ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Дэлхийн жүжигчин”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-09

УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд Монголын бус дэлхийн жүжигчин болжээ. Тэрбээр тив алгасч, Карпатын ууланд Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The Rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кинонд тоглож, дүр бүтээж явна. Тус  кино нийт 110 минут үргэлжлэх бөгөөд  Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулж буйгаараа  онцлогтой аж. Ц.Цэрэнболд энэхүү кинонд “Терминатор-2” киноны тугалган хүний дүрээр алдаршсан Роберт Патрик, Холливудын алдарт жүжигчин Томми Фланаган нартай хамтран тоглож, Монгол Улсын нэрийг дэлхийд өргөлөө. Тэрбээр, Холливудад үнэлэгдэж, дэлхийн бүтээлд дүрээ мөнхөлж чадлаа. Энэ бүхэнд түүнд зүгээр ч нэг ирээгүй юм. Асар их хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэл, хувь хүний үзэл бодол илүүтэй нөлөөлсөн хэрэг.

Ц.Цэрэнболд сүүлийн үед тайз дэлгэцийн олон бүтээлд гол дүр бүтээж, үзэгч олныхоо хайр хүндлэлийг хүлээж байна. Түүний  сөөнгөдүү хоолой, монголжуу дүр төрх олон бүтээлд дүрээ мөнхлөх боломжийг олгосон хэмээн тэрбээр  дурсан ярьжээ. Арван жилийн дунд сургуулиа дүүргээд СУИС-д шалгалт өгөөд тэнцээгүй аж. Жолооч болчихвол амьдралаа аваад явчих юм шиг санагдаж, гал унтраах 64 дүгээр ангид гурван жил жолоочоор ажилласан түүх ч бий. Тухайн үед Багануурын театрын захирал Д.Бямбацогт “Чиний хоолойны өнгө, жүжиглэх чадвар гайгүй юм. Жүжигчин бол” гэж зөвлөжээ. Үүнийг сонссон аав, ээж нь их л дэмжжээ. Ингээд л СУИС-д тэнцээгүй учир тухайн үеийн “Мюзикл” дээд сургуульд тэнцэж, жүжигчин болох гараагаа эхэлсэн түүхтэй. Тэрбээр “Хэрвээ жүжигчин гэх алдрыг зүүж л яваа бол энэ урлагийг хүндэтгэх ёстой. Гэхдээ эсрэг дүр хийх юм ихтэй байдаг. П.Цэрэндагва ах надад “Эсрэг дүр байсан ч дүрээ өмөөрч тогло” гэж захисан. Үүнийг одоо болтол ажил, амьдралынхаа  зарчим болгон дагаж, мөрддөг” хэмээн ярьжээ.