ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Азийн мэргэн бууч

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-23

Индонезийн Жакарта хотноо болж буй Азийн зуны спортын 18 дугаар наадамд Монголын баг тамирчид тун амжилттай оролцож, эхний дөрвөн өдрийн дараах байдлаар гурван алтан медаль хүртээд байна.  Чөлөөтийнхний авсан хоёр алтан медалийн тоог буудлагын тамирчин Г.Нандинзаяа ахиулж, өчигдөр эмэгтэйчүүдийн 50 метрийн гурван байдлын  төрөлд 458.8 авч, түрүүллээ. Зүгээр ч нэг түрүүлээд зогсохгүй Азийн наадмын рекорд амжилтыг шинэчлэн тогтоож, хоёрт орсон Ч.Нарантуяагаас 7.4 оноогоор тасарсан.  Монголын үе үеийн мэргэн буучид олимп, дэлхий, тивийн тэмцээнээс медаль хүртсээр ирсэн. Харин Г.Нандинзаяа энэ удаагийн Азийн наадамд тодоор тэмдэглэгдэн үлдэх түүх бичиж байна. Тэрбээр 10 метрийн хийн урт бууны төрөлд хүрэл медаль хүртсэн.

Нэг наадмаас хоёр өөр дасгалд медаль авч чадлаа. Багийн төрөлд шигшээ наймд шалгарсан. Энэ удаагийн Азийн наадамд түүнийг давж буудах мэргэн бууч байсангүй.  Өнгөрсөн 2016 оны олимпийн наадамд оролцох эрхээ мэргэн буучдаас хамгийн түрүүнд авч, амжилттай оролцсон.  2013 онд Солонгост болсон Дэлхийн цомд гурван байдлаас 20 сум буудах дасгалд 565 онож, залуучуудын дэлхийн рекордыг шинэчилж байсан бахдам түүх ч түүнийх.  О.Гүндэгмаа гавьяатын амжилтыг давж гарах нөөц боломж түүнд байгаа. “Азийн олимп”-ын рекордыг шинэчилж түрүүлж чадсан хүнд 2020 оны олимпт аваргалах бүрэн боломжтой.  Токиогийн олимпын түүхэнд тодоор үлдэж, бөмбөрцгийн мэргэн бууч болохыг хүсэн ерөөе.