Монголбанкны Төв байранд өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан санаачлан, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй сайдууд 2022 оны төсвийн төсөлд салбарт нь суусан хөрөнгө оруулалт болон зардал орлогын талаар нэгдсэн мэдээлэл өглөө. Энэ үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн боловсролын салбарт 2022 онд хийгдэх өөрчлөлт шинэчлэлийн талаар сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэж байна.
-Боловсролын салбар ирэх онд хэчнээн их наядын төсөл хэрэгжүүлэх бол. Төсөв нь нэмэгдсэн дөрвөн сайдын нэг нь та шүү дээ. Ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ.
-Боловсролын салбар ирэх онд хүртээмжээс илүү боловсролын чанарт онцгой анхаарах төлөвлөлт хийж төсөвт суулгаад байна. 2022 онд 2.3 их наяд төгрөгийг төсвийн төсөлд тусгалаа. Боловсрол шинжлэх ухааны сайдын багц нь 2022 онд төлөвлөсөн ДНБ-ий 4.9 хувь нэгдсэн төсвийн нийт зарлагын 12,8 хувийг эзлэхээр байна. Бид ирэх онд сургалтын чанар, гүйцэтгэл, үр дүнд чиглэсэн санхүүжилтийг ЕБС, СӨБ-д нэвтрүүлнэ.
Боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог сайжруулна. Мөн Улсын хэмжээнд уламжлалт нүхэн жорлонтой 819 сургууль, цэцэрлэг, дотуур байр байна. Энэ боловсролын байгууллагуудыг 2022 он гэхэд орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох төсөл хэрэгжиж байна. Төсөл дөрвөн үе шаттай хэрэгжинэ. Засгийн газар 2020-2024 онд улсын хэмжээнд 273 цэцэрлэг, 200 сургууль барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөг 2022 он гэхэд 91-94 хувьтай хэрэгжүүлэхээр тооцож хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж байна. Өнөөдрийн байдлаар 101 цэцэрлэг 59 сургууль бүрэн ашиглалтад ороод байна.
-Хувьсах зардлыг хасаж байна гэж ойлгож болох уу. 10-аас дээш сая төгрөгийн зардалтай сургуулиудын хувьсах зардал ямар байдлаар явах вэ?
-Хуучин бол хувьсах зардлын тогтолцоо нь дандаа байгууллага, цэцэрлэг, сургуулийг санхүүжүүлэх тогтолцоо байсан. Одоо бидний хийж буй шинэчлэлээр энэ нь багш, хүүхэд, сургуулийн орчинг сайжруулахад зарцуулагддаг болно.
Өндөр үнэтэй сургуулиудад цаашдаа хувьсах зардал өгөхгүй ээ. Хүүхдээс 10-аас дээш сая төгрөгийн төлбөр авчихаад төрөөс дахиад мөнгө авна гэж гоншигонох сургууль байхгүй байх. Үндсэн хууль зөрчих гэж байна гэх мэтээр яриа гардаг л юм.
Гэхдээ боловсролын салбарын багц хуулиар үүнийг хийгээд явахаас өөр аргагүй. Гарын 10 хуруунд багтахаар л сургууль байдаг юм билээ. Өнгөрсөн жил бид хувьсах зардлаас гурав орчим тэрбум төгрөг хэмнэснийг хичээлийн хоцрогдлыг арилгах чиглэлд зарцуулаад эхэлчихсэн.
-2-3 настнуудыг арваннэгдүгээр сараас цэцэрлэгт авах уу. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол зай талбай, багтаамжийг хэрхэн шийдэх вэ?
-Нэг хоногийн өмнө ч авахыг зорьж байна. Саяхан НББСШУ-ы байнгын хороонд энэ талаар мэдээлэл хийсэн. Хүүхдийн дунд эзлэх халдварын хувь буурч байгаа учраас бид итгэл үнэмшилтэй байгаа. 0-17 насны хүүхдийн өвчлөх хувь нийт өвчилсөн хүмүүсийн дунд 20 байсан бол 18 болж буурч эхэллээ. Мөн томуугийн вакцин нэлээд эрчимтэй хийгдчихлээ. Хүүхдүүд гэр бүлийн орчноосоо халдвар аваад байгаа. Тиймээс эцэг, эхчүүд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж, өвчлөл буурах тусмаа хүүхдээ ч цэцэрлэгт хамруулах боломж нэмэгдэнэ.
-Хүн амын нягтаршил ихтэй бүсэд Өргөө цэцэрлэг, Хүрээ сургууль барина гэж бичжээ. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Хамгийн бага хувилбар буюу 50 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн бага сургуулийг гэр хорооллын дунд барих хувилбарыг танилцуулаад байгаа юм. Хүүхдийн сургууль цэцэрлэгийн хүртээмж яагаад муу байна вэ гэхээр 250 хүүхдийн цэцэрлэг, 650 хүүхдийн сургууль гэх мэтээр том хүрээнд сэтгэдэг. Гэтэл газар чөлөөлөх асуудал нь ерөөсөө бүтдэггүй. Тийм учраас 2-3 айлын газар чөлөөлөөд л цэцэрлэг, сургууль барьчихъя гэж яриад байгаа юм. Гэр хорооллын цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг шийдэх хамгийн зөв арга гэж бодож байгаа. Мөн томоохон хорооллууд ч ийм байдлаар шийдээд явах боломжтой.
-Ирэх онд сурах бичгийг шинэчлэх зардал тусгасан уу?
-Үе, үеийн сайд, Боловсрол судлалын хүрээлэн, сурах бичиг зохиодог багш нар гээд маш өргөн хүрээтэй баг бүрэлдэхүүн 35 судлагдахуунд хэрэглэгдэж буй 170 гаруй сурах бичиг дээр таван сарын хугацаанд шинжилгээ хийлээ.
Манай улс хүүхдэд мэдлэг олгох сурах бичиг хийдэг. Харамсалтай нь тэр мэдлэгээ амьдралд хэрхэн ашиглах талаар арга барилыг бид заадаггүй юм билээ. Сурах бичиг хооронд агуулгын уялдаа муу байна. Арга зүйн зөрөө, найруулга, логик холбоос муу гэсэн дүгнэлт гарсан.
Мэдээж эдгээр алдааг засаж, сурах бичгээ сайжруулна. Гэхдээ цоо шинээр сурах бичиг хийхгүй. 2024 оноос шинэ хөтөлбөр зарлах хүртэл сайжруулаад явна. Харин шинэ хөтөлбөрийн дараа шинэ сурах бичгийн асуудал яригдах байх.
-Их дээд сургуулиудын хамтралын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?
-Төрийн өмчит зургаан Их дээд сургууль энэ намраас эхлэн хоорондоо кредитээ тооцдог болж байгаа. Хөтөлбөрүүд давхцахгүй гэсэн үг. Тухайлбал, ХААИС Сэтгүүлзүйн анги нээхгүй ээ гэсэн үг. МУИС, МУБИС түүхийн анги нээдэг, эсвэл бүх сургууль нь хуулийн анга нээдэг давхардал үүсгэдгийг болиулна.
Цаашдаа Их дээд сургуулиуд сайн хөтөлбөр, сайн багшийн араас хөөцөлддөг зөв өрсөлдөөн рүү оруулна. Ингэснээр МУБИС-д сурдаг оюутан түүхээр хичээл үзэх гэж байгаа бол хамгийн сайн түүх зааж байгаа багшийн хичээлийг өөрөө сонгоод тэндээ кредитээ тооцуулаад, сургуул нь хоорондоо кредит тооцоод явчих юм.
-0-2 настнуудыг ясли, цэцэрлэгт хамруулах МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжих үү?
-Өнгөрсөн 5-10 жилийн статистикийг аваад үзэхээр намар 40 мянган хүүхэд 2 настны ангид бүртгүүлдэг. Хавар эргээд тарах болохоор ердөө 10 мянган хүүхэд л хоёр насны СӨБ-д хамрагдсан байдаг. Өвчлөл, өвлийн хүйтэн зэргээс шалтгаалдаг байх. 0-2 настай хүүхдээс зугтсан асуудал байхгүй шүү. Хамгийн зөв шийдэл юу байхыг л харж бодлогоо гаргана аа.