ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Эрдэнэболд: Байт харваа хүнд тайвшрал өгдөг спорт

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-07-05

-Би  өөрөө тэмцээнд оролцох гэхээсээ илүү тамирчдыг гаргаж ирэх, ур чадварыг нь дээшлүүлэхийн төлөө ажиллана-

 

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболдыг энэ удаагийн “Сондгой өнцөг” буландаа урьж, ярилцлаа. Тэрбээр  байт харваа сонирхож хичээллэж, энэ спортыг хөгжүүлэхийн төлөө ажиллаж яваа юм. 

-Та байт харвааны спорт сонирхон хичээллэж, хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа юм байна. Хэзээнээс авахуулаад энэ спорттой холбогдов?

-2009 оноос эхэлж харваа сонирхож, хичээллэж эхэлсэн. Гэхдээ эхлээд сур харваа сонирхож, таван жил дулаан үед харвах гэж үздэг байлаа. Ямар нэг тэмцээнд оролцож байгаагүй. Харин сүүлд байт харваа маш гоё санагдаж, энэ спортоор тодорхой хэмжээнд хичээллэж эхэлсэн. 2014 онд анх байт харвааны нум авч байсан. Гэхдээ ажил ихтэй болохоор системтэй бэлтгэл хийж чадахгүй явсаар өнгөрсөн жилээс л идэвхтэй сонирхож, хичээллэж байна. Байт харвааны спортод бол шинэ хүн.  Байт харваа манайд шинэ спорт биш. Монгол Улс 1971 онд анх удаа дэлхийн аваргатай болж байлаа. Тэр нь байт харвааны тамирчин Д.Дэмбэрэл гэдэг хүн байсан юм. Байт харвааны спорт 1960 оноос эхэлж хөгжсөн гэж үздэг. Гадны мэргэжилтнүүд Монголд ирээд, энэ спортыг тодорхой хэмжээнд хөгжүүлж эхэлсэн байдаг. Түүнээс хойш 58 жил өнгөрчээ. Өнөөдөр Монголын байт харвааны тамирчид ур чадвараараа аль ч орны тамирчнаас дутахгүй. Харин техник хангамж муутай. Улсаас байт харвааны талбай ч байгуулж өгөөгүй. Тамирчид бэлтгэл хийх газаргүй яваад байсан. Миний хувьд байт харвааны спортыг ихэд сонирхож, нэлээд ч судалсан. Байт харваа үнэхээр сайхан спорт. Бай ононо, стресс тайлна, анхаарал төвлөрнө, хүнийг хүмүүжүүлдэг.  

-Тэгээд л сонирхсон байх нь уу?

-Байт харваа сонирхох 5-6 шалтгаан байдаг юм. Нэгдүгээрт, байт харваа насны хязгааргүй спорт. Месси 31 настай байтал хөгширч байна даа гээд л яриад байгаа биз дээ. Ихэнх спортод 30 нас хүрсэн тамирчинг хөгшин гэж үздэг. Гэтэл байт харваа насны хязгааргүй. Харин ч нас нь явах тусмаа амжилт гаргах магадлал өндөртэй байдаг. Хоёрдугаарт, байт харваа монголчуудын биеийн онцлогт хамгийн их тохирсон спортуудын нэг.  Сум болгонд сур харвадаг харваачид байна. Монголчууд дэлхийг байлдан дагуулахад нум сум тодорхой үүрэг гүйцэтгэсэн.  Цэргүүд нь бүгд харваачид байсан. Есүнгэ мэргэн 335 алдад оносон. Чингис хаан үүнд нь зориулж 1227 онд хөшөө босгосон гээд эртний түүхтэй. Ингээд бодохоор байт харваа гэдэг Монголын уламжлалт спортын нэг байж болохоор. Суурьтай спорт гэсэн үг л дээ. Тийм болохоор монгол тамирчид амжилт гаргах боломж өндөртэй. Гуравдугаарт, цахим ертөнц хэтэрхий хөгжсөн, мэдээлэл асар хурдтай тардаг болсон энэ үед хүмүүст тайвшрал хэрэгтэй байна. Өнгөрсөн жил “Apple” компани судалгаа хийж үзэхэд дэлхийн хэмжээнд хүмүүс “Calm” буюу тайвшрал гэдэг аппликейшныг хамгийн их татсан байсан.  Тиймээс хүн төрөлхтөн тайвшрал авах зорилгоор спорт их сонирхдог юм байна. Харин байт харваа тайвшралыг өгдөг. Тухайн үед хүн зөвхөн тэр байг онохын төлөө л төвлөрдөг. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд энэ спорт хүмүүст маш хэрэгтэй. Дөрөвдүгээрт, байт харваа хөдөлгөөний спорт.  70 метрийн зайд харвачихаад, очиж сумаа аваад ирэхэд 140 метр болно. 10 удаа харвахад л 1.4 км зайд алхаж байгаа юм. Тавдугаарт, хамгийн бэртэл гэмтэлгүй спорт бол байт харваа.  Цөөнгүй спортын тамирчид 30 гараад ирэхээрээ л бэртэж, гэмтэх нь их байдаг. Байт харваагаар хичээллэхэд шөрмөсөө гэмтээнэ, хүнд бэртэл авна гэж байхгүй. Очоод хүнтэй барилдах, ноцолдох, цохилцох шаардлага алга.  Тийм болохоор хамгийн аюулгүй спорт. Ганцаарчилсан болоод багийн төрөл ч гэж байна. Хүнийг сэтгэл зүйн хувьд төвлөрүүлж сургадаг.  

-Байт харвааг сонирхож хичээллэж байгаа хүн бэлтгэл хийдэг байх. Бэлтгэлээ хаана хийдэг вэ. Хичээллэж эхэлснээсээ хойш өнөөдрийг хүртэл хэр сайжирч байна?

-Би гэртээ харвачихдаг юм. Гурван метрийн зайнаас техникийн бэлтгэл хийдэг. Бэлтгэл хийж байгаа болохоор тодорхой хэмжээнд сайжирч байгаа.  Би өөрөө энд тэнд бэлтгэл хийгээд байж болно. Гэхдээ хэтэрхий аминч болчих гээд байдаг. Тийм болохоор бусаддаа бэлтгэл хийх боломж олгоё. Надаас илүү чадвартай олон тамирчид бий. Тэр хүмүүст Монголын нэрийг гаргах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллах ёстой гэж боддог. Тийм болохоор өнгөрсөн жилээс эхлээд зарим тамирчдыг тэмцээнд оролцох боломжоор хангахын төлөө ажиллаж байна. Би энэ спортод дуртай. Гэхдээ өөрөө сайн харваад, тэмцээнд оролцох гэхээсээ илүү  тамирчдыг гаргаж ирэх, ур чадварыг нь дээшлүүлэхийн төлөө ажиллая л гэж бодож яваа. Надад энэ спортын шилдэг тамирчин болох зорилго байхгүй. Гагцхүү энэ спортоо сэтгэл ханамж авдаг байя л гэж бодож байгаа юм.  Энэ спортын тамирчдын зовлонг ойлгоё, тусалъя гэж хичээж байгаа.  

-Байт харвааны талбай байгуулж байгаа гэсэн. Хэзээ нээлтийг нь хийх гэж байна вэ?

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байт харвааны “360” нэртэй талбай байгуулж байна. Бидний хэсэг нөхөд  санаачилга гаргаж, өнгөрсөн тавдугаар сарын 21-нд газрыг нь очиж сонгосон. Улмаар тавдугаар сарын 23-ны өдөр шаваа тавьж, хоёр хоногийн дараа машин техникээ оруулсан. Түүний дараа зургадугаар сарын 4-нд нээлттэйгээр хөрөнгө босгож эхэлсэн.  Одоогийн байдлаар 400 орчим хүн 300 гаруй сая төгрөгийн хандив өгөөд байна.  300 сая төгрөгийн 80 орчим нь бэлэн мөнгө. Үлдсэн 220 сая төгрөгийг нь эд зүйлээр өгсөн. Цемент, гэрэл, хашлага гээд хэрэгтэй материалуудыг хүмүүс хандивласан. Найз нар маань энэ ажлыг түлхүү дэмжиж байгаа. Бид 108х62 буюу бараг 0.7 га газарт олон улсын стандартад нийцсэн том талбайг байгуулж байна. Байт харвааны талбай ирэх наймдугаар сарын 1-нд ашиглалтад орно.  Бид 60 хоногийн хугацаанд л энэ талбайг байгуулах юм. Монголчуудын 60 жил хийж чадаагүй ажлыг жирийн залуучууд улсаас нэг ч төгрөгийн тусламж авахгүйгээр хийж байна даа. 

-Байт сурын холбооныхонтой хамтарч ажиллаж байгаа биз дээ?

-Би өнгөрсөн жилээс Байт харвааны холбооны удирдах зөвлөлийн гишүүн болсон. Олон залуу энэ холбооны удирдах зөвлөлд шинээр орсон. Холбооны Ерөнхийлөгч нь П.Цагаан. дэд Ерөнхийлөгч нь “Хас” банкны гүйцэтгэх захирал М.Болд. Мөн Ерөнхий сайд асан Сү.Батболдын гэргий Х.Отгонтуяа, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Хотын дарга асан Э.Бат-Үүл зэрэг хүмүүс энэ спортод хувь нэмрээ оруулж, зарим нь хүндэт Ерөнхийлөгчөөр ажилладаг. Бид энэ жил   байт харвааны битүү ордон барих газартай болсон. Өнгөрсөн гуравдугаар сард Олимпын хорооныхон шийдвэр гаргаж, ордон барих газар олгосон. Өвөлдөө бэлтгэл хийх юм. Зундаа салхитай газар бэлтгэл хийж, гадаа харвах шаардлагатай. Олимпын наадамд угаасаа гадаа л харвана шүү дээ.  

-300 гаруй сая төгрөгийн хандив цугласан гэсэн. Энэ хэмжээний мөнгө талбай байгуулахад хангалттай хүрэлцэж байгаа юу?

-Үндсэн талбайг 360 орчим сая төгрөгийн өртгөөр барих юм. Үндсэн гэдэг талбайгаа зүлэгжүүлэх, машины зогсоол барих, саравч байгуулах зэрэг ажлууд орно. Нэмэлт төсөл гэж бий. Залуучуудад зориулсан технологийн парк байгуулна. Тэгж байж залуучуудыг татаж, байт харвааны спортоор хичээллүүлэх гээд байна л даа. Мөн цөөрөм байгуулж өгнө. Дээрээс нь Гиннесийн номонд  бичигдэх олимпын таван цагаргийг босгох гэж байгаа. Англичуудын хийсэн хамгийн том цагариг 25 метрийн урттай 11 метрийн өндөртэй байдаг юм. Бид хааш хаашаа хоёр метрээр сунгаж хийнэ. 

-Энэ талбай ашиглалтад орохоор залуучууд очоод, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, байт харваагаар хичээллэж болох юм уу?

-Талбайн нээлт наймдугаар сарын 1-ний оройн 06:00 цагт болно. Маш олон хүн энэ талбайг байгуулахад хандив өргөсөн. Одоогоор 300 хүн хандив өгсөн. Сарын дараа гэхэд 400 хүрэх байх. Хандив өргөсөн хүмүүс нийлээд клуб байгуулна. Клубын гишүүнчлэлтэй хүмүүс үнэ төлбөргүйгээр сургалтад хамрагдана. Сургалтуудын хуваарь нь гарчихна.  Жилийн дөрвөн улиралдаа ямар ямар сургалтад хамрагдах вэ гэдэг нь ч тодорхой болно. Сургалтад хамрагдах хүмүүс нь цахимаар бүртгүүлнэ, багш нар маань хичээлээ заана. Мөн талбайн  орох хаалганы хажууд хандивлагчдын нэрийг бичсэн чулуун самбар хийж байгаа.  Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, спортоор хичээллэх сонирхолтой залуучуудад чиглэсэн сургалт мэдээж хийнэ. “360” талбайд 20 ширхэг сургалтын нум байх юм. Тийм болохоор цахимаар цаг авдаг системийг хийнэ.  Нумаа бага зэргийн үнээр түрээсэлнэ. Тэгээд л хичээл заана даа. Хэрвээ залуучууд энэ спортод дуртай, тууштай хичээллэх сонирхолтой, авьяастай байвал цаашид гүнзгиирүүлж заах боломжтой.  Мэдээж бид талбайгаасаа орлого олно. Олсон орлогоо “360” санд төвлөрүүлнэ. Талбайн ашиглалтын зардлыг орлогоороо төлнө. Цахилгаанаас эхлээд цөөрмийн усыг 14 хоногт нэг солих шаардлагатай болно. Гэрлийн чийдэн шатахаас эхлээд урсгал зардал мундахгүй шүү дээ. Нөгөө талаар, байт харваа маш үнэтэй спорт. 2000 ам.доллараар нумны гол авах жишээтэй. Хэдэн бизнесмэнүүдээс нум, сум гээд хэрэглэл авах мөнгө гуйдаг. Гуйсаар байгаад бизнесмэнүүд нь дөжирчихсөн. Өгдөг нь ч байна, өгөхгүй нь ч бий. Тийм болохоор олсон орлогоороо нум, хэрэглэлээ авах шаардлагатай. Дээрээс нь байт харвааны дасгалжуулагчид байна. Тэдний ихэнх нь цалингүй, энэ спортод хайртай болохоороо л зүтгэдэг. Тийм болохоор дасгалжуулагчдыг ажиллуулж, хүмүүст хичээл заалгаад, олсон орлогоор нь цалинжуулдаг систем рүү орох л зорилготой байгаа юм.