Монгол Улсад үүсч бий болоод 80, 90, 100 жил болоогүй газар, салбар гэж алга. Үүсэн байгуулагдсаныхаа 80, 90 жилийн ойг тэмдэглэж байгаа аймаг, сум, байгууллага бүрийн нэрийг дурьдвал барагдахгүй. Худал хэлсэн хүнд жил бүр, бүр өдөр болгон нэг газрын түүхт 80, 90, 100 жилийн ой болж байна. Албаныхаас авахуулаад ардуудаа хүртэл бие биедээ баяр хүргэхдээ “Үүсч хөгжсөний 80, 90 жилийн ойн баяр хүргэе” гэж хэлээд байгаа юм. Үүсэх нь ч яахав үүсдэг, байгуулагддаг л юм байж. Хөгжсөн нь худлаа. Огт хөгжөөгүй.
Саяхандаа цахим ертөнцөөр “Нэг япон жуулчин сумын 90 жилийн ойн наадам үзэж байхдаа “90 жилийн хугацаанд модон жорлонгоосоо салаагүй юм уу” гэж гайхсан талаар хүмүүс бичиж, хуваалцаж, түгээж, өөрсдийгөө шоолно билээ. Бидний байгаа байдал ийм л байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот 380-аад жилийн түүхтэй. 21 аймгийн ихэнх нь 80, 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэж байгаа. 360 гаруй сум нь ч бас ялгаагүй. Өнөө жил хэчнээн сумын үүсч, “хөгжсөн”-ий түүхт 80, 90 жилийн ой болов. Түүхт ойгоо тэмдэглэж байгаа аймаг, сумдад юу байна. Юу ч байхгүй.
Засаг даргаас авахуулаад тоо томшгүй олон дарга, ажил хийдэг цөөн хэдхэн мэргэжилтэн. Ажлын байрны үс ч байхгүй. Төрийн хэдэн байгууллага, сургууль, цэцэрлэг, ганц нэг банкны салбар, үүрэн холбооны операторууд л бий. Тэнд нь сумын хүн амынх нь цөөн хэсэг нь ажилладаг. Байгууллагууд нь уурын зуухаар халдаг. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд нь өмхий ханхалсан модон жорлонд бие засдаг. Төвийн шугамд холбогдсон орон сууцтай сум хуруу дарам цөөн. Аймгуудад ичсэн нэрэндээ хэдэн давхар орон сууц байгаа. Хүний амьдрах тав тухтай орчин, ажлын байрны хүрэлцээ, наад захын үйлчилгээ гэж байхгүй.
Ийм байж бид жил болгон 80, 90, 100 жилийн ой тэмдэглэж яана вэ. Татвар төлөгчдийн өч төчнөөн мөнгийг үрэн таран хийнэ. Дээрээс нь сумын иргэдээсээ хандив цуглуулна. Аймаг, сумдын Нутгийн зөвлөлийнхөн гэж хэдэн бизнесмэнүүд байх. Тэр нутгаас улсын цолтой бөх төрвөл байр сав, машин тэрэг өгч, цолны найрыг нь хийхээс өөр ямар ч шидгүй. Ой боллоо гэвэл хандив цуглуулж, ууж иднэ. Засаг даргатайгаа нийлж, дараагийн сонгуулийн “нүх”-ээ ухна. Гэтэл суманд нь ганц гялтайх барилга ч байхгүй. Гэрэлтүүлэггүй. Зам харгуй гэж яриад ч хэрэггүй. Төсвийн хэдэн төгрөг хараад л ангайж суудаг. Мөнгө орж ирвэл дундаас нь зувчуулах аргуудаа жагсааж бичсэн удирдлагуудтай.
Төмөр замын байгууллага үүсч, хөгжсөний 80 жилийн ойн мэнд хүргэсэн хүмүүс л цахим ертөнцөөр дүүрэн байна. 80 жилийн хугацаанд төмөр замын байгууллага хөгжсөн бил үү. Үүссэн нь ч яахав үнэн л юм байж. Хөгжсөнийг нь мэдээгүй юм байна. Гэтэл цаана чинь Хятадын өндөр хурдны төмөр замын нийт урт 20 мянган км аль хэдийн даваад явчихсан.
Азийн бусад улсуудыг хар даа. Хятад, Япон, Солонгос. 50, 60-хан жилийн дотор л Азийн бар битгий хэл дэлхийн арслан болтлоо хөгжчихлөө. 1945 оны наймдугаар сард япончууд атомын бөмбөг эх нутагтаа хаяулаад, дайны хор уршгийг яс махаараа амсч байсан. Түүнээс хойш 80 жил ч өнгөрөөгүй байна. Гэтэл тэд үнс, нурман дундаас хэдэн жилийн дотор өндийж босч, дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орны нэг болов. Солонгос 1970-аад оны үеэс л хөгжиж эхэлсэн. Ердөө л 50 жилийн дотор тэд технологиороо дэлхийд гайхагдаж байна. Гэтэл бид ардын хувьсгал ялсны 100 жилийн ойгоо удахгүй хийх гэж байж ямар хөгжилд хүрэв.
Эх орондоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн гээд байх юмгүй. Өмнөд хөршөөсөө цагаан идээгээ хүртэл зөөдөг, өрөвдөлтэй байдлаасаа салаагүй. Ядаж идэж уухаа дотооддоо бүрэн үйлдвэрлээд, тариад, ургуулаад хэрэгцээгээ 100 хувь хангах чадваргүй, байгалийн баялгаа гадагшаа машин машинаар нь зөөхөөс өөрийг хийж чадваргүй л улс хэвээр байгаа. Аймаг, сум үүсч байгуулагдсаны 80, 90, 100 жилийн мэнд хүргэх яах вэ. Харин хөгжлөөс гээгдэж хоцорсны 100 жилийн мэнд хүргэсэн нь илүү ононо. Дараа жилээс модон жорлонгоосоо салаагүй аймаг, сумыг ой тэмдэглэхийг хоригловол таарна.