Зам, тээврийн хөгжлийн яамны бүх өндөр албан тушаалтанд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн. Зарим нь өөрсдөө хүсэлтээрээ ажлаа өгсөн. Салбарт нь олон осол, хэрэг гарсан учраас ажлаа өгөх ёстой. Хариуцлагаа ч хүлээх ёстой байсан. Тэр ёсоор болсон. Тэгвэл бүхэл бүтэн яамны ажил саадгүй урагшлах ёстойг бодолцож дэд сайдыг яаралтай томилсон. Засгийн газрын хуралдаанаар ЗТХ-ийн дэд сайдаар Л.Халтарыг томилсон нь нүдээ олсон томилгоо болсон талаар энэ салбарынхан хэлж байна. Түүнийг жинхэнэ мэргэжлийн хүн гэх юм билээ. Намтрыг нь уншихад ч энэ салбарт хэчнээн жил ажилласан, тэр чиглэлээр мэргэжил эзэмшсэнийг нь харж болно.
Тэрбээр 1990 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Зам харилцааны их сургуулийг, төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Есөн жилийн дараа Эрхүү хотын зам харилцааны их сургуульд докторын зэрэг хамгаалсан аж. Салбартаа ажилласан нь сургуульд суралцахаасаа ч өмнө. 1983 оноос Улаанбаатар төмөр замын удирдах газарт ажилласан. 1990-1992 онд Улаанбаатар төмөр замын техникумд инженер багшаар ажиллаж байсан. Улаанбаатар төмөр замын ачиж, буулгах ангийн даргаас авахуулаад тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга хүртэл салбарынхаа бүх албыг хариуцсан туршлагатай нэгэн. Ийм л хүнийг мэргэжлийн гэж тодотгох ёстой юм. Түүнийг ажилдаа орох үед тэрний хүн, энэний “хөл” гэх хэл ам тойроогүй. Өөрөө ч хэн нэгний хөл, гарын хүн биш гэдгээ ажлаа авсан өдрөө л шударгаар хэлж, шийдэмгий ажиллахаа хэлсэн байсан. Зам тээврийн салбарт, тэр дундаа яаманд цүнх баригч биш мэргэжлийн хүн очсон нь сайшаалтай. Яваандаа л хэн нэгний хөл, гар болоод, ихэнх сайд, даргын замаар явчихгүй бол Төмөр замын салбар лав хөгжих байх.