ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Яармагийн шинэ гүүр өнөөдрөөс ашиглалтад орлоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-09

Туул гол дээрх дөрвөн эгнээ, 250 метрийн урттай Яармагийн үндсэн шинэ гүүр есөн сарын хугацаанд баригдаж дуусаад өнөөдөр хөдөлгөөнөө нээж байна. Гүүр нь Хятадын хөнгөлөлттэй зээлийн 30 сая ам.долларын төсөв өртөгөөр боссон бөгөөд "Хятадын төмөр замын хоёрдугаар групп товчоо" ТӨК ажлыг гүйцэтгэж, Монгол-Германы хамтарсан зөвлөх компани ажиллажээ.

Гүүрийг барьсан мэргэжилтнүүд байгалийн гамшгаас үүдэлтэй ямар нэг асуудал үүсэхгүй бол 50-60 жилийн баталгаатай хэмээсэн бөгөөд 100 жил байх ч бололцоо бий гэсэн юм. Шинэ гүүр нь одоо байгаа хуучин гүүрнээсээ гурав дахин их ачаалал авч хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадалтай. Өөрөөр хэлбэл, энэ гүүр ашиглалтад орсноор Яармагийн гүүрний орчмын замын түгжрэл 50-60 хувь буурах юм байна.

Мөн шинэ гүүрний доор 50 метрийн өргөнтэй нүхэн гарц баригдаж  байгаа аж. Үүнээс гадна 8.5 метрийн өргөнтэй, 270 метрийн урттай Д рамп гүүрний дээгүүр баригдаж байгаа учраас замууд хоорондоо огтлолцохгүй, тэр хавьд ямар нэг саатах зүйл гарахгүй гэдгийг албаны хүмүүс онцлов. Шинэ гүүр ашиглалтад орсны дараа хуучин гүүрийг засварлаж эхлэх бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 30-н гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа юм байна.