Одоогоос 57 жилийн өмнө буюу 1961 онд “Цацраг туяа” эмнэлэг байгуулагдсанаар Монгол Улсад хорт хавдрын төрөлжсөн тусламж, эмчилгээ, үйлчилгээ хөгжих эхлэл тавигдсан түүхтэй. Жар гаруй жилийн түүхтэй энэ эмнэлэгт олон зуун эмч мэргэжилтнүүд ажиллаж, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах, хорт хавдар өвчнийг оношилж, эмчлэх ажлыг хийсэн боловч тэдний ихэнх нь гавьяаныхаа амралтад гарч чадалгүй хорвоогоос хальдгийг тус эмнэлгийнхэн саяхан мэджээ.
Өнгөрсөн жил ХСҮТ-ийн нойрсуулагч эмч тэтгэвэрт гарч, эрүүл мэндийн салбарт нэгэн насаа зориулсан эрхэм хүндэт нөхрөө үдэн гаргахаар тус эмнэлгийнхэн цуглацгааж.
Гавьяаныхаа амралтаа авч буй журмын нөхөртөө амжилт хүсэж, аз жаргал хүссэн үг хэлж байсан тэд 57 жилийн баялаг намтар түүхтэй энэ эмнэлгээс өмнө нь мэс заслын нэг ч эмч тэтгэвэрт гарч байгаагүйг гэнэт анзаарсан байна.
Яагаад ч юм бид эмч хүнийг урт насалдаг гэж боддог. Өөрт нь ямар нэг зовиур илэрсэн даруйд оношилж, цаг хугацаа алдаж хүндрүүлэхгүйгээр эдгээж эмчилдэг хэмээн бодсон минь туйлын буруу байж. Бусдад амьдрал бэлэглэхийн төлөө нэг насаа зориулаад, цэл залуугаараа хорвоогоос буцацгаасан ХСҮТ-ийн эмч нарын тэтгэвэрт гарч чадаагүйн шалтгааныг тодруулахаар тус эмнэлгийг зорьсон юм. Өнгөрсөн даваа гарагийн 11:00 цагийн үед ХСҮТ-ийн төв хаалганы харалдаа байрлах “Монос” эмийн сангийн барилгын хажуугаар өнгөрч, метр хүрэхгүй өргөн нарийн гудман гарцаар алхсаар эмнэлгийн хашаанд орлоо. Эмнэлгийн хашаанд тарьсан ногоон байгууламжийг тойрон хэвтэн эмчлүүлэгчид, өвчтөнүүд цай, хоолны халуун сав, ууттай боов хоёр гартаа барьж зэрэгцэн сууцгаажээ. Өвчтөнүүдийн ар гэрийн хүмүүс эргэлтийн хүмүүс, нярай болон бага насны хүүхдүүд, настан буурал гээд хөл ихтэй байлаа.
Манай сурвалжлах баг ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхантай уулзаж, ирсэн зорилгоо дуулгахад тэрбээр “Эмнэлгийн хүний нөөцийн албанаас гаргасан мэдээнд өнөөдрийг хүртэл тэтгэвэрт гарч амралтаа авсан мэс заслын эмч байхгүй гэсэн байсан. Тэтгэвэрт гарч чадаагүйн шалтгааныг тодруулахын тулд ганц надтай уулзаад хангалтгүй. Эмнэлгийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, бусад эмч ажилтнуудтай уулзаж ярилцаарай” хэмээсэн юм. Түүний зөвлөсний дагуу бид ХСҮТ-ийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан Я.Ариунболортой уулзаж хэрэг зоригоо танилцууллаа. Тэрбээр хэсэг бодож сууснаа “Хувь хүн эмч болох шийдвэр гаргасан мөчөөс эхлэн сургууль төгсөж, тангараг өргөх хүртэл сурч боловсрох их ачааллыг үүрдэг. Үүрэг хариуцлага нь хүндлэлээр урамшуулагддаг. Цагаан халаад өмсөөд бусдаар эмчээ хэмээн дуудуулах нь баатраа гэж дуудуулснаас ялгаагүй болгочихдог. Хүндлэл хайртай зэрэгцээд хариуцлага ачаалал ч мөн нэмэгддэг. Хэзээ ч муу байх боломжгүй хүний төгс хувилбар бол эмч юм уу даа” хэмээн хариулсан юм. Тэрбээр ХСҮТ-д ажиллаад 10 жил болж байгаа аж. Я.Ариунболор эмч “Ээлжид гардаг залуухан эмч бүсгүйн нүүрний арьс үрчлээтэж суларсан байхыг хараад ажлаа больчих гээд хэлмээр л санагддаг. Гэвч нэг нь болилоо гэхэд түүнийг орлоод өөр нэг хүн ирээд л хийнэ.
Ажлын ачаалал ихтэй, цалин бага гэдгийг мэдсээр байж эмч болно хэмээн хүмүүс олноороо сурч, ажиллаж байгаа нь нийгмээс ирдэг хүндлэл их байдагтай холбоотой байх. Манай эмч нар яагаад тэтгэвэрт гарч чадахгүй байгаагийн шалтгааныг нэрлэж мэдэхгүй байна. Энэ талаар өмнө нь бодож байгаагүй юм байна” гэсэн юм. ХСҮТ-ийн Сэргээн засах тусламж үйлчилгээний тасгийн эрхлэгч, сэтгэл зүйч Ч.Аззаяатай уулзаж тус эмнэлгийн мэс заслын эмч нарын тэтгэвэрт гарч чадахгүй байгаа талаар хийсэн судалгааны үр дүн, тулгарч буй бэрхшээлээс хэрхэн урьдчилан сэргийлж байгааг тодруулсан юм. Тэрбээр "Залуу эмч нар мэдээллийн урсгалаас өөрийгөө хамгаалах зөв арга барилд суралцах хэрэгтэй байдаг. Аливаа хүн өөрийгөө хэн нэгэнтэй адилтгах, дүрд хувирч амьдардаг. Аль дүр хамгийн их таалагдаж байна тэр дүрээрээ өөрийгөө талстжуулдаг. Хүн их ажилласан бол их амар. Эрчтэй ажилласан бол завсарлага авах зарчмаар амьдрах ёстой. Мэргэжлийн онцлог, ажлын нөхцөл байдлаас шалтгаалан мэс заслын эмч нарт дээрх зарчим алдагддаг. Дааврын өөрчлөлтөд орсноор бие, сэтгэл зүйн хувьд тогтворгүй болж амархан ядрах, сульдах, гар, нуруу, хөл зэрэг эрхтэн хөшиж өвдөх, булчингийн чангарал үүсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Гэвч залуу эмч нар эдгээр зовиур, шинж тэмдгийг эмээр түр намдааж орхих нь элбэг. Ингэж дааврын өөрчлөлтөд орж, өөртөө эрүүл мэндийн өрөнд орсноор зүрх судасны өвчлөлд өртөх эрсдэл өндөр байгаа нь анзаарагддаг. Өвчнөөс урьдчилан сэргийлэхийг эмч нар өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй санагддаг. Зарим тохиолдолд бусдаас тусламж авах нь тийм ч хэцүү биш гэдгийг ойлгоосой л гэж хүсэж байна” хэмээв. ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан эмчээс мэс заслын эмч нарын талаарх харамсалтай үнэнийг хэрхэн хүлээж авсныг тодруулж, цаашид ямар бодлого, шийдвэрийн зохицуулалт хэрэгтэй байгааг асуухад “ХСҮТ-д өнөөдрийн байдлаар 120 гаруй эмч ажиллаж байна. Манай эмнэлэгт ажиллах боловсон хүчин хүний нөөц одоогоор хангалттай бий. Харин сувилагчийн орон тоо хангалтгүй ажиллаж байна Гэвч 1982 оноос хойш дөрөвхөн орон дээр ээлжлэн мэс засал хийгдэж байгаа. Эмнэлгээс гаргасан хүний нөөцийн судалгаагаар ХСҮТ-ийн мэс заслын эмч нараас одоогийн байдлаар гавьяаныхаа амралтад гарсан, амарч байгаа эмч байхгүй гэсэн судалгааны дүгнэлт сонсоод байгууллагын бодлого хариуцсан дэд захирлын хувьд надад эмзэг туссан. Учир шалтгааныг одоогоор нэрлэж чадахгүй байна. Олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Гол нь хийж байгаа ажлын ачаалалтай нь холбож ойлгодог. Гарцаагүй нөлөөлсөн нэг зүйл гэвэл хавдрын мэс засал өвөрмөц, онцлогтой. Ямар ч мэс засал хүнд байдаг. Гэхдээ хавдрын мэс засал өндөр ачаалалтай олон цагаар хийгддэг. Эрүүл эрхтний хэсгийг тайрах биш. Хавдар үсэрхийлсэн байж болзошгүй тунгалгийн булчирхайг оруулаад аль болох хавдрын эсийг үлдээхгүй төгс хагалгаа хийхийг зорьдог. Мэс засалчийн санаснаар болж тухайн өвчтөн 5-8 жил түүнээс урт хугацаагаар амьдрах нь эмч хүнд хамгийн том баяр жаргал байдаг.
Гэвч зарим тохиолдолд хүссэн үр дүн үзүүлэхгүй байх нь эмчийг сэтгэл зүйг өндөр дарамтад оруулдаг. Цаашид хорт хавдрыг эмчлэхээр 20 жилийн турш ур чадварт бэлтгэгдсэн эмч нарынхаа үр дүнг үзэхийн тулд төрөөс нэг л удаа дорвитой хөрөнгө оруулалт хийж өндөр мэргэшсэн эмч нараа ажиллах боломж нөхцөлөөр хангах ажлыг бодлогоор дэмжих шаардлагатай. Жишээлбэл УИХ-ын нэгэн гишүүний барьж ашиглахад бэлэн болсон эмнэлгийг төр худалдаад аваад өгөөсэй гэж хүсэж байна. Олон хүнд буян болно шүү. Цаашлаад Эрүүл мэндийн хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд тодорхой өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. 2017 оны статистикийг авч үзэхэд 6000 хүн хавдраар өвчилж, 4000 хүн нас барсан байдаг. Энгийнээр тайлбарлавал энэ хоёр тоог 365 хоногтоо хуваагаад үз л дээ. Монгол Улсад өдөр болгон 16 хүн хорт хавдраар шинээр өвчилж, 10 хүн нас барж байна. Хорт хавдар манай улсын нэн тулгамдсан асуудал гэдгийг л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Ийм олон хүн өвдөөд байхад эмч боловсон хүчний нөөц нь хангалттай байхад дөрвөн орон дээр өвчитнүүдээ дугаарлуулан мэс засалд оруулж байгаа нь харамсалтай” гэсэн юм.
Биднийг яриагаа аваад амбулаторийн хэсэгт ирэхэд цайны цаг өнгөрөөд 20 минут болсон байлаа. Гэвч хаалга болгоны хажууд зэрэгцүүлж тавьсан хүлээлгийн сандал бүгд эзэнтэй харагдана. Мэс засал гэсэн хаяг хадсан эхний хаалганы завсраар шагайвал халзан толгойгоо хар эрээн алчуураар ороосон тамир муутай эмэгтэй, настай хөгшний гараас нь хөтлөн зөрлөө. Эмчээс орж болох уу хэмээн асуугаад өрөөнд орох үед залуу гурван эмч надтай зөрж гарсан эмэгтэйн талаар ярилцаж байлаа.
Бид залуу эмч нартай уулзаж өөрийн эрүүл мэнд, сэтгэл зүйг хэрхэн хамгаалдаг талаар асуухад "Мэс заслын эмч онцлог мэргэжил. Энэ мэргэжлийг анх сонгохдоо л эрсдэлтэй гэдгийг мэдэж байсан. Ажлын нөхцөл тэр чигтээ хортой. Унтуулгын бодисоос гарч байгаа хий хортой. Мөн үргэлж хүний өтгөн, шингэн, цустай холилддог учраас өвчтөнөөсөө өвчин авах тохиолдол ч байж болзошгүй гэж боддог. Үргэлж уур, бухимдал, гомдол тээсэн хүмүүстэй харьцдаг" хэмээв. Цалин багатай, ачаалал ихтэй, хортой нөхцөлд ажилладаг эмчийн ажлыг яагаад сонгосныг сонирхож асуухад "Тэр чухал биш ээ. Мэс заслын эмчид айдсын мэдрэмж байдаггүй юм шиг санагддаг" хэмээн нэг нь хариулахад бусад нь дэмжиж байлаа. Бид өглөө 08:00 цаг ажилдаа ирэх ёстой гэдгээ маш сайн мэддэг. Харин ажлаа тарах цагаа мэддэггүй. Зарим тохиолдолд шөнөжин хагалгаанд оролцож өглөө 07:00 цагт харьж хувцсаа сольчхоод буцаж ирэх үе ч байдаг гэсэн юм. Хорт хавдрын мэс засалч эмч хүнд хамгийн хэцүү нь юу байдгийг асуухад “Өвчтөн эцсийн мөчид эмчлэгч эмчдээ тал засахыг харах хамгийн хэцүү байдаг. Өөрийнх нь биеийн байдал сэтгэл эмтрэм байхад би зүгээр дээ гэж хэлээд, гунигтай нүдээр ширтэх л хамгийн их харууслыг үлдээдэг. Түүний оронд надад зүгээр л гомдсон нь дээр санагдаад байдаг” гэж хэлсэн нь сэтгэлд яг л зүү шиг шивж байлаа.
Нэг л тийм эрэмгий, зулын гол адил хувь тавилантай хүн бол эмч хүн аж. Бусдын амьдралд аз жаргал, баяр хөөрийг үлдээгээд өөрөө цэл залуугаараа бөхөж дууссан ХСҮТ-ийн эмч нарыг хайрлах, бахархах сэтгэл төрж байв.