа уйдсандаа ийм алхам хийсэн юм биш шүү дээ. Хүүхдийн суурь хүмүүжилд ямар нэгэн зүйл байсан учраас  өсвөр насандаа буруу үйлдэл хийдэг. Гэтэл хүүхэд асуудлыг даван туулах,  сэтгэлийн тэнхээ суух, өөртөө итгэх итгэлийг гэр бүлийн хайр халамжаас олж авдаг. Магадгүй ээж, аавынх нь хэн нэг нь байхгүйгээс хүүхэд өөртөө асуудал хураасаар байгаад давж чадахгүй эрсдэлтэй замыг сонгодог байх. Хүүхдэд ийм эрсдэл бий болгохгүйн тулд сургуулийн орчинд сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлэх ёстой. Ээж, аав нь дахин гэр бүл төлөвлөхөөс нь  өмнө хэн хэнд нь  сэтгэл зүйн боловсролыг нь  олгох хэрэгтэй. Ингэснээр асуудлыг тодорхой хүрээнд шийдэж чадна.  Харамсалтай нь,  ингэж ажиллах сэтгэл зүйч,  сэтгэл зүйн төвүүд манайд хангалтай биш.

-Миний харж байгаагаар эцэг, эхчүүд хүүхэддээ нийгмийн талаар сайн тайлбарлаж өгөхгүй байгаа юм шиг санагддаг?

-Тийм шүү дээ. Саяхны нэг жишээг дурдахад,  нэг хүүхэд “та хоёр надаас болж муудалцаж,  та бүхний амьдралд  би төвөг болоод байгаа учраас хүү нь амиа хороллоо” гэж бичсэн захиа байсан. Эцэг, эхчүүд мөнгө,  найз нөхдийн  асуудлаас болж маргалддаг бол энэ талаараа хүүхэддээ тайлбарлаж өгөх хэрэгтэй.

Түүнчлэн  “Ээж, аав хоёр нь ийм ажил хийдэг учраас тэдэн төгрөгийн цалин авдаг. Үүнээс тэдийг нь миний хүүгийн төлбөрт зарцуулдаг,  хоол хүнс, хувцсандаа хэрэглэдэг. Энэ нь зүгээр бидний амьдарч буй орчин” гэдгийг тайлбарлаж өгөхгүйгээс болоод “миний л буруу юм байна” гэж эмзгээр хүлээж авдаг.

Гэрт үл ойлголцох асуудал гарвал өөртөө хүлээн авч, ертөнц тэр чигээрээ миний эсрэг юм байна гэж ойлгодог. Харин эцэг, эхчүүд ойлгуулахын тулд “зүгээрээ, ард нь аав, ээж нь байгаа. Бид  хүүдээ, охиндоо итгэж байгаа учраас битгий ай. Чи ямар ч зүйл болсон бидэнтэй хуваалц. Манай гэр бүлийн үнэ цэн, онцлог энэ шүү” гэдгийг  хүүхдэд мэдрүүлснээр итгэл бий болдог. Ингэснээр хүүхэд амиа хорлох, буруу зам руу орохгүй байх тэр эрсдлүүдээс  эцэг, эхчүүд  өөрсдөө татаж гаргаж чадна.

-Нэг үеэ бодоход сэтгэл зүйчид  хандсанаар ямар давуу талтай вэ гэдгээ ойлгосон. Нөгөөтээгүүр,   энэ талын боловсрол манай нийгэмд арай л дутмаг байх шиг. Наад зах нь л гэхэд  сургуулийн орчинд сэтгэл зүйч байхгүй нь энэ бүхнийг илтгэх байх?

-Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд, сургууль, цэцэрлэг, албан байгууллагад сэтгэл зүйчийн орон тоог  бий болгомоор санагддаг юм. Одоогоор манай нийгэм сэтгэл зүйн зөвлөгөөг төдийлөн ойлгохгүй. Ойлгохыг хүссэн хүрээлэл нь цөөхөн байна.  Бид нэг,  хоёр удаадаа сургалт хийлээ.  Мөнгө санхүү, сургалтын  байр хүрэлцээгүй, техник нь хангалтгүй байснаас олон нийтэд хүргэх нь хомс байгаа юм. Түүнээс бол бүх  сэтгэл зүйчдийг бэлтгээд нэгэн жигд байвал нийгмийн хандлагыг бага ч гэсэн өөрчлөх боломжтой. Сургуулийн нийгмийн ажилтан нийгэм, хамт олны талаас нь хардаг. Харин сэтгэлзүйчид “таны хүүхдийн өсөлт  ийм байгаа нь сэтгэлийн  ямар нэгэн хямрал нөлөөлөв үү. Аль эсвэл   өөр зүйлээс шалтгаалж байна уу” гэх зэргээр олон талаас нь харж чаддаг. Мөн шалтгааных нь талаарх   зөвлөгөөг өгөх учраас ядаж боловсролын байгууллага бүрт байх шаардлагатай. Түүнчлэн шийдвэр гаргах түвшний хүмүүс сэтгэлзүйн боловсрол нимгэн, ойлголт бага учраас энэ асуудлыг дэмжиж чадахгүй  байна.

- Сайн, муу  асуудлууд нийгэмд ил болохын хэрээр хаалганы цаана үлддэг байсан бэлгийн болон биемахбодийн хүчирхийллийн тухай хэргүүд харьцангуй цагдаа, хууль хяналтын байгууллагад хүрдэг боллоо. Энд бас л сэтгэл зүйн асуудал яригдах байх?

-Ирээдүйд ийм эрсдэл туулахгүйн тулд  хүүхдийг багаас нь бэлдэх хэрэгтэй. Хүүхэд эхээс төрөөд,  бие  хүн болоход  хэд хэдэн хөгжлийн шатыг дамждаг.  Энэ хөгжлийн шатуудад ямар нэгэн асуудал үүсэх нь    ирээдүйд сөрөг  үр дагавар гарах  нөхцлийг бүрдүүлж байдаг.  Бид охидууд гэж ярьдаг болохоос хөвгүүд  далдуур маш их хүчирхийлэлд өртдөг. Тухайлбал, хүүхдийг өхөөрдөж, тамхилъя гэж эмзэг газарт  нь хүрэх нь буруу. Хүүхэд хоёр наснаасаа бэлгийн чиг хандлага, хүйсийн ялгаагаа мэдэж эхэлдэг. Тэр үед нь “Энэ эмзэг газарт нь ээж нь, эсвэл эмч л хүрч болно. Өөр хүн огт хүрч болохгүй шүү” гэдгийг охиндоо хэлж өгөх хэрэгтэй. Гэтэл ээжүүд ажил, амьдралдаа түүртэж хоол унд,  хувцас,  материаллаг хэрэгцээнд нь анхаардгаас сэтгэл зүйн хэрэгцээнд нь огт тоодоггүй. Хүүхдийнхээ хувцсыг тайлахдаа, “биед нь хүрч болох уу, цамцыг нь тайлж болох уу” гэх мэтчилэнгээр хандах хэрэгтэй. Нийгэм хэцүү байгаа гэдгийг мэддэг хэрнээ, яагаад хүүхэддээ тайлбарлаж өгдөггүй юм бэ. Мөн “Ийм зүйл  хортой шүү,  аавтайгаа, ээжтэйгээ хамтдаа судалъя,  бид  ч гэсэн мэдэхгүй байна” гэх маягаар хандах хэрэгтэй.

-Хүүхдийг хүүхдээр  байлгана гэдэг асуудал өнөөгийн нийгэмд бүр халиад явчихсан юм шиг санагддаг. Бага ангийн хүүхэд  гэртээ тоглоом хийгээд ангийнхандаа зарж мөнгө олсон тухай уншлаа. Гэтэл тэр хүүхэд тоглоом хийж хөгжинө гэхээс илүү мөнгө олох нь чухал гэдэг ойлголтыг  авчихсан. Энэ мэтчилэн олон жишээ бий. Үүнийг томчууд бид хэрсүү, мундаг, ухаантай гэж өөгшүүлээд байгаа ч түүний цаана хүүхдийн хүмүүжил доголдож байгааг анзаарахгүй байгаа мэт санагддаг. Үүнд сэтгэл зүйч хүний хувьд юу гэж хэлэх вэ?

-Хүүхэд юм хийгээд зарж байгаад хязгаар тавих нь зөв. Бага насанд нь мөнгөний боловсролыг олгохдоо мөнгө яаж олох вэ биш,  хэрхэн зарцуулах вэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Ингэхдээ үүрэг хариуцлага өгөх маягаар олгох нь зөв. Тэр гэрт амьдарч л байгаа бол аягаа угаана, тоосоо арчих гэх  зэргээр ойлгуулна. Ингэснээр хүүхэд ирээдүйд хөдөлмөрлөх ёстой юм байна гэдгийг ойлгодог. Энэ явцад хүүхдэд мөнгө олох арга аль хэдийнэ суучихдаг юм. Гэрийн ажил хийдэг хүүхэд зохион байгуулах, аливаа ажлыг төлөвлөх чадвар нь маш сайн хөгждөг.