ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Нум, сум, хүн гурав нэгдэж байж л оноо ирдэг”

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-07-09

Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадам Үндэсний сурын хана харваагаар эхэлсэн юм. Харваанд Монгол Улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 105 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөв. Хана харвааны эрэгтэй төрөлд Хэнтий аймгийн уугуул Дорнод аймгийн харьяат спортын мастер аймгийн мэргэн Б.Лхагвадорж 40 сумнаас 35 онож нэгдүгээр байр эзэллээ.  Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Онцгой байдлын харьяа харваач спортын мастер Б.Цэрэндаш 40 сумнаас 34 онож хоёрдугаар байрт орсон юм. Харин гуравдугаар байрт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Алтандуулга” баг, АПУ ХХК-ийн харваач,  спортын мастер С.Баттулга 33 сум онож шалгарсан бол “Уурхайчин” спорт клубын Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит ХК-ы харьяат Монгол Улсын гарамгай харваач Н.Өлзийбилэг 40 сумнаас 32 онож дөрөвдүгээр байрт оров.  Тэгвэл Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул “Хилчин спорт” хороо, “Есүйхэй” клуб, Тагнуулын ерөнхий газрын харваач спортын мастер, аймгийн мэргэн Л.Ихтэс  32 онож,  тавдугаар байрт шалгарлаа.

Эмэгтэй сурын харвааны төрөлд Дорноговь аймгийн харьяат спортын мастер, аймгийн мэргэн Э.Сайханчимэг 40 сумнаас 38 сум онож,  тэргүүн байрт шалгарсан. Дэд байрт  Дорноговь аймгийн харьяат  спортын мастер А.Сэржмаа 33 сум онож шалгарсан бол Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул Замын-Үүд сумын харваач Э.Эрдэнэгэрэл 30 сум онож,  гуравдугаар байрт орлоо. Харин Дорноговь аймгийн спортын мастер Б.Хэрлэн,  Төв аймаг Баянжаргалан сумын уугуул “Өлзий мэргэн” холбооны гишүүн Ө.Лхагважав нар 28 сум онож, дөрөв,  тавдугаар байрт шалгарсан юм. Хүүхдийн харвааны эрэгтэй төрөлд Дорноговь аймаг Сайншанд сумын харваач М.Отгон-Эрдэнэ тэргүүн байрт, Дорноговь аймгийн Өргөн сумын харваач С.Баяржавхлан хоёрдугаар байр, Говьсүмбэр сумын Сүмбэр сумын харваач Л.Отгонжаргал гуравдугаар байрт  шалгарсан юм. 

Хүүхдийн эмэгтэй төрөлд Дорно­говь аймгийн Өргөн сумын харьяат Монгол Улсын өсөх идэр мэргэн М.Оюунзул тэргүүн байрт шал­гар­сан бол, Дорноговь айм­гийн Өргөн сумын харваач Г.Эрдэнэбаясгалан удааллаа. Харин Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харваач Б.Энхриймаа гуравдугаар байрт шалгарсан юм. Сурын хар­ваа дууссаны дараа  Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Үндэсний сурын айм­гийн мэргэн спортын мастер, баяр наадмын сур ша­гайн салбар комиссын ги­шүүн сурын харвааны ерөнхий шүүгч Б.Батмөнхтэй уулзаж,  энэ жилийн баяр наадмын онц­логийг тодруулсан юм. Тэрбээр “Энэ жилийн наад­мын хувьд харвааны өнгө өр­гөн дэлгэр сайхан болж бай­на. Монгол Улсын дархан мэр­гэн Х.Даваажаргал  ирлээ. Эрэгтэй­чүүдээс Монгол Улсын гарамгай харваач н.Өлзий­билэг, Монгол Улсын гоц харваач н.Ганбаатар тэргүүтэй нийтдээ 20 гаруй спортын мастер,  10 гаруй спортын дэд мастер ирж харвалаа. Нийтдээ 105 харваач өсвөрийн харваа, эмэгтэй, эрэгтэй харваа гэсэн гурван төрөлд  цэц мэргэнээ сорилоо.  Хоёрдугаар байрт орж байгаа ОБА-ны Б.Цэрэндашийг түрүүлээд аймгийн шинэ мэргэн төрөх нь үү гэж харж байтал харамсалтай нь сүүлийн сумаа алдчихлаа.

Улсын наадамд явах боломж нь бүрдвэл бэлтгэл сайн хангагдсан оноо өндөртэй байна. Спортын дэд мастер н.Самдандоржийн бэлтгэл их сайн байна” хэмээн ярьсан юм. Түүний дараа эрэгтэйчүүдийн харваанд нэгдүгээр байрт орсон Хэнтий аймгийн уугуул, Дорнод аймгийн харьяат аймгийн мэргэн, спортын мастер цолтой Б.Лхагвадоржтой уулзаж аймгийн наадамд түрүүлсэн сэтгэгдлийг сонслоо.  Тэрбээр “Энэ жилийн анхны наадамдаа оролцлоо. Би 40 сумаас 35 онож түрүүллээ. Ханандаа 17, хасаандаа 18 онолоо. Хур бороо тэгширсэн. Сайхан наадам болж байна. Говьсүмбэр аймгийн наадмын сурын оноо их өндөр байж, ширүүн өрсөлдөөнтэй наадам боллоо. Харваач хүн араасаа нэгт орно гэж харвадаггүй. Адаг өргөө бүрэн тавих нь бэлэгшээлтэй байдаг. Миний ард нэг сумын зөрөөтэй хүмүүс удаах байрын төлөө товх харвасан. Говьсүмбэр аймгийн наадам чансаатай сайхан  болж байна. Миний хувьд монгол эр хүн бөхөө барилдчихдаг, морио унаад давхичихдаг,  эвэр нумаа бариад харваж чаддаг байх ёстой гэж боддог.  Энэ гурван чанарыг шингээснээрээ бахархаж явдаг даа. Энэ нутгийн уул овоо алтан шар зурхай түшээд түрүүлсэнд сэтгэл их өндөр байна. Би өмнө нь долоон удаа айрагдаж байснаас дөрөвт нь  хоёрт орж байсан” хэмээн ярьсан юм.

Харин  эмэгтэй сурын харвааны төрөлд түрүүлсэн Э.Сайханчимэгтэй уулзаж,  баяр наадамд түрүүлсэн сэтгэгдлийг сонсоход тэрбээр “Монгол Улсын даян мэргэн Д.Түвшин багшийн отгон шавь гэдгээрээ бахархдаг. Морийг уяаг нь тааруулдаг, бөхөд бярыг нь тэнцүүлдэг гэдэг бол сур харваа нь оноогоо тааруулах нь их чухал байдаг. Багшийнхаа хэлсэн үгээр л бэлтгэлээ хийсэн нь энэ амжилтад хүргэлээ.  Аймгийн мэргэн цолыг өмнө нь хоёр удаа баталсан. Монгол Улсын даяар дуурсагдах мэргэн Х.Даваажаргал  ирж оролцсон маш том наадам боллоо. Сурын спорт ёс жудаг нь дээд цэгтээ хүндлэгдсэн байдагт их дуртай. Намайг нас бага гэж гололгүй мастераа гээд бусад маань хүрч ирээд зөвлөгөө  авдаг. Бүгд нэг нэгнийхээ төлөө гэсэн чин сэтгэл сурын спортод байдаг учир би сурын спортод дуртай байдаг. Нум,сум хүн гурав нэг болж байж оноо ирдэг” хэмээн ярьсан юм.