Сүүлийн жилүүдэд Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн таргалалт маш эрчимтэйгээр нэмэгдсээр байгаа аж. Сургуулийн насны хүүхдүүдийн таргалалт эрчимтэй нэмэгдэж байгаагийн шалтгаан нөхцөл, таргалалтын хор уршгийн талаар НЭМҮТ-ийн судлаач Д.Энхмягмараас тодрууллаа.
-ЕБС-ийн хүүхдүүдийн таргалалт эрчимтэй нэмэгдэж байна гэдэг судалгаа гарсан байна. Энэ юутай холбоотой вэ?
-Аливаа улс орны хүн амын дундаж наслалт, эрүүл мэнд нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг. Ихэнх архаг өвчний суурь нь өсвөр наснаас тогтсон буруу зан үйлээс үүдэлтэй болохыг судлаачид нотолсон шүү дээ. Манай улсын хувьд хүн амын 25 орчим хувийг 5-19 насныхан буюу өсвөр үеийнхэн эзэлдэг. Өсвөр үеийнхний дунд байгаа таргалалт 2009 онд 9.1 хувь байсан бол 2013 онд 12.1 хувь болж огцом өссөн. Хамгийн сүүлд хийсэн “Монголын хүн амын хоол тэжээл” Үндэсний тавдугаар судалгааны дүнгээр 6-11 насны сурагчдын 28.6 хувь нь илүүдэл жин, таргалалттай байна гэдэг үр дүн гарлаа. Хүүхдүүдийн таргалалт эрчимтэй өсч байгаа нь эрүүл амьдралын хэвшил, эрүүл бус хүнсний хэрэглээ,, хөдөлгөөний идэвх хангалтгүй байгаатай холбоотой. Жишээлбэл, ЕБС-ийн сурагчдын дунд хийсэн судалгаагаар жимс, ногоог таван сурагч тутмын нэг нь, сүү цагаан идээг гурван сурагч тутмын нэг нь тогтмол хэрэглэдэг болох нь тогтоогдсон. Харин таргалалтад хамгийн их нөлөөлдөг хийжүүлсэн ундааг сурагчдын 66 хувь нь, пирожки, хуушуур гэх мэт түргэн хоолыг 55.1 хувь сургуулийн орчиндоо тогтмол хэрэглэдэг гэсэн сэтгэл зовоосон үр дүн гарсан.
-Таргалалт нэмэгдэж байгаад хөдөлгөөний идэвх бага байгаа нь нөлөөлж байна гэж та сая хэллээ. Энэ юутай холбоотой вэ?
-Хүүхдүүдийн хөдөлгөөний идэвх буурч байгаа нь телевиз, компьютер тоглоом, гар утасны хэрэглээ өссөнтэй холбоотой. Судалгаагаар нийт сурагчдын 25 хувь нь л өдөр бүр ядаж 60 минутын идэвхитэй хөдөлгөөн хийдэг гэсэн бол 75 хувь нь идэвхитэй хөдөлгөөн хийдэггүй болох нь тогтоогдсон.
-Сурагчдын дунд эрчимтэй нэмэгдэж байгаа таргалалтыг бууруулахын тулд цаашид яах ёстой вэ?
-Хэрэв одооноос ямар нэг хариу арга хэмжээ авахгүй бол таргалалт жил бүр нэмэгдсээр байх тооцоо гарсан. Хүүхэд, өсвөр үеийнхэнд зөв хооллох мэдлэг олгох, дадал эзэмшүүлэх нь гэр бүл, эцэг, эхийн онцгой үүрэг байх ёстой. Мөн төр, засгийн дэмжлэг, сургууль, анги хамт олон, найз нөхөд, эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудын хамтын оролцоотойгоор таргалалтын эсрэг үр дүнтэй тэмцэж чадна. Эхний ээлжинд хүүхдүүдийн сургуулийн орчин дахь хоол хүнсний эрсдэлтэй байдлыг бууруулах шаардлагатай байгаа. Сургуулийн орчин дахь хоол хүнсний эрсдэлтэй байдлыг судалж үзэхэд, буфетээр худалдаалж буй нийт 285 нэр төрлийн ундааны 240 буюу 85 хувь нь чихэр ихтэй, хийжүүлсэн ундаа байсан. Мөн “Үдийн цай”-гаар өгч буй бүтээгдэхүүний 40 орчим хувь нь “эрүүл бус хүнс”-ний ангилалд хамаарах бүтээгдэхүүнүүд болох нь тогтоогдсон. Хамгийн ноцтой нь сургуулийн ойр орчинд байгаа 1459 брэнд бүтээгдэхүүний зар сурталчилгааг илрүүлж судлахад тэдгээрийн 92 хувь нь “эрүүл бус” хоол хүнсний зар сурталчилгаа байсан.
-Таргалалт нь хүүхдийн ирээдүйд ямар аюул дагуулах вэ?
-Судалгаагаар хүүхэд насандаа таргалалттай, илүүдэл жинтэй байсан хүүхдүүдийн 50 хувь нь амьдралынхаа туршид тарган хэвээр үлддэг нь тогтоогдсон. Таргалалт нь стресс, зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин, ясны гэмтэл зэрэг маш олон өвчний суурь болдог. Иймд эцэг, эхчүүд хүүхдийнхээ биеийн жинд эртнээс анхаарал тавьж багаас амьдралын зөв хэвшилтэй болгож өсгөх ёстой.