Хотын даргын санаачлагаар нийслэлчүүд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх шөнийн “Гэрэлт гудамж”-тай болсон. Уг гудамжийг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр шинэчлэн шатрын хөлөг мэт эрээнээр будаж эхэлсэн юм.
Гэтэл өчигдөр шөнө орсон борооны улмаас шинэчлэн будсан өнгө хууларч, борооны усанд урссан билээ.
Тэгвэл эл явдалтай холбогдуулан Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албаныхан хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд энэ хуралд “Гэрэлт гудамж”-ны замыг будсан будгийг нийлүүлсэн “Жоби” худалдааны төвийн Ерөнхий менежер Б.Чингис оролцож мэдээлэл өгөв.
Тэрбээр “Бид нийгмийн хариуцлагын хүрээнд улсаас болон нийслэлээс ямар нэг зардал гаргахгүйгээр Гэрэлт гудамжны менежментийг баг болон ЗЦА гээд холбогдох албаныхнаас зөвшөөрөл авч замыг будсан. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт замыг хааж, будгийн ажил эхлээд лхагва гарагийн орой замыг нээсэн. Замыг давхарлаж будах ёстой байсан. Гэвч, амжаагүйн улмаас гүйцэт хатаагүй, бүрэн бэхжилт өгөөгүй байсан будаг борооны улмаас ариллаа. Бидний зүгээс иргэдийн тав тухыг алдагдуулсандаа албан ёсоор хүлцэл өчиж байна” гэлээ.
"Жоби" төвөөс уг ажилд 10 гаруй сая төгрөг зарцуулжээ. Будаг нь гүйцэт бэхжихийн тулд 4-5 хоног шаардлагатай байсан аж.