Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэж батлав. Одоогоор 200 мянган өрх гэр хороололд амьдарч түүхий нүүрс хэрэглэж буй гэсэн тоо бий. Эдгээр айл өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангавал агаарын бохирдол тодорхой хувиар буурна. Сайжруулсан түлш үйлдвэрлэх, тээвэрлэх асуудлыг салбарын яамд хариуцах бол сайжруулсан түлшийг иргэдэд хүргэх асуудлыг НЗДТГ хариуцаж байгаа аж.
Бидний зүгээс сайжруулсан түлшийг нийслэл дэх дундын агуулахад нөөцөлж, төвийн зургаан дүүрэг дэх 390 борлуулах цэгээр дамжуулан иргэдэд хүргэхээр төлөвлөж байна. Азийн хөгжлийн банкны 2017 онд хийсэн судалгаагаар гэр хорооллын иргэдийн 91 хувь нь нүүрсээ бөөнд нь, есөн хувь нь жижиглэнгээр худалдан авдаг гэж гарсан байдаг. Сайжруулсан түлшний нөөцлөлт, түгээлтийг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд түлш худалдаалах дараа болон урьдчилсан төлбөрт тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай ажээ.