ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаанбаатар хот орчимд хуурайшилтын зэрэг өндөр байна

O.Admin
2022-04-01

Нийслэлийн ногоон бүс орчимд хуурайшилт ямар түвшинд байгаа болоод ой, хээрийн түймрийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж буй талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүйгээс тодрууллаа.

-Энэ жилийн тухайд нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хуурайшилт ихтэй, хуурайшилтын зэрэг өндөр түвшинд байна. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн дуудлага  609 удаа, шар өвсний галын дуудлага 26 удаа, ойн түймэр нэг бүртгэгдсэн. Эрэн хайх аврах ажиллагааны 27 удаагийн дуудлагын дагуу ажиллалаа.  Хуурайшилт ихтэй байна гэдэг түймэр гарч болзошгүй аюултай нөхцөл байдал үүсэх урьтал суурь болж байдаг. Ойн тухай хуульд ч түймрийн нэн аюултай улиралд гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 20,  есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ны хоорондох цаг үеийг багтаасан нь бий. Хавар, намрын хуурайшилтын улиралд нийслэлийн ногоон бүсэд ойн түймэр гарахаас урьдчилан сэргийлж, хөдөлгөөнт эргүүл гаргаж, Нийслэлийн Онцгой байдлын газар дээр ойн түймрийн штаб ажиллуулж байна. Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар,  Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газрын нийт 25 албан хаагч өдөр бүр 50-60 чиглэлд 09:00-20:00 цагт ногоон бүсэд эргүүлд гарч байгаа. Мөн манай Онцгой байдлын газрын бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна.

-Шар өвсний галын дуудлага цөөнгүй удаа иржээ. Шар өвсөнд гал алдаж буйн шалтгаан юу байна вэ?

-Иргэд гэр, байшингийнхаа ойр орчмыг цэвэрлэхдээ ил задгай гал түлэх, элдэв төрлийн хог, хашааны өвсөө шатаах, үнс нурмаа ил задгай асгах зэргээс үүдэлтэйгээр гал алдах тохиолдол буурахгүй байна. Урьд өмнөх жилүүдэд ч ийм төрлийн галын дуудлага олонтаа гарч, бид сануулга, сэрэмжлүүлэг өгсөөр ирсэн. Энэ жилийн хувьд Нийслэлийн Онцгой байдлын газраас “Алдвал галдана” аяныг үргэлжүүлэн зохион байгуулж байна. Аян гуравдугаар сарын 28-наас тавдугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

-Ногоон бүсэд эргүүл ажиллуулснаар ямар үр дүнд хүрсэн бэ?

-Одоогийн байдлаар 2-6 га-д шар өвс шатсан, Далан давхрын оршуулгын газарт хүмүүс гал тавьсан зэрэг үйлдлийг эргүүлийнхэн илрүүлсэн.

-Гал түймрийн хэдэн хувь нь хүний буруугаас болж гардаг вэ. Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс зөвлөгөө өгөхгүй юү?

-Ер нь бол ой, хээрийн болоод ахуйн гал түймрийн 99 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг. Түүнээс ойн ан амьтан, араатан жигүүртэн гал тавина гэж байхгүй. Тухайлбал, он гарсаар нийслэлд бүртгэгдсэн ойн түймрийн шалтгаан нь иргэний  тамхины цогноос үүдэлтэй гэдгийг цагдаагийн байгууллага тогтоосон.  Уг түймрийг манай аврагч, гал сөнөөгчид түргэн шуурхай унтраасан.  

Тэгэхээр иргэдэд хандаж хэлэхэд, зуслангийнхаа өнжмөл шар өвсийг хадаж аваад, таглаа бүхий зориулалтын саванд шатаагаарай. Мөн хуурайшилтын үед их, бага хэмжээний гал түлэх,  гагнуур хийхийг хатуу хориглодог гэдгийг сануулъя.  Ууланд аялах, агаар салхинд гарахдаа унтраалгүй хаясан, дутуу унтраасан  чүдэнз,  тамхины ишнээс болж олон удаагийн гал түймэр гарч, байгаль орчныг сүйтгээд зогсохгүй, хувь хүн, улс оронд их хэмжээний эдийн засгийн хохирол учруулж байсныг хэлэхэд илүүдэхгүй болов уу. Энэ бүхнийг хот газрын соёлд суралцсан иргэд бүрэн дүүрэн ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Нийслэлд ахуйн гал түймэр зонхилж байна. Залгасан бол салга, салгасан бол шалга. Иргэн та өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чадах юм бол эх орноо хамгаалж чадна. Өөрийгөө хүндэлж чадвал бусдыг хүндэлж чадна гэдгийг хотын иргэд бид харуулах хэрэгтэй.

-Санаатай болон санамсаргүйгээр гал алдсан тохиолдолд иргэдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Бага насны хүүхдүүд чүдэнзээр тоглож, гал алдсанаас Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх, гэмт хэргийн шинжгүй бол торгууль ногдуулж,  хохирол барагдуулах тохиолдол бий.  Санаатай галдан шатаах зэрэг гэмт хэргийн шинжтэй, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон бол эрүүгийн хариуцлага хүлээдэг.

Түүнчлэн урьдчилан сэргийлэх ажилд нэг төгрөг зарцуулбал гамшгийн үед зарцуулах долоон төгрөгийг хэмнэж чадна гэсэн зарчим байдаг. Нийслэлчүүд маань дөрвөн уулаараа хүрээлүүлсэн, байгалийн үзэсгэлэнт уул, нурууд дунд,  ногоон бүсэд амьдардаг азтай хүмүүс. Тиймээс гал түймэр алдвал ямар их хохирол учруулдгийг, тэр түймрийг унтраах гэж ямар их хүн, хүч зарцуулдгийг битгий мартаарай гэж дахин дахин хэлье.