ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчид болон АТГ-ын даргыг томилох эрх мэдлээс татгалзав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-06

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас шүүхийн хараат бус, бие даасан байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн 30 жилийн турш Ерөнхийлөгчийн эрхэнд байсан хоёр эрхээс татгалзаж байгаа талаар мэдэгдлээ.

Энэ талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар ярихдаа “Өнгөрсөн 30 жилийн турш Ерөнхийлөгчийн эрхэнд байсан хоёр том эрхээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх татгалзана гэдгээ мэдэгдсэн. Нэгдүгээрт, шүүхийн томилгоо, шүүгчдийг томилдог, шүүгчдэд хариуцлага тооцдог механизмаас татгалзаж байгаа.

Хоёрдугаарт, Авлигатай тэмцэх газрын даргыг өмнө нь Ерөнхийлөгч УИХ-д санал болгодог байсан бол одоо Ерөнхий сайд санал болгоод УИХ томилох нь ээ. Шүүхийн шинэтгэлтэй холбоотой томоохон шинэчлэл болно гэдэгт эргэлзэхгүй байна. Шүүхийн шинэтгэлийн талаар өнгөрсөн хугацаанд чамгүй ярилцсан. Шүүхийг хараат бус байлгах, нийгэмд шударга ёс тогтоох, шударга ёсыг бэхжүүлэх чиглэлд баримталж байгаа томоохон шинэтгэл гэж хэлж болно.

Тийм учраас өнөөдрийн УИХ-ын батлаад байгаа шүүхийн хуулийг цаашаа явуулах нь зүйтэй гэж үзлээ. Сүүлийн найман сар өмнөх Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд хандаж, гацсан байсан гацааг арилгаж байна. Нөгөө талдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа явуулж байсан шударга ёсыг бэхжүүлэх ажил хэвийн үргэлжилнэ гэсэн үг. Ерөнхий сайдаар барьж байсан байр суурь нь өнөөдөр ч хэвээр байна. Хүн биш хууль засагладаг нийгэм бий болно” хэмээлээ.

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оны зургадугаар сарын 06-нд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар 62 гишүүн хуулийн төслийг өргөн барьж байсан. Тэгвэл энэхүү нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх явцад ард иргэд болон хуульч, судлаачдаас шүүх эрх мэдлийг хараат бус байлгах санал хамгийн их ирсэн аж. Тиймээс иргэдийн хүсэлтийг ёсоор болгосон хууль гаргасан гэж үзэж буйгаа мөн Я.Содбаатар дарга мэдэгдлээ.

Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн тухай хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцэд өгч, дунд суудлын хуралдаанаар Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гарсан аж. Гэвч УИХ энэ асуудлыг хэлэлцээд хүлээж аваагүй бөгөөд одоо Цэц энэ асуудлыг Их суудлаар хэлэлцэхээр хүлээж байгаа гэлээ. Гэсэн ч Их суудлын хуралдаанаас өмнө Ерөнхийлөгч эрхээсээ татгалзсанаар асуудал хэрхэн өрнөх нь сонирхолтой болж байна.