“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг өчигдөр болж, УИХ-ын нэгдсэн чуулганаар дэмжигдлээ. Хууль зүйн байнгын хороо төслийг эцэслэн батлуулах бэлтгэлийг хангаж, нэгдсэн хуралдаанаар төслийг эцэслэн батална. Ингэснээр нийслэлийн иргэдийн түгээмэл хэрэглээ болоод буй СУРРОН, СКҮҮТЕРИЙН хэрэглээг зохицуулах боломжтой болох юм.
Энэхүү хуулиар:
- Сурроныг 18 нас хүрсэн А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох,
- Скүүтер, мопедыг 18 нас хүрсэн хүн унадаг дугуйн зам, эсвэл авто замын зорчих хэсгийн баруун эгнээгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцох,
- СКҮҮТЕР, СУРРОН, МОПЕДЫГ явган хүний замаар зорчуулахгүй, явсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгох,
- Скүүтер, Сурроныг зөвшөөрсөн байршлаас бусад газар байршуулсан тохиолдолд торгох,
- Скүүтер, мопедыг улсын бүртгэлд бүртгүүлэх;
- 18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед унасан тохиолдолд эцэг эхэд хариуцлага тооцох;
- Нийтийн хэрэгцээний мопед, скүүтерийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд нь аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх зэрэг зохицуулалтыг тусгалаа.
Хуульд явган зорчигч-иргэд, хэрэглэгч, нийлүүлэгч талуудын аль алиных нь эрх ашгийг хамгаалсан заалтууд орсон. Одоо Засгийн газар, Хууль зүй дотоод хэргийн яам, Зам тээврийн яам, Нийслэлийн Засаг дарга, Тээврийн цагдаагийн албаны хийх ажил үлдлээ.